Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 262

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х, шүүгдэгч Х.Я, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, нарийн бичгийн дарга М.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Зах Уул овогт Х-гийн Яыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910012140173 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 682 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 10 дугаар захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 08 сар 17 хоногийн хорих ялыг хасч ялаас чөлөөлөгдсөн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 313 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснааар 03 жил хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон, бие эрүүл, ухаан бүрэн, З- овогт Х-гийн Я /РД: 00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч Х.Я нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн их сургуулийн хажууд компьютер тоглоомын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр Г.М-ын зүүн гуя руу төмрөөр хатгаж шарх гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х: “...Манай хүүхэд гуяндаа хатгуулаад орж ирсэн, тэгээд аавтай нь ярьж байгаад цагдаад өргөдөл өгсөн, одоогоор биеийн эрүүл мэнд хэвийн болсон, ямар ч байсан насанд хүрээгүй хүүхдэд гэмтэл учруулсан гэмт хэргийг шүүх яаж шийддэгийг харах гэж л өнөөдрийн шүүх хуралдаанд ирсэн, өөр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Х.Я: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг гаргахгүй, тухайн компьютер тоглоомын газар миний өөдөөс том том дуугараад байхаар нь гуя руу нь төмрөөр хатгасан, тэр төмөр нь компьютер тоглоомын газрын ширээн дээр байсан, анх бол айлгах санаатай л төмрийг авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир хохирол төлөөгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Насанд хүрээгүй хохирогч Г.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн их сургуулийн хажуугийн компьютер тоглоомын газар тоглож байхад зүс таних ах орж миний зүүн гуя руу үзүүртэй зүйлээр хатгасан, тэгээд би тэндээсээ гараад шууд гэртээ ирж ээж, аавдаа хэлсэн, аав, ээж хоёр цагдаад хандсан...” /хх-ийн 16-17, 18-20/ гэсэн,

 

Шүүгдэгч Х.Я мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр манай найз Сэргэлэнбаатар бид хоёр уулзаад Зайсангийн Хөдөө аж ахуйн их сургуулийн багш ажилчдын байрны орчим нэг шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд Сэргэлэнбаатар бид хоёр тэндээсээ Хөдөө аж ахуйн их сургуулийн хажууд байрлах компьютер тоглоомын газар орсон. Би цахим тоглоомын газрын эзнээс 10,000 төгрөг зээлж аваад байж байхад зүс таних манай дүүтэй хамт тоглодог байсан эрэгтэй хүүхэд байхаар нь дүү гэртээ хариач гэж хэлэхэд өөдөөс юм яриад байсан. ...Уур хүргэсэн юм ярихаар нь ширээн дээр байсан нарийнхан төмрөөр айлгах санаатай гуя руу хатгасан чинь тэр хүүхэд ёолоод тоглоомын газраас гараад явсан...” /хх-ийн 68-71/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №5931 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Г.М-ын биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 30-26/ гэсэн дүгнэлт,

- Өргөдөл /хх-ийн 12/,

- Шүүгдэгч Х.Яын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 39-40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/,  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 76-87/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Х.Ят холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Х.Я нь 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн их сургуулийн хажууд компьютер тоглоомын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр насанд хүрээгүй Г.М-ын зүүн гуя руу төмрөө хатгаж шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Г.М-ын “...2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн их сургуулийн хажуугийн компьютер тоглоомын газар тоглож байхад зүс таних ах орж миний зүүн гуя руу үзүүртэй зүйлээр хатгасан, тэгээд би тэндээсээ гараад шууд гэртээ ирж ээж, аавдаа хэлсэн...” /хх-ийн 16-17/ гэсэн, шүүгдэгч Х.Яын “...Би цахим тоглоомын газрын эзнээс 10,000 төгрөг зээлж аваад байж байхад зүс таних манай дүүтэй хамт тоглодог байсан эрэгтэй хүүхэд байхаар нь дүү гэртээ хариач гэж хэлэхэд өөдөөс юм яриад байсан. ...Уур хүргэсэн юм ярихаар нь ширээн дээр байсан нарийнхан төмрөөр айлгах санаатай гуя руу хатгасан чинь тэр хүүхэд ёолоод тоглоомын газраас гараад явсан...” /хх-ийн 68-71/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №5931 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Г.М-ын биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 30-26/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Насанд хүрээгүй хохирогч Г.М-ын биед учирсан “...биед зүүн гуянд шарх гэмтэл...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Х.Яын түүний гуянд төмрөөр хатгаснаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Х.Яын насанд хүрээгүй хохирогч Г.М-ын зүүн гуянд нарийн төмрөөр хатгаж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Ят Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Х.Я нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.М-ын эрүүл мэндэд зүүн гуянд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд оролцсон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Х.Яын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, түүний ажил хөдөлмөр эрхлэлт зэргийг харгалзан түүнд хуульд зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор заажээ.

Шүүгдэгч Х.Я нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 313 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснааар 03 жилийн хорих ялаар шийтгүүлж /хх-ийн 81-84/, уг ялаа эдэлж байгаад Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 27 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон /хх-ийн 86-87/ бөгөөд уг хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дуусахаар байхад 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ял дээр нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэхээр заасан бөгөөд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 27 хоногийн ял дээр нэмж түүний нийт биечлэн эдлэх ялыг тогтоож уг ялыг нээлттэй хорих байгууллагаад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1910012140173 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Х.Я нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, насанд хүрээгүй хохирогч Г.М-, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Х нараас гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Х-гийн Я-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-гийн Я-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Я-ын Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 313 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 /арав/ сар 27 /хорин долоо/ хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон сольж 30 /гуч/ хоногийн хорих ялыг нэмж, шүүгдэгч Х.Яын нийт биечлэн эдлэх ялыг 11 /арван нэг/ сар 27 /хорин долоо/ хоногийн хорих ялаар тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Я-т оногдуулсан 11 /арван нэг/ сар 27 /хорин долоо/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн 1910012140173 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Х.Я нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, насанд хүрээгүй хохирогч Г.М-, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Х нараас гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Ят урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Я-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР