Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 265

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч П.Энхболд, хохирогч Б.Д-, түүний өмгөөлөгч С.Д-, Ө.Оргил, гэрч Ч.Ганчимэг, шүүгдэгч Э.Х-, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б- овогт Э-гийн Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910024660106 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, 5-14 насны гурван хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б- овогт Э-гийн Х- /РД: 000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Х- нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Б.Д-гаас өөртөө байр авах гэсэн юм, байрны урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа буцаагаад өгье гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмнө нь таньдаг байсан итгэлийг урвуулан ашиглаж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 35,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

Хохирогч Б.Д-: “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Э.Х- яриад байр авах гэсэн юм, урьдчилгаа хэрэг болоод байна, 35 сая төгрөг зээлээч гэхээр нь тус болчихьё гээд нөхөртэйгөө ярихад нөхөр Э.Х-тай ярьсан. Тэгээд зээл нь яг бүтэх үү гэж манай нөхөр ярьж байсан, манай нөхөр Э.Х-д мөнгө өгөх дургүй байсан, би тус болчихьё гээд зээлэхээр болсон, 35,000,000 төгрөгийг 5-7 хоногийн хугацаатай Э.Х-д зээлсэн. Тэгээд 12 сар гарсан, зээлсэн мөнгөө өгөөгүй, тэгэхээр нь зээлийн гэрээ байгуулья гээд Э.Х-тай зээлийн гэрээ байгуулсан. Э.Х- надад утсаар яриад “би банкны хар дансанд орчихсон байна” гэж хэлэхээр нь би Э.Х-г худлаа хэлж байна гэж бодсон. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Э.Х- надтай яриад 6 сая төгрөг олчихлоо гээд шилжүүлсэн, маргааш нь буюу 11-ний өдөр дахиад надад 14,5 сая төгрөгийг шилжүүльё гээд өгснийг нь авсан, байнга мэссэжээр харьцаж байсан, сүүлдээ Э.Х- утсаа ч авахаа больсон. Тэрнээс хойш худлаа яриад намайг залилчихлаа гэж бодсон, Ч.Ганчимэг байр авна, мөнгө зээлээч гэсэн бол нөхөр бид хоёр мөнгө зээлэхгүй байсан. Үлдэгдэл 14,5 сая төгрөгийг нэхэмжилж байна, ер нь өдий болтол явсанд гомдолтой, мөнгөө авчихвал залуу хүнийг яах вэ гэж бодсон. Үлдэгдэл төлбөр төлөх талаар ямар нэг санаачилга гаргаагүй, ямар нэг гарц хэлээгүй, энэ хүнд их итгэж өгсөн, тухайн үед Монголын маркетингийн холбоонд ажиллаж байсан учир цэвэр итгэлцэл дээр өгсөн...” гэв.

 

Гэрч Ч.Ганчимэг: “...Э.Х- бид хоёрын хооронд зээлийн асуудал байсан, надаас 130 сая төгрөгийн зээлсэн, би тэр 130 сая төгрөгийн зээлийг хүнээс авч өгсөн, сард 1? сая төгрөгийн хүү төлдөг, тэгээд Э.Х- банкнаас бага хүүтэй зээл авч 130 сая төгрөгийн зээлийг хаагаад банкинд арай бага хүү төльё гээд хүнээс 35 сая төгрөг олж өгсөн. Тэр мөнгөнөөс 10 сая төгрөгийг өмнө авсан зээлийн хүүнд өгсөн. Монгол банкны хар дансанд орсон гээд зээл бүтээгүй, би хүнээс мөнгө зээлсэн байсан тэр мөнгө нэхэгдэхээр нь Э.Х-гийн өгсөн мөнгөнөөс үлдэгдэл 25 сая төгрөгийг төлсөн. Э.Х- надад мөнгө өгөх ёстой, би Э.Х-д мөнгө өгөх ёсгүй. Байрны зээлэнд 130 сая төгрөг банкнаас авах гэж байсан, дундын данс гэж ямар ч мөнгө байршуулаагүй...” гэв.

 

Шүүгдэгч Э.Х-: “...Б.Д- эгчтэй 3 жилийн турш хамтарч ажиллаж байсан, тухайн үйл явдал дээр сайн найз нөхөд, хуурай эгч дүүс болсон, ер нь сайхан харилцаатай байсан, байрны зээл авахад урьдчилгаанд 30 хувийг төлсөн байх ёстой гэсэн шаардлагыг банкнаас тавьсан байсан, байрны урьдчилгааны мөнгийг банкнаас ямар дансанд байршуул гэснийг мэдэхгүй байна, зээл авах гэж байсан нь үнэн. Тухайн мөнгийг Ч.Ганчимэг байрны урьдчилгаанд биш хүмүүс рүү шилжүүлнэ гэж би мэдээгүй. 2018 оны 11 дүгээр сард Ч.Ганчимэг байрны зээл хөөцөлдөнө гэж байсан, тэгээд зээл гарангуут буцааж өгнө гэж байсан. Тухайн үед Б.Д- эгч, Б.Нямдорж ах хоёр мөнгө өгөх боломжтой гээд надад мөнгө зээлэхээр нь би Ч.Ганчимэг рүү шилжүүлсэн, банкны мөнгийг дансанд шилжүүлээд зээл авна гэж тохирч ойлгосон байсан. Зээл хөөцөлдөж байхад асуудал үүссэн, зээл бүтэхгүй болсон, тухайн үед болж байсан бүх зүйлийг Б.Д- эгчид хэлж байсан. 2019 оны 1 дүгээр сард 14,500,000 төгрөг өгснийг нь Б.Д- эгчид өгсөн, захирлаасаа 6,000,000 төгрөг зээлээд мөн Б.Д- эгчид өгсөн, үүнээс хойш холбоо барьж чадаагүй. Нийтдээ 20,5 сая төгрөг шилжүүлсэн. Ч.Ганчимэг бид хоёрын дунд ямар нэгэн мөнгөний асуудал, миний зүгээс Ч.Ганчимэгт өглөг байхгүй, байрны урьдчилгаанд зориулж, тухайн өдөртөө 2 удаагийн гүйлгээгээр Ч.Ганчимэг рүү шилжүүлсэн...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 10 дугаар сарын үеэс Э.Х-г таньдаг болсон. Тухайн үед Э.Х- нь “Эрдэнэт фүүдс” ХХК-ийн маркетинг албаны даргаар ажиллаж байсан бөгөөд тухайн газраас бараа авдаг байсан учир таньдаг болсон. Тухайн үеэс хойш хамтарч ажиллаж байгаад Э.Х- нь дээрх ажлаасаа гарсан бөгөөд үүнээс хойш утсаар болон фэйсбүүк чатаар холбоотой байдаг байсан. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө Э.Х- нь над руу залгаад би байр авах гэж байгаа юм банкинд зээл судлуулж байгаа, бараг бүтэж байгаа, байрны урьдчилгаанд 35,000,000 төгрөг хэрэг болоод байна, та 5 хоногийн хугацаатай 35,000,000 төгрөг зээлээч гэж гуйхаар нь би нөхөртэйгээ ярилцаж байгаад зөвшөөрөөд тухайн өдрөө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ривер гарден хотхонд байрладаг Хаан банкинд орж өөрийнхөө 5069232288 тоот данснаас Э.Х-гийн 5029387455 тоот данс руу 35,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд хэлсэн 5 хоног өнгөрөхөөр нь Э.Х-тай ярихад банк зээлийг маань судалж байна, жаахан хүлээгээч гэсэн, 35,000,000 төгрөгөө дундын дансанд байршуулсан байгаа гэж хэлж байсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 15-ны үеэр би Э.Х- руу залгахад зээл бүтэхээ больчихлоо, би Монгол банкны хар дансанд орчихсон юм байна, байр авах хүнтэйгээ ярьж байгаад данснаас нь мөнгө гаргаж аваад тань руу шилжүүлнэ гэсэн.  Тэгээд үүнээс хойш байнга ярьж байсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 10-нд надруу 6,000,000 төгрөг, 11-нд 14,500,000 төгрөг тус тус шилжүүлсэн, үүнээс хойш огт мөнгө шилжүүлээгүй, өгнө гэж хэлж явсаар өдийг хүрсэн.

...Ч.Ганчимэг гэх хүнийг танихгүй, мэдэхгүй, Э.Х- бид хоёрыг нүүрэлдүүлэн байцаах үед тэр хүний нэрийг сонссон...” /хх-ийн 16-17, 18-19/ гэсэн,

 

Гэрч Б.Нямдорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Анх 35,000,000 төгрөг зээлж авах үедээ хүүтэй зээлчих гэж хэлэхээр нь манай эхнэр бид хоёр таньж мэддэг, байнга харилцаатай байдаг залуу хүн гэр орон сууцтай болох гэж байхад хэд хоногийн хугацаанд хүү тооцоод хэрэггүй, 5 хоногтоо багтаагаад буцаагаад өгчихөөрэй гэж хэлсэн юм. Тэгээд л 35,000,000 төгрөг өгсөн. Анх 35,000,000 төгрөгийн байрны урьдчилгааны төлбөрт өгөөд зээл бүтэхээр буцаагаад өгье гэж хэлээд авсан юм...” /хх-ийн 26, 29-30/ гэсэн,

Гэрч Ч.Ганчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Э.Х- надаас 130 сая төгрөгийг сарын 10 сая төгрөгийн хүүтэй нэг сарын хугацаатай авсан. Би тухайн мөнгийг хүнээс авч өгсөн, тэгээд Э.Х-д өгсөн чинь сарын дараа мөнгөө өгөөгүй бөгөөд хүүгээ өгөөд яваад байсан. Тэгээд уг мөнгийг Э.Х- төлөх ёстой, 2018 оны 11 дүгээр сард хүнээс 35,000,000 төгрөг аваад 10,000,000 төгрөгийг нь дээрх мөнгөний хүүнд өгөөд 25,000,000 төгрөгийг байрны урьдчилгаанд өгөөд 130,000,000 төгрөг гаргаад сарын 10,000,000 төгрөгийн хүүтэй авсан мөнгийг төлөөд банкинд арай бага хүү төлөх зорилгоор зээл хөөцөлдсөн. Тэгтэл орлого нотлох бичиг баримтууд удсан, энэ хооронд 25,000,000 төгрөгийн авлагатай хүн мөнгөө нэхэхээр нь өгчихсөн юм. Миний хувьд Э.Х-гаас 130,000,000 төгрөг авах ёстой, үүнээс гадна 35,000,000 төгрөгийг Э.Х- 130,000,000 төгрөгийн өрийг дарахын тулд хүнээс авсан. Хэрэв Э.Х- 130,000,000 төгрөгийг надад өгвөл би 35,000,000 төгрөгийг өгнө. Тэгэхээр 35,000,000 төгрөгийг Э.Х- өөрөө төлөх ёстой...” /1-р хх-ийн 25, 27/ гэсэн,  

Гэрч Н.Мөнхзаяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкинд манай ээж аав хоёр надтай хамт орсон. Ээж Б.Д- Э.Х- байрны урьдчилгаа 35,000,000 төгрөг зээлээч гээд байна, зээл хойшилчихлоо 7 хоногийн дараа гэхэд өгнө гэж байна зээл нь 7 хоногийн дараа гэхэд бүтнэ гэж байна гэхээр нь би Э.Х-г  мэддэг болохоор та хоёр өөрсдөө мэд гэж хэлсэн...” /хх-ийн 31/ гэсэн,

Шүүгдэгч Э.Х- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Б.Д- эгчээс ямар нэг байдлаар залилж мөнгө төгрөг авсан зүйл огт байхгүй. Зээлж авсан 35,000,000 төгрөгнөөс 20,500,000 төгрөгийг буцааж өгсөн, одоо үлдэгдэл мөнгийг удахгүй өгнө. Зээлж авсан мөнгөө буцааж өгөлгүй хугацаа алдсан нь үнэн. Зээлийн гэрээг 2019 оны 12 дугаар сард 35,00,000 төгрөгийн зээлийн гэрээгээр баталгаажуулж өгсөн. Үүнээс хойш би 20,500,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл 14,500,000 төгрөгийг өгөлгүй хугацаа алдаж байгаа. ...Тухайн үед би өөрөө байр авах гэж банкинд хандсан зүйл байхгүй, тэр мөнгийг найз Ч.Ганчимэгт шилжүүлж өгсөн. ...Ч.Ганчимэг бас нэг хүний данс руу шилжүүлж өгсөн гэж хэлсэн...” /хх-ийн 40-41/ гэсэн мэдүүлгүүд,

- Зээлийн гэрээ /хх-ийн 11-13/,

- Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцааж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн19-20/,

- Хаан банкны дансны хуулга /хх-ийн 28, 32/,

- Хохирогч Б.Д-гийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 73-83/,

- Хаан банкны албан бичиг /хх-ийн 85/,

- Шүүгдэгч Э.Х-гийн хувийн байдалтай холбоотой гэрч Т.Сарнайгийн мэдүүлэг /хх-ийн 33/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 63-65/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 66/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 67/, гэрлэлт бүртэлгүй тухай лавлагаа /хх-ийн 68/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 69/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 70/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Э.Х- нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Б.Д-гаас өөртөө байр авах гэсэн юм, байрны урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа буцаагаад өгье гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Д-гаас 35,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Д-гийн “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө Э.Х- над руу залгаад би байр авах гэж байгаа юм, банкинд зээл судлуулж байгаа, бараг бүтэж байгаа, байрны урьдчилгаанд 35,000,000 төгрөг хэрэг болоод байна, та 5 хоногийн хугацаатай 35,000,000 төгрөг зээлээч гэж гуйхаар нь би нөхөртэйгээ ярилцаж байгаад зөвшөөрөөд тухайн өдрөө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ривер гарден хотхонд байрладаг Хаан банкинд орж өөрийнхөө 5069232288 тоот данснаас Э.Х-гийн 5029387455 тоот данс руу 35,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд хэлсэн 5 хоног өнгөрөхөд нь Э.Х-тай ярихад банк зээлийг маань судалж байна, жаахан хүлээгээч, 35,000,000 төгрөгөө дундын дансанд байршуулсан байгаа гэж хэлж байсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 15-ны үеэр би Э.Х- руу залгахад зээл бүтэхээ больчихлоо, би Монгол банкны хар дансанд орчихсон юм байна, байр авах хүнтэйгээ ярьж байгаад данснаас нь мөнгө гаргаж аваад тань руу шилжүүлнэ гэсэн. Тэгээд үүнээс хойш байнга ярьж байсан бөгөөд над руу 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 6,000,000 төгрөг, 11-ний өдөр 14,500,000 төгрөг шилжүүлсэн, үүнээс хойш огт мөнгө шилжүүлээгүй, өгнө гэж хэлж явсаар өдийг хүрсэн. ...Ч.Ганчимэг гэх хүнийг танихгүй, мэдэхгүй...” /хх-ийн 16-17, 18-19/ гэсэн, гэрч Ч.Ганчимэгийн “...Миний хувьд Э.Х-гаас 130,000,000 төгрөг авах ёстой, үүнээс гадна 35,000,000 төгрөгийг Э.Х- хүнээс авсан бөгөөд дээрх өрийг дарах гээд 35,000,000 төгрөгийг авсан. Хэрэв Э.Х- 130,000,000 төгрөгийг надад өгвөл би 35,000,000 төгрөгийг өгнө. Тэгэхээр 35,000,000 төгрөгийг Э.Х- өөрөө төлөх ёстой...” /1-р хх-ийн 25, 27/ гэсэн,  гэрч Б.Нямдоржийн “...Анх Э.Х- 35,000,000 төгрөг зээлж авах үедээ хүүтэй зээлчих гэхээр нь манай эхнэр бид хоёр байнга харилцаатай, таньдаг залуу хүн орон сууцтай болох гэж байхад хэд хоногийн хугацаанд хүү тооцоод хэрэггүй, 5 хоногтоо багтаагаад буцаагаад өгчихөөрэй гэж хэлээд 35,000,000 төгрөг өгсөн. Анх 35,000,000 төгрөгийн байрны урьдчилгааны төлбөрт өгөөд зээл бүтэхээр буцаагаад өгье гэж хэлээд авсан юм...” /хх-ийн 26, 29-30/ гэсэн, гэрч Н.Мөнхзаяагийн “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкинд манай ээж аав хоёр надтай хамт орсон. Ээж Б.Д- Э.Х- байрны урьдчилгаа 35,000,000 төгрөг зээлээч гээд байна, зээл хойшилчихлоо, 7 хоногийн дараа өгнө, зээл 7 хоногийн дараа гэхэд бүтнэ гэж байна гэхээр нь би Э.Х-г  мэддэг болохоор та хоёр өөрсдөө мэд гэж хэлсэн...” /хх-ийн 31/ гэсэн, шүүгдэгч Э.Х-гийн “...Тухайн үед би өөрөө байр авах гэж банкинд хандсан зүйл байхгүй, тэр мөнгийг найз Ч.Ганчимэгт шилжүүлж өгсөн. ...Ч.Ганчимэг бас нэг хүний данс руу шилжүүлж өгсөн гэж хэлсэн...” /хх-ийн 40-41/ гэсэн мэдүүлгүүд, зээлийн гэрээ /хх-ийн 11-13/, хохирогч, гэрчийг нүүрэлдүүлэн байцааж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн19-20/, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 28, 32/, хохирогч Б.Д-гийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 73-83/, Хаан банкны албан бичиг /хх-ийн 85/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь өмчлөгчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар илэрч өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэх бөгөөд шүүгдэгч Э.Х-гийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Х-г “...бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмнө нь таньдаг байсан итгэлийг урвуулан ашиглаж, үлэмж хэмжээний хохирол учруулсан...” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Х- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх үзэв.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Э.Х-г хуурч, бусдын эд хөрөнгийг залилсан гэснийг орхигдуулж бичсэнийг шүүх хуралдаанаар зөвтгөх нь шүүгдэгч Э.Х-д холбогдох залилах гэмт хэргийн зүйлчлэл болон бусад байдалд нөлөөлөхгүйн дээр энэ нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Х-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Х-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д-гийн эд хөрөнгөд 35,000,000 төгрөгийн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь 20,500,000 төгрөгийг хохирогч Б.Д-д төлсөн, шүүхийн шатанд шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлөхөөр шүүх хуралдааныг завсарлууж, энэ хугацаанд үлдэх 14,500,000 төгрөгийг хохирогчид төлсөн бөгөөд энэ талаар шүүгдэгч, хохирогч хэн аль маргаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Д- шүүгдэгч Э.Х-гаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Э.Х- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн бага насны гурван хүүхдийн хамт амьдардаг ар гэрийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж, уг ялыг ялтны ажил эрхлэлтийн байдал, цалин, орлого олох бололмжийг харгалзан хуульд заасны дагуу 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1910024660106 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Х- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Д- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, энэ хэрэгт Ч.Ганчимэг хамааралтай учир шалгуулах, мөн нэр бүхий хүмүүсийг гэрчээр асуулгахаар гаргасан хүсэлтийг шүүх шүүгдэгч Э.Х-г гэм буруутайд тооцсон дээрх үндэслэлээр хүлээн аваагүйг тэмдэглэх нь зүйтэй.

  

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2020 оны 102 дугаартай яллах дүгнэлтийн Тогтоох хэсэгт “Э.Х- нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Б.Д-гаас өөртөө байр авах гэсэн юм, байрны урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа буцаагаад өгье гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмнө нь таньдаг байсан итгэлийг урвуулан ашиглаж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 35,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэснийг “Э.Х-г хуурч, бодит байдлыг нуух замаар будсыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилсан” гэж өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Б- овогт Э-гийн Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар будсыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-гийн Х-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Х-д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Х-д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгуулийн ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн 1910024660106 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Х- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.Д- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР