Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 50

 

   С.О, Т.О, Ж.Э

    нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

             Нарийн бичгийн дарга                           Г.Эрдэнэбат

 Прокурор                                                Л.Мөнхбаяр   

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч                   Д.Урансувд

 Шүүгдэгч                                                С.О, Ж.Э, Т.О нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээгийн даргалж шийдвэрлэсэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.О, Ж.Э, Т.О, тэдний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдол, прокурор Л.Мөнхбаярын бичсэн эсэргүүцлээр С.О, Ж.Э, Т.О нарт холбогдох 201711000033 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Чулуунхороот суманд 1978 оны 07 сарын 25-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 05 сарын 03-ны өдрийн 62 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 06 сарын 09-ний өдрийн 61 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 07 сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх комиссын 2991 дүгээр тогтоолоор 1 жил 03 сар 08 хоног хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 07 сарын 22-ны өдрийн 23 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2014 оны 04 сарын 21-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, А овогт Сын О /РД:.../.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1986 оны 01 сарын 26-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, жолооч мэргэжилтэй, хувиараа хот хооронд хүн тээврийн үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 2, охины хамт амьдардаг, Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн .... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 07 сарын 04-ний өдрийн 42 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял оногдуулж 2006 оны 07 сарын 04-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийг өршөөн хасаж Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 08 сарын 01-ний өдрийн 54 дүгээр шүүгчийн захирамжаар 07 сар 04 хоног хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 11 сарын 25-ны өдрийн 54 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэгдэж 2011 оны 05 сарын 25-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, Х овогт Тын О /РД:.../.

Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1986 оны 05 сарын 31-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, .... нярав ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Ш овогт Жын Э /РД:..../.

Шүүгдэгч С.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.О, Ж.Э нартай бүлэглэн 2017 оны 01 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Ухаа хошуу" гэх газарт Истана маркийн 52-02 улсын дугаартай авто машиныг ашиглан хохирогч Н.Мгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж 18 тооны хонь, 15 тооны ямааг дээрэмдэж 3840000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Ж.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.О, С.О нартай бүлэглэн 2017 оны 01 сарын 18-наас 19-нд шилжих шєнє Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Ухаа хошуу" гэх газарт Истана маркийн 52-02 улсын дугаартай авто машиныг ашиглан хохирогч Н.Мгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж 18 тооны хонь, 15 тооны ямааг дээрэмдэж 3840000 тєгрєгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.О нь С.О, Ж.Э нартай бүлэглэн 2017 оны 01 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Ухаа хошуу" гэх газарт Истана маркийн 52-02 улсын дугаартай авто машиныг ашиглан хохирогч Н.Мгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж 18 тооны хонь, 15 тооны ямааг дээрэмдэж 3840000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.О, Ж.Э, Т.О нарт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч С.О, Ж.Э, Т.О нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч С.О, Ж.Э, Т.О нарыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус бүр 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.О, Ж.Э, Т.О нарын тус бүрийн эдлэх 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, С.О, Ж.Э, Т.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, Т.Оын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбар, С.Он ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа, Ж.Эын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн өвлийн гутал 1 ширхэгийг шүүгдэгч Од, цэнхэр өнгийн бүсийг шүүгдэгч От, хуванцар савыг хохирогч Н.Мд тус тус буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Т.Оын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 1000000 төгрөгний үнэ бүхий ногоон зүсмийн үнээ 1 толгой, 300000 төгрөгний үнэ бүхий хар халзан тугал 1 толгой зэргийг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 13-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоол, шүүгдэгч С.Он эзэмшлийн эд хөрөнгөнөөс АН 7843585 серийн дугаартай 20000 төгрөг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 16-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоол, шүүгдэгч Ж.Эын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 3500000 төгрөгний үнэ бүхий, 73-85 ДОР улсын дугаартай, Daewoo kalos маркийн авто машиныг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 13-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О, Ж.Э, Т.О нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн учир гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 4500000 төгрөгний үнэ бүхий 52-02 УБХ улсын дугаартай, Стана маркийн машиныг эзэмшигч Т.Тт буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.О, Ж.Э, Т.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.О давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ... Шүүхээс гэм буруутайд тооцон шийтгэхдээ надад 2 жилийн хорих ял оногдуулж уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан бага бус хэмжээний хохирлыг өөрийн сайн дураар төлсөн. 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар хэргийг зүйлчлэн шийдэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 55.1, 551.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эдлэх хууль зүйн эрхийг гэм буруутай үйлдэл хийсэн байлаа ч шүүх аль болох хуульд заасан боломжийг хэрэглээгүй шийдсэн нь буруу гэж үзэж байна. ...Хувийн байдлын талаарх нотлох баримт, мөн хохирогч гомдол саналгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх хүсэлт, төлөх төлбөргүй, хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа зэргийг анхааран үзэлгүй ялыг биечлэн эдлүүлсэнд гомдолтой байна. Би истанагийн ард хохирогчийн дэргэд сууж явсан боловч хохирогчийг ална хядна гэж хэлээгүй, урд байсан 2 ч хэлээгүй. Хохирогчийн хувьд ингэж хэлсэн гэх мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй. ... Би залуу хүн дахин алдаа гаргахгүй явж чадна. Гэмшиж байгаа болон бусад хувийн байдлыг минь харгалзан үзэж хуулийн дагуу ялыг минь хөнгөрүүлэн шүүхээс оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг эс зөвшөөрч би давж заалдах гомдол гаргаж байна. ... Шүүхээс гэмт хэрэг гарсан байдал, хэрэг үйлдсэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх журмын дагуу 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зөв гэж дүгнэсэн хэдий боловч хуульд заасан бусад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхаараагүй. Шийтгэх тогтоолд ч хэргийн талаар шүүхээс нотолж, үнэлж, шинжлэн судалж дүгнэсэн нотлох баримтуудыг заахдаа хөнгөрүүлэх талын нотлох баримтыг огт судлаагүй нь харагдаж байна. Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 54-р зүйлийн 54.1, 54.2-т заасны дагуу ... хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэсэн заалтыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй гэж гомдол гаргаж байна. ... Өмгөөлөгч болон шүүгдэгч нарын зүгээс эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхдээ хуульд заасан бүхий л хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн хэрэгжүүлж энэ талаар шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт дурдаж, хэн ч бай хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмын хүрээнд хуулиар оногдуулсан хөнгөрүүлэх боломжийг адил тэгш эдлэх нь зүйтэй гэсэн үүднээс, бага бус хэмжээний хохирол учруулсныг бүрэн төлж гэм хорыг арилгасан, хохирогч ямар ч гомдол саналгүй, аль болох хөнгөн ял оногдуулж өгөхийг шүүхээс хүсч байгаа байдал, мөн шүүгдэгч нарын хувийн амьдралын нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн эрх зүйн байдал зэргийг харгалзан үзэж ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр шүүхээс оногдуулсан ялыг тэнсэн харгалзаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ж.Э давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ... Шүүхээс гэм буруутайд тооцож шийтгэхдээ надад 2 жилийн хорих ял оногдуулан уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан бага бус хэмжээний хохирлыг өөрийн сайн дураар төлсөн, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, лам ажилтай. ... 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар хэргийг зүйлчлэн шийдэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 55.1, 551.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эдлэх хууль зүйн эрхийг гэм буруутай үйлдэл хийсэн байлаа ч шүүх аль болох хуульд заасан боломжийг хэрэглээгүй шийдсэн нь буруу гэж үзэж байна. ... Иймд давж заалдах шатны шүүхээс хуулийн дагуу ялыг маань хөнгөрүүлэн үзэж шүүхээс оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэжээ.

Шүүгдэгч Т.О давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ... Шүүхээс гэм буруутайд тооцож шийтгэхдээ надад 2 жилийн хорих ял оногдуулан уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. ... Миний хувьд хэрэгт холбогдохдоо үнэндээ хүнд туслах гэсэн сэтгэлээр явж байгаад энэ хэрэгт холбогдсон. Гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүл байсан ба би архи огт хэрэглэдэггүй юм. Би 5 настай охины хамт амьдардаг, миний ээж 78 настай, хэдий өвчтэй ч гэсэн охин бид хоёрт түшиг хань болдог. Ээж маань харвалт өгөөд миний асрамжид байдаг. Би хуулийн дагуу асран хамгаалагчийн үүрэг гүйцэтгээд төрөөс асаргааны мөнгө авдаг. ... би гэмт хэрэг үйлдээгүй гэж маргаагүй, энэ байдалдаа их гэмшиж байгаа гэхдээ шүүхээс гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн байдал, оролцсон хувийн байдал зэргийг анхааран үзэж ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хөнгөрүүлж өгнө үү гэж хүсч байна. Хохирогчийг машинд аваад явахад би машин жолоодон явж байсан бөгөөд хохирогчид хүрээгүй, янз бүрээр хэлж заналхийлээгүй. Би чихний сонсгол муу 60 хувиар групп тогтоосон байдаг ба машин дотор хохирогчид хандан хэлсэн үгний талаар огт сонсоогүй. Гэтэл шүүхээс тогтоогдоогүй байдлыг нотлох баримтаар үнэлж хүндрүүлэн үзэж шийдсэнд гомдолтой байна. Хохирогч надад гомдолгүй болохоо, хөнгөн ял оногдуулж өгөхийг шүүхээс хүссэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөн гэмшиж ухаарч байгаа, хохирол төлсөн, хувийн байдал, гэмт хэрэг гарахад оролцсон шалтгаан зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

Прокурор Л.Мөнхбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн авч хянавал:

... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Тухайлбал:

Яллагдагч нар нь тухайн орой хохирогч Н.Мгийн 20 гаруй тооны хонь ямааг хотноос нь авч, гэрийн ойролцоо орхисон, өөрсдийн унаж явсан авто машины дэргэд авчраад Ж.Э, С.О нар нь барьж өгч, Т.О нь хонь, ямааны амийг таслаад машиндаа ачиж байх үед хохирогч Н.М аавынхаа гэрээс өөрийн гэр  рүү явганаар явж, хонь, ямааг авч байх үед нь газар дээр очиж, яллагдагч нар малын хашаанаас авсан хонь, ямаагаа өөрсдийн эзэмшилдээ авч үлдэхийн тулд хохирогчид хүч хэрэглэж, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулж, авсан малын хамт хохирогчийг авч явсан үйлдлийг дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос дүгнэн яллах дүгнэлт үйлдсэн.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгодог. Гэтэл дээрх гэмт хэргийн хувьд бусдын малыг хулгайлаад захиран зарцуулах эрх үүсээгүй харин хулгайлах явцдаа хохирогчид хүч хэрэглэн эд хөрөнгийг нь илээр авч, дээрэмдсэн болох нь хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

Гэвч шүүхээс С.О, Ж.Э, Т.О нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ прокуророос дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэн үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны хуулийг буцаан хэрэглэж, ял оногдуулж байгаа бол бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг тохирох зүйл, ангиар зүйлчилж ял оногдуулаагүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь С.О, Ж.Э, Т.О нарт прокурорын зүгээс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдсэн гэж зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн болно. Гэтэл дээрэмдсэн гэх үйлдлийг бүлэглэж, бусдын эд хөрөнгө хулгайлсан гэж хөнгөрүүлэн зүйлчлээд, харин бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг огт зүйлчлэхгүй орхигдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч С.О, Ж.Э, Т.О нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх заалтыг зөрчсөн тул Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх С.О, Ж.Э, Т.О нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг  бүхэлд нь хянаж үзлээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.О, Ж.Э, Т.О нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон хөнгөрүүлэн өөрчилж зүйлчилсэн байна.

Шүүгдэгч С.О, Ж.Э, Т.О нар нь 2017 оны 01 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Ухаа хошуу" гэх газарт Истана маркийн 52-02 улсын дугаартай авто машиныг ашиглан хохирогч Н.Мгийн 18 тооны хонь, 15 тооны ямааг хулгайлж 3840000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О, Ж.Э, Т.О нарын өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 9-12/, хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хавтас 13, 30-31/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 32-33, 36-37, 189-190/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 18-22/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хавтас 38, 188/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, хохирогч Н.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн “…гэрээсээ хойд зүгт 200-300 метрийн зайд явж байтал нэг машин зогсож байгаа харагдсан, тухайн үед манай эхнэр аймгийн төвөөс ирнэ гэж байсан, мөн манай найз истана маркийн машинтай учир найзыгаа эхнэрийг маань хүргэж ирсэн байна, тэгээд цасанд суучихсан байна гэж бодоод өөдөөс нь гүйгээд очсон …” гэх мэдүүлгээс үзэхэд хохирогч Н.М нь хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэний дараа тэдэн дээр очсон болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарын үйлдлийг дээрмийн гэмт хэргээр зүйлчлэн шийдвэрлээгүй гэх Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүх, Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн байх тул хохирогч Н.Мягмарсүрэнгийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг тохирох зүйл ангиар зүйлчилж ял оногдуулаагүй талаар бичсэн Прокурорын эсэргүүцлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүх, шүүгдэгч С.О, Ж.Э, Т.О нарт хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч нарын болон тэдний өмгөөлөгч Д.Урансувдын гаргасан “…шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү …” гэх давж заалдсан гомдол, Прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.О, Ж.Э, Т.О, тэдний өмгөөлөгч Д.Урансувд нарын гаргасан гомдол, Прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч С.О, Ж.Э, Т.О нарын 2017 оны 10 сарын 17-ны өдрөөс 2017 оны 12 сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 50 хоногийг тус тусын эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.НАРАНБАЯР                         

                  ШҮҮГЧИД                                                       Б.СҮХГОМБО

                                                                                          Ж.ДОЛГОРМАА