| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0272/Э |
| Дугаар | 268 |
| Огноо | 2020-04-29 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 268
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Т.Г, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С овогт Т-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010000740219 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, С овогт Т-ийн Г /РД: 0000000000 /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Г нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, З дугаар хэсгийн 4 дүгээр гудамжны 450 тоот хашааны гадна байсан П.А-гийн эзэмшлийн 53-21 УНӨ улсын дугаартай Toyota runx загварын тээврийн хэрэгслийн урд, хойд болон хаалганы шилийг хууль бусаар хагалж, гэмтээн бусдад 540,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Т.Г: “...Ш.Цэрэндашийн дүү Энхбаяр манай нөхрийн цалинг өгөлгүй олон сар болсон, би хүүхдийнхээ төлбөрийг төлөөгүй хэцүү байсан. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шинэ жил болох гэж байна гээд нөхөртэйгөө хамт нэг шил архи хувааж уусан, Ш.Цэрэндашийн гадаа машин ирсэн, гэрт хүмүүс ирсэн байхаар нь нөхөртөө Энхбаяр ирсэн байж магадгүй, орж уулзаад мөнгөө ав гэж хэлээд оруулахад “баахан хүмүүс ирээд архидаж байна, хүүхнүүд ирчихсэн хашгираад байна” гээд эргээд ороод ирэхээр нь би гэрт нь ороход Ш.Цэрэндаш танай нөхөрт хэлсэн биз дээ гээд намайг түлхэхээр нь гэрээс нь гарч, өөрийнхөө гэрээсээ лоом төмрийг авчраад машины цонхыг нь хагалчихсан, уур хүрээд тэсэж чадсангүй, өөрөө өөртөө бухимдаад ийм зүйл болчихлоо, миний буруу. Хохиролд гарсан 540,000 төгрөгийг төлсөн. Торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү, хувиараа юм оёдог, зун ногооны ажил хийдэг учир торгуулийн ялыг төлөх боломжтой...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч П.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ...нэг танихгүй эмэгтэй манай машины бүх цонхыг лоомоор хагалсан гэсэн. Тэнд байдаг Энхцэцэг гэдэг хүн бие засах гэж гараад харсан байсан...” /хх-ийн 10-11, 12-13/ гэсэн,
Гэрч Н.Энхсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ...Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр хэсгийн 80 тоотод өөрийн машинтайгаа ирсэн. Тэгээд тээврийн хэрэгслээ Ш.Цэрэндашийн гэрийн гадаа үлдээгээд гэрт орсон. Тэр үед гаднаас зүс таних 50 орчим насны эгч, нөхөртэйгөө согтуу орж ирээд нэг хүний нэр хэлээд асуугаад байсан. Ш.Цэрэндаш тэр хүнийг нь байхгүй байна гэхэд явахгүй суугаад байсан. Тэгээд З.Энхцэцэг тэр эгчид асуусан хүн чинь байхгүй байна гэхэд уурлаад гараад явсан. Тэгээд З.Энхцэцэг бие засах гэж гарснаа буцаж орж ирээд таны машины цонхыг хагалаад байна гэхээр нь гарч харахад нөгөө эгч гартаа лоом барьчихсан миний машины бүх шилийг хагалсан...” /хх-ийн 16-17/ гэсэн,
Гэрч З.Энхцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би Н.Энхсайхан ахтай хамт Ш.Цэрэндашийн гэрт очсон, гэрт ороод байж байхад гаднаас ...нэг эрэгтэй согтуу ...эхнэртэйгээ хамт орж ирээд бид нар руу танай хорооныхон энд ингээд цугларчихдаг юм уу гээд хэрүүл хийгээд байхаар нь одоо боль, боль гээд гаргаад явуулсан. Тэр хоёрыг гарснаас хойш 30 орчим минутын дараа гараад бие засаж байхад хашааны гадна шил дуугарахаар нь гарч харахад орж ирсэн хоёр хүний эмэгтэй нь лоом барьчихсан Н.Энхсайхан ахын машины цонхыг хагалж байсан...” /хх-ийн 19-20/ гэсэн,
Гэрч Ш.Цэрдэндаш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ...Цэцэг-Өлзий эхнэртэйгээ хамт орж ирээд гарсан. Тэр хоёрыг орж ирэхээр нь би хамт олонтойгоо байна, гар гэж хэлсэн. ...Тэрний дараа З.Энхцэцэг бие засах гэж гарснаа ...гадаа машины цонхыг хүн хагалаад байна гэж хэлсэн...” /хх-ийн 22-23/ гэсэн,
Шүүгдэгч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 30-ны ...орой нөхөр Цэцэг-Өлзийгийн хамтаар Ш.Цэрэндашийн гэрч орсон. ...Би ороод Энхээг асуусан, ...хөөж туугаад доош нь хийгээд байхаар нь уур хүрээд гараад явсан. Тэгээд архины халуундаа уур хүрээд гэрээсээ лоом төмөр аваад Ш.Цэрэндашийн хашааны гадна байсан нэг машины шилийг бүгдийг нь хагалчихсан...” /хх-ийн 32-34/ гэсэн мэдүүлгүүд,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-8/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 9/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25/,
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 39/,
- Шүүгдэгч Т.Гын хувийн байдалтай холбоотой гэрч Ц.Оч-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 21/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 37/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Т.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Т.Г нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, З дугаар хэсгийн 4 дүгээр гудамжны 450 тоот хашааны гадна байсан П.А-гийн эзэмшлийн 53-21 УНӨ улсын дугаартай Тоёото РанИкс загварын тээврийн хэрэгслийн урд, хойд болон хаалганы шилийг хууль бусаар хагалж, гэмтээн бусдад 540,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.А-гийн “...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ...танихгүй эмэгтэй манай машины бүх цонхыг лоомоор хагалсан, тэнд байдаг З.Энхцэцэг гэдэг хүн бие засах гэж гараад харсан байсан...” /хх-ийн 10-11, 12-13/ гэсэн, гэрч Н.Энхсайханы “...З.Энхцэцэг бие засах гэж гараад буцаж орж ирээд таны машины цонхыг хагалаад байна гэхээр нь гарч харахад нөгөө эгч гартаа лоом барьчихсан миний машины бүх шилийг хагалсан...” /хх-ийн 16-17/ гэсэн, гэрч З.Энхцэцэгийн “...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ...бие засаж байхад хашааны гадна шил дуугарахаар нь гарч харахад орж ирсэн хоёр хүний эмэгтэй нь лоом барьчихсан Н.Энхсайхан ахын машины цонхыг хагалж байсан...” /хх-ийн 19-20/ гэсэн, гэрч Ш.Цэрдэндашийн “...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ...Н.Энхцэцэг бие засах гэж гарснаа ...гадаа машины цонхыг хүн хагалаад байна гэж хэлсэн...” /хх-ийн 22-23/ гэсэн, шүүгдэгч Т.Гын “...2019 оны 12 дугаар сарын 30-ны ...архины халуундаа уур хүрээд гэрээсээ лоом төмөр аваад Ш.Цэрэндашийн хашааны гадна байсан нэг машины шилийг бүгдийг нь хагалчихсан...” /хх-ийн 32-34/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-8/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 9/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 39/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Г-ыг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч П.А-гийн эд хөрөнгөд 540,000 /хх-ийн 24-25/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан хохирогч П.А- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 12-13/ гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Т.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, насны байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй зэргийг харгалзан шүүгдэгч Т.Гуртвантамирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 2010000740219 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1.20 метр урттай төмөр лоом 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комиист даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.А- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Т-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ийн Г-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Г-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1.20 метр урттай төмөр лоомыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн 2010000740219 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч П.А- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР