Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 441

 

 

 

 

 

2020         03      17                                     2020/ШЦТ/441

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ

улсын яллагч: Ц.Ганцэцэг

хохирогч: Х.С

шүүгдэгчийн  өмгөөлөгч :  Ц.Эрдэнэбат

шүүгдэгч: Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Дөш овогт Хуваадайн Тунгалагт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906070900272 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дөш овогт Хуваадайн Тунгалаг, 1980  оны 8 дугаар  сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 7-53  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ПЮ80082760,

           Холбогдсон хэргийн талаар:

          Х.Т нь бусдын сүсэг бишрэлийг далимдуулах замаар хохирогч Х.Саас үр хүүхэдтэй болгож өгөх засал хийнэ, 45 бодоор тооцож 45.000.000 төгрөгийг өглөг барьц өг, засал дуусахаар буцааж мөнгийг чинь өгнө гэж хуурч 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 5 сая төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 22 сая төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хайрханы 7-53 тоотод гэртээ бэлнээр, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 18 сая төгрөгийг өөрийн ХААН банкны 5863019468 тоот дансаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-ээс шилжүүлэн авч бусдад 45 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Х.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч над руу 18.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл хохирогчийн найз Энхжаргал надаас иргэний шүүхээр 18.000.000 төгрөгийг нэхэмжилсэн ба тухайн мөнгөнөөс би төлж байна. Би хохирогчид “засал хийж өгнө” гэж хэлээд тус мөнгийг авсан. Миний үзмэрт хохирогчийн нөхөр нь болохгүй харагдсан. Энхжаргал надад дээр 2 жилийн өмнөөс ирж үзүүдлэг байсан учир хохирогчийн над дээр дагуулж ирсэн. Би авсан мөнгөө хугацаанд нь буцааж өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би цаашид хохирлыг төлнө. Энхжаргал нь манай нутгийн хүн. Өнөө маргаашдаа мөнгийг өгөх боломжгүй ч цаашид хүмүүсээс авлагатай учир авлагаа авч хохирлыг төлнө. Би хохирогчоос эхлээд 5.000.000 төгрөг дараа нь 18.000.000 төгрөгийг авсан. Би залилан мэхэлж мөнгө аваагүй, харагдсан зүйлээ хэлсэн. Энхжаргалын хүүхэд болохгүй байсан. Энхжаргал миний данс руу Сэржмядагийн данснаар мөнгө шилжүүлсэн гэдгийг дараа нь мэдсэн гэв.  

  Хохирогч Х.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Манай нөхрийн нутгийн хүн Тунгалаг байсан. Би нутгийн хүмүүсээс Тунгалагийн талаар сонсоод очсон. Би олон жил эмнэлгээр хүүхэдтэй болох гэж үзүүлж явсан ч хүүхэдтэй болоогүй. Тунгалагтай холбогдоход мэссэжээр нэр, жилээ явуул гэхээр нь би явуулсан. Хэд хоногийн дараа над руу залгаад “чамайг удмын бөө дагаад байна” гэж хэлсэн. Би тэр өдрийнхөө орой Энжаргалын хамт шүүгдэгчийн гэрт очсон. Намайг үзээд “засал ном хийлгэ, хийлгээд бүх юм сайхан болно” гэж хэлсэн. Засал хийхэд эхний ээлжинд 27 бодоор тооцно гэж хэсэн. Надад 5.000.000 төгрөг байсан учир энэ талаараа хэлэхэд “байгаа мөнгөө аваад ир” гэж хэлсэн. Тэр оройноо би Энжаргалыг дагуулаад шүүгдэгчийн гэрт очиход засал ном хийх үедээ “ерөөсөө болохгүй байна, бодныхоо тоог нэм” гэж хэлсэн. Би зөвшөөрч өөрийн таньж мэддэг хүмүүсээс мөнгө зээлж, үлдэгдэл мөнгийг бүрдүүлж өгсөн. Тэгээд засал ном хийгээд 9 хоногийн дараа ирээд мөнгөө аваарай гэж хэлсэн. Би 9 хоногийн дараа шүүгдэгч руу ярихад “21 хоног хүлээ, тал талдаа сайн болно” гэж хэлсэн. Би 21 хоног хүлээсэн. Тэгээд мөнгөө асуухад “чамд ер нь мөнгө чухал юм уу, танай нөхөр чухал юм уу, дандаа л мөнгө, мөнгө гэж хэлэх юм, чиний муу муухай юм найзын чинь хүүд шилжсэн байна,  чи найздаа тусла” гэж хэлсэн. Тэгээд би найзынхаа засалд туслахаар хүнээс дахин мөнгө зээлж өгсөн. Надад хадагтай боосон нэг зүйл өгсөн. Харахад шар өнгийн шагай байсан. Надад шүүгдэгч “гэртээ хадгалж байгаад аваад ирээрэй” гэж хэлсэн. Би тэр шагайг аваад гэрт нь очиход гэртээ байхгүй байсан ба шагайг охинд нь үлдээсэн. Тэгээд 66 хоног өнгөрсөн. Би шүүгдэгчтэй ярихад “одоо бүх юм сайсан болно, би тахилга дээрх мөнгийг авахгүй” гэж хэлсэн. Үүнээс хойш намайг нэг удаа дуудахаар нь очиход гэртээ байхгүй байсан. нөхөр лүү нь залгахад асуухад “би тэр хүнийг яаж мэдэх юм бэ, надад хамаагүй” гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа шүүгдэгч руу залгахад “миний данс руу их хэмжээний мөнгө орж ирсэн учир намайг хуулийн байгууллагаас шалгагдаж байгаа, чи энэ асуудал намжтал хүлээж байгаарай” гэж хэлсэн. Би хүлээсэн. Би хүнээс мөнгө зээлж өгсөн болохоор мөнгө зээлсэн хүмүүс надаас мөнгөө нэхэж байсан. Би шүүгдэгч руу утасдахаар “гайтай юм, гайтай юмтай учирлаа” гэх мэтээр намайг эвгүй байдалд олон удаа оруулсан. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад анх өргөдөл өгсөн. Энэ хугацаанд над дээр нэг л удаа ирсэн. Анх засал хийх үед намайг нөхөртөө заслын талаар хэлэх гэтэл шүүгдэгч уурлаад “чи хэлж яах юм бэ” гэж хэлсэн. Тэр үеэс хойш нөхөртэйгээ таарамж муутай болсон. Би хоёр өргөмөл хүүхэдтэй. Минйи хүүхэдтэй болох хүсэл ийм байдалд хүрсэнд харамсаж байна гэв.

          Хохирогч Х.С  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Нөхөр бид хоёр хүүхэдтэй болохгүй болохоор нь үзмэрч Тунгаа гэх хүнтэй холбогдож, хүүхэдтэй болох талаар хөөцөлдөж, улмаар Тунгаа нь манай нөхөрт асуудал байгаа засаж өгнө гэсэн. Тэгээд засаж өгөхөд өглөг барьц барих ёстой гээд 27 бодоор бодоход 27 сая төгрөг болно гэсэн. Улмаар 21 хоноод 27 сая төгрөгийг буцааж өгнө гэхээр 2019 оны 08 дугаар сарын 01-өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүн салаанд байх гэрт нь очиж. 5 сая төгрөг, маргааш нь 22 сая төгрөгийг бэлнээр өгсөн юм. Тэгээд 21 хоногийн дараа мөнгийг буцааж өгнө гээд өгөөгүй, манай найз Энхжаргалын хамт очиход миний засал дуусаагүй гээд байсан. Улмаар найз Энхжаргалын хүүхдэд чамаас болж муу асуудал үүснэ, амь насны гарлагатай гээд түүний өргөл барьцанд намайг тусал гээд байсан. Тэгэхэд Энхжаргал нь надаас мөнгө төгрөг авах талаар юу ч хэлээгүй, гэхдээ миний хажууд байсан мэдэж байгаа юм. Би мөнгө өгөхөд шууд бэлнээр өгсөн болохоор бичгээр ямар 1 баримт үйлдээгүй юм. Дараа нь Энхжаргалын хүүхдийн засал хийхэд өглөг барьц өг гээд нэхээд байхаар нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Хаан банкны АТМ-ээс Тунгалаг гэх хүний дансруу 18 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэгээд Тунгаа нь засал дуусахаар 1 хоноод буцааж өгнө гэж байсан боловч одоог хүртэл өгөөгүй, мөнгөө нэхэхээр хэд ног хүлээгээч гээд хойшлуулаад байдаг юм... гэх мэдүүлэг / хх-н 9-13/,

Шүүгдэгч Х.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...Би 4 жилийн өмнөөс хүн үзэж хардаг үзмэрч болсон юм.Тэгээд Сэржмядаг гэх таних хүн холбогдож таньд үзүүлж харуулан гээд надад үзүүлж байсан Энхжаргал гэх эмэгтэйгийн хамт ирсэн. Тэгээд үзэхэд Сэржмядаг нь хүүхэд төрүүлэхгүй, нөхөр нь өвдөж магадгүй байдалтай байсан.Тэгээд амины гарзтай холбоотой асуудал тул өглөг барьц барих ёстой болоод 27 бодоор тооцож, 27 сая төгрөгийн өглөг барьц аваад буцааж өгнө гэдгээ хэлсэн юм. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрхан 7-53 тоот гэртээ байхад Сэржмядаг нь ганцаараа байх 5 сая төгрөг бэлнээр авч ирж өгсөн. Маргааш нь Сэржмядаг 22 сая төгрөг бэлнээр авч ирж өгсөн юм.Тэгээд Сэржмядагийн найз Энхжаргалын хүүхдийн заслыг хийх ёстой болоод өмнөөс Сэржмядаг 18 бодоор тооцож, 18 сая төгрөгийн өглөг барьц миний дансаар хийсэн байсан. Тэгээд зан үйлийн засал дуусахаар буцааж өгнө гэж байсан юм.Гэтэл олон танихгүй хувь хүнээс бага багаар мөнгө зээлсэн байсан, зээлийн хүү нэхэгдээд арга буюу дарамтанд орж, уг 45 сая төгрөгийг зээлсэн өрөндөө өгсөн юм. Би зээлсэн тэр олон хүнийг нэг бүрчлэн хэлэх боломжгүй байна.Тэгээд Сэржмядагт мөнгийн буцааж өгөх байсан боловч энэ байдлаас болоод буцааж өгч чадахгүй асуудалд орсон юм...” гэсэн мэдүүлэг / хх-н 14-15/,

         Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Сэржмядаг нь дунд сургуулийн 1 ангийн найзууд юм.Тэгээд Сэржмядаг нь эмнэлгээр яваад хүүхэдтэй болохгүй байна, үзээд засал ном хийдэг мэдэх хүн байна уу гээд байсан. Би Тунгалаг гэх сайн үзмэрч байдаг гэж хүнээс сонсоод Сэржмядагтай хамт гэрийн олж очиж уулзсан юм. Тэгээд Сэржмядаг хэдэн удаа очиж үзүүлээд 1 удаа надтай өдрийг санахгүй байна, надтай хамт очиж өглөг барьц гээд 5 сая төгрөг өгсөн. Тэр Тунгалаг гэх хүн нэмж өглөг өгөөрэй гэж Сэржмядагт хэлж байсан. Дараа нь Сэржмядаг 22 сая төгрөг өгсөн гэж байсан, би түүнийг мэдэхгүй. Тунгалаг нь найзыгаа дагуулаад ирээрэй гэж Сэржмядагт хэлсэн байсан, тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зүүн салаанд байх гэрт нь хамт очиход Тунгалаг нь Сэржмядагт хийсэн засал нь манай гэр бүлд шилжсэн. Улмаар гэр бүлээрээ өвдөж, манай хүүг амины гарзтай гээд намайг өглөг барьц өгөөрэй гэхэд нь би чадахгүй гэсэн. Тэгэхэд Сэржмядагийг өмнөөс нь өглөг барьц өгөөрэй гэж Тунгалаг нь хэлж байсан, тэгээд юу ч бодоогүй бид 2 явсан. Тунгалаг дараа нь Сэржмядагтай холбогдоод 18 сая төгрөгийг авсан гэсэн, үүнийг би мэдээгүй, Сэржмядаг надад энэ талаар ч хэлээгүй, би сүүлд нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг / хх-н  16/,

        Гэрч  Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Миний эхнэр Тунгалаг нь хүний засал хийхээр мөнгө авч хохирол учруулсан гэдгийг цагдаагаас эхнэрийг дуудахад мэдсэн. Гэхдээ надад болсон хэргийн талаар нарийн мэдэх зүйл байхгүй, эхнэр энэ талаар надаас нуугаад асуухаар уурлаад хэлэхгүй байгаа юм. Миний эхнэрийг Хуваадайгийн Тунгалаг гэдэг, 1980 онд Ховд аймагт төрсөн, 40 настай, боловсрол бүрэн дунд, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 3-4 жилийн өмнөөс хүний хувь заяаг үздэг засал хийдэг үзмэрч болсон юм. Бид 10 сартайгаас 17 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, 2008 оноос хамт амьдран, сүүлд гэр бүлээ батлуулсан. Бид 2 өмнө хүнтэй суугаад салсан, өөрөө болон эхнэр маань 1 дагавар хүүхэдтэй юм.Эхнэр маань эхээс одоо 8-лаа, айлын дундах, 1 ах 1 эгч 1 дүү нь хотод бусад нь Ховд аймагт амьдардаг юм. Эцэг нь нас барсан, өндөр настай эх нь Ховд аймагт байдаг.Бага насаа цэцэрлэгээр хүмүүжсэн гэдэг, дунд сургууль төгссөн, ухаан санаа эрүүл, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй. Ааш зангийн хувьд төлөв даруу, хүнтэй хэвийн сайхан харилцаатай, тусархуу, өмнө хэрэгт холбогдож байгаагүй хүний төлөө төрсөн хүн юм... гэсэн мэдүүлэг,  / хх-н 17/

        Гэрч Х.Уран-Өлзий мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Төрсөн дүү Хуваадайгийн Тунгалаг нь 1980 онд Ховд аймагт төрсөн, 40 настай, яс үндэс захчин, нутагдаа 10 жил төгссөн, боловсрол бүрэн бус дунд, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй. Аав маань нас барсан, өндөр настай ээж нутагтаа байдаг. Дүү маань эхээс 8-лаа, дээрээ 3 ах, 1 эгч, доороо 3 эрэгтэй, 1 эмэгтэй дүүтэй, тал нь нутагтаа, тал нь энд амьдардаг. Нийлдэг найз нөхдийн талаар сайн мэдэхгүй.Тэгээд дүү Тунгалаг маань бага 10 гаруй наснаасаа үзэж хардаг авъяас нь тодорсон, гэхдээ албан ёсоор 2000 оноос хойш байх хүнийг албан ёсоор үзэж хардаг болсон, олон хүн үзүүлдэг үзмэрч юм. Хүнтэй суугаад салсан 1 охинтой, одоогийн нөхөртэй 2007 оноос гэр бүл болж, 2 охинтой болсон, нийт 17 нас, 13 нас, 1,8 настай 3 охинтой юм. Ааш зангийн хувьд өрөвч, дөлгөөн, цайлган, сайн үзмэрч, хүнд тусархуу зангаас болж хэрэгт холбогдсон байж магадгүй гэж үзэж байна....” гэсэн мэдүүлэг / хх-н 18/,

        Гэрч  Б.Ганхүү мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай эхнэр Сэржмядаг нь үр хүүхэдтэй болно гэж 1 эмэгтэй үзмэрчид үзүүлж, өглөг барьц гэж 27 сая төгрөг өгсөн гэсэн. Мөн найз Энхжаргалынхан ар гэрт амины гарзтай өглөг барьц хэрэгтэй гээд байхаар нь манай эхнэр Сэржмядаг өмнөөс 18 сая төгрөг өгсөн гэсэн. Тэр танихгүй үзмэрч гэх эмэгтэйд нийт 45 сая төгрөг өгөөд хэд хоноод буцааж өгнө гэж хэлсэн гэсэн. Гэтэл тэр үзмэрч эмэгтэйн өгөхгүй, худал үнэн хэлж залилан хохирол учруулсан гэдгийн би сүүлд мэдсэн, манай эхнэр үүнийг надаас нуусан байсан. Уг мөнгийг эхнэр бид 2 насаараа цуглуулсан хөрөнгө байсан боловч тэр хүнд өгч хохироод амьдрал хүнд байна. Үүнээс болоод гэр бүлийн маргаантай, сэтгэл санааны гүн хямралд байгаа юм.. гэсэн мэдүүлэг / хх-н 19/, Х.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 22 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 21/, оршин суух газрын хорооны тодорхойлолт /хх-н 20/, Х.Тийн ХААН банкинд эзэмшдэг  депоцит  дансны дэлгэрэнгүй хуулга / хх-н 34-52/, Х.Сийн ХААН банкинд эзэмшдэг  депоцит  дансны дэлгэрэнгүй хуулга / хх-н 82-102/, Х.Тт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 68/, прокурорын тогтоол /хх-н 68-69/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 70-72 /,  Х.Тт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн  тогтоол, шүүгчийн захирамж /хх-н 73-77 зэрэг болно.

          Х.Т нь бусдын сүсэг бишрэлийг далимдуулах замаар хохирогч Х.Саас үр хүүхэдтэй болгож өгөх засал хийнэ, 45 бодоор тооцож 45.000.000 төгрөгийг өглөг барьц өг, засал дуусахаар буцааж мөнгийг чин өгнө гэж хуурч 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 5 сая төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 22 сая төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хайрханы 7-53 тоотод гэртээ бэлнээр, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 18 сая төгрөгийг өөрийн ХААН банкны 5863019468 тоот дансаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-ээс шилжүүлэн авч бусдад 45 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

          Хохирогч Х.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Нөхөр бид хоёр хүүхэдтэй болохгүй болохоор нь үзмэрч Тунгаа гэх хүнтэй холбогдож, хүүхэдтэй болох талаар хөөцөлдөж, улмаар Тунгаа нь манай нөхөрт асуудал байгаа засаж өгнө гэсэн. Тэгээд засаж өгөхөд өглөг барьц барих ёстой гээд 27 бодоор бодоход 27 сая төгрөг болно гэсэн. Улмаар 21 хоноод 27 сая төгрөгийг буцааж өгнө гэхээр 2019 оны 08 дугаар сарын 01-өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүн салаанд байх гэрт нь очиж. 5 сая төгрөг, маргааш нь 22 сая төгрөгийг бэлнээр өгсөн юм…”,”...Дараа нь Энхжаргалын хүүхдийн засал хийхэд өглөг барьц өг гээд нэхээд байхаар нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Хаан банкны АТМ-ээс Тунгалаг гэх хүний дансруу 18 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэгээд Тунгаа нь засал дуусахаар 1 хоноод буцааж өгнө гэж байсан боловч одоог хүртэл өгөөгүй, мөнгөө нэхэхээр хэд хоног хүлээгээч гээд хойшлуулаад байдаг юм...” гэсэн мэдүүлэг / хх-н 9-13/,

     Гэрч  Ц.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... надтай хамт очиж өглөг барьц гээд 5 сая төгрөг өгсөн. Тэр Тунгалаг гэх хүн нэмж өглөг өгөөрэй гэж Сэржмядагт хэлж байсан. Дараа нь Сэржмядаг 22 сая төгрөг өгсөн гэж байсан гэсэн  мэдүүлэг / хх-н  16/,

         Гэрч  Б.Ганхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн...Манай эхнэр Сэржмядаг нь үр хүүхэдтэй болно гэж 1 эмэгтэй үзмэрчид үзүүлж, өглөг барьц гэж 27 сая төгрөг өгсөн гэсэн. Мөн найз Энхжаргалынх нь ар гэрт амины гарзтай өглөг барьц хэрэгтэй гээд байхаар нь манай эхнэр Сэржмядаг өмнөөс нь 18 сая төгрөг өгсөн гэсэн. Тэр танихгүй үзмэрч гэх эмэгтэйд нийт 45 сая төгрөг өгөөд хэд хоноод буцааж өгнө гэж хэлсэн гэсэн мэдүүлэг / хх-н 19/

          Х.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Сэржмядаг нь ганцаараа байх 5 сая төгрөг бэлнээр авч ирж өгсөн. Маргааш нь Сэржмядаг 22 сая төгрөг бэлнээр авч ирж өгсөн юм. Тэгээд Сэржмядагийн найз Энхжаргалын хүүхдийн заслыг хийх ёстой болоод өмнөөс Сэржмядаг 18 бодоор тооцож, 18 сая төгрөгийн өглөг барьц миний дансаар хийсэн байсан...”, ”...уг 45 сая төгрөгийг зээлсэн өрөндөө өгсөн юм гэсэн мэдүүлэг / хх-н 14-15/, зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

            Х.Т нь бусдын сүсэг бишрэлийг далимдуулан  Х.Сэржмяадагт удаа дараа “үр хүүхэлтэй болгож” засал хийж өгнө хэмээн бусдын эд хөрөнгийг хуурч залилж авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна.

Прокуророос дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул  Х.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  сүсэг бишрэлийг далимдуулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

         Х.Тийг залилах гэмт хэрэг үйлдсэний үлмаас бусдад учруулсан хохирол болох 45.000.000 төгрөгийг гаргуулж Х.Ст олгохоор шийдвэрлэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Энэ хэргийн улмаас  нь Х.Т  цагдан хоригдсон хоноггүй болно.

         Шүүх ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Х.Т хуурч сүсэг бишрэлийг далимдуулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Х.Тийг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Х.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурьдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510. Дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 7-53  тоотод оршин суудаг, /РД: ПЮ80082760/,  Х.Таас 45.000.000 төгрөгийг гаргуулж Х.Ст олгосугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Тт авсан  Монгол улсын хилээр гарахыг хориглосон  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.      

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН