Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 951

 

 

 

 

 

 

 

 

    2020        05         21                                   2020/ШЦТ/951

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Хулан,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

Шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ат холбогдох эрүүгийн 1806 08976 0364 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А нь үргэлжилсэн үйлдлээр:

1. 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Э.Алтансүмийг “Цагдаагийн байгууллагад ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон урьдчилгаа мөнгө гэж 4.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп плазагийн АТМ-ээс Хаан банкны 5058077367 дугаарын дансаар шилжүүлэн авсан, мөн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр "тушаал чинь гарчихлаа үлдэгдэл мөнгө одоо өгөх шаардлагатай" гэж хуурч 2.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн төв эмнэлгийн гадна бэлнээр шилжүүлэн авч залилан нийт 6.000.000 төгрөгний хохирол учруулсан,

2. 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд хохирогч Ч.Энхцэцэгээс “ажилд оруулж өгнө” хэмээн хуурч, нийт 6 удаагийн үйлдлээр 4.780.000 төгрөгийг интернэт банк ашиглан өөрийн Хаан банкны 5058077367 тоот дансаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Цайз 72 хотхоны 1-17 тоотоос шилжүүлэн авч залилсан,

3. 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Болортуяатай түүний нөхөр А.Ууганбаатарыг “Энхийг дэмжих ажиллагаанд явуулна” гэж тохиролцон 2.500.000 төгрөг бэлнээр, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг дансаар, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 100.000 төгрөг дансаар, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг дансаар тус тус авч залилсан,

4. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Э.Амартайваныг "Сүхбаатар аймгийн барилгын цэргийн 338 дугаар ангид ажилд оруулж өгнө" хэмээн хуурч, 500.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөгийг тус тус Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хотхоны гадаа бэлнээр, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 500.000 төгрөгийг өөрийн төрсөн дүү Алтангийн Батсуурийн Хаан банкны 5082069108 тоот дансаар шилжүүлэн авч 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Б.Бадамыг "Энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө" гэж хуурч, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Цэргийн төв эмнэлгийн дотор байхдаа интернэт банкаар 1.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

6. 2018 оны 07 дугаар сарын 06-наас 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хайлаастын 23-41 тоотод оршин суух хохирогч М.Оюунгэрэлээс “хүүхдийг сургуульд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон залилан мэхэлж 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 08976 0364 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалхад шүүгдэгч А.А нь үргэлжилсэн үйлдлээр нийт 6 хохирогчийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

1.         Хохирогч Э.Алтансүмийн мөрдөн байцаалтад өгсөн:

"...2018 оны 04 дүгээр сард зүс таних А гэх хүнийг надад Энхцэцэг гэж хүн танилцуулсан. Тухайн А нь өөрийгөө хууль зүйн яаманд ажиллаж байсан юм одоо дикриттэй байгаа, би цагдаагийн ерөнхий газрын зөвлөлийн гишүүдийг танина цагдаад ажиллаж байгаад ямар нэг шалтгаанаар халагдсан хүмүүсийг эргээд оруулж өгнө гэж хэлсэн. Би үүний дагуу Атэй уулзаад урьд өмнө Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 2015 оны сүүлээр халагдсан юм гээд учир шалтгаанаа хэлэхэд чи хувийн хэрэгээ аваад ир дарга нарт үзүүлээд болохоор бол оруулна гэсэн. Тэгээд би хувийн хэргээ аваад очсон бөгөөд дарга нарт үзүүлсэн болно гэсэн чи яаралтай материалаа бүрдүүлээд аваад ир цагдаад анх ороход бүрдүүлдэг материал гэж хэлсэн. Тэгээд чи урьдчилгаа мөнгө өгөх хэрэгтэй тэдгээр хүмүүс урьдчилгаа мөнгө авахгүй бол хөдлөхгүй гэж хэлсэн. Би өөртөй нь уулзъя гэхээр чамтай тушаал гарахаас өмнө уулзана гэж хэлсэн. Тэгээд тухайн А гэх хүн намайг цагдаад буцааж оруулж өгнө гээд эхлээд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянмонгол хорооллын Хаан банкны АТМ-ээс 4.000.000 төгрөгийг Аийн 5058077367 тоот данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш 7 хохогийн дараа одоогоор шилжилт хөдөлгөөн зогссон байна чамайг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хэрэг бүртгэгчээр томилуулахаар ярьсан гэж хэлсэн. Тэгээд хурал болохгүй байна баяр, наадам гэх зэргээр худлаа яриад байсан. 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр А над руу яриад тушаал чинь гарчихлаа мөнгөө аваад ир гэсэн. Би тэгээд цаад хүнтэй чинь уулзаад баярласанаа илэрхийлээд өгөх гэсэн юм гэсэн чинь Гансүх хурандаа хурлаас гарч ирээд амралтаа авч байгаа хөдөө явах гэж байна, дараа уулзъя гэсэн гээд уулзуулаагүй. Тэгээд би А гэх хүнтэй уулзаад байж байхад А нь Батзориг гэх цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн ажилтан руу яриад сайн байна уу Гансүх хурандаа өөртэй чинь яриадах гэсэн юм би А гэж хүн байгаа юм, Алтансүм гэх хүүхдийн тушаал яасан юм бэ гэтэл 2018 оны 08 дугаар сарын 07-нд тушаал уншина тэгэхээр холбогдоорой гээд тасалчихсан. Тэгээд тэнд надаас бэлнээр 2.000.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /1 хх-н 16-17/,

 

Гэрч Х.Амарсайханы мөрдөн байцаалтад өгсөн:

"... саяхнаас бас А.Аийг Баянмонголд байх хаягаар олон хүмүүс асууж ирсэн байсан тэгээд манай охин тэр хүнээс юу болсон юм гэж асуухад А хэлэхдээ би хурандаа цолтой хүн байгаа юм, ахмад цол аваад өгье гэж хэлж мөнгө авсан гэж хэлсэн. Мөн хэлэхдээ одоо 1.000.000 төгрөг шилжүүлчих, би хурандаа нартай хоол идэж байна, ажлыг чинь хөөцөлдөж байна гээд хэлээд авсан гэж тэдгээр хүмүүс манай охинд хэлсэн байсан. Энэ мэтчилэн манай байрны хаягийг ашиглаж А.А нь олон хүнээс мөнгө төгрөг авсан юм шиг байна, мөн дахин өөр хүмүүс хохирохвий гэж бодож би энэ талаар хэлж байна. Энэ хүн тодорхой эрхэлсэн ажилгүй. Өмнө нь Тедигээр бууз зардаг байсан гэж сонссон. Миний мэдэхээр өөр тодорхой эрхэлсэн ажил төрөл байхгүй. А.А нь их зальтай, байнга худал хэлдэг байсан. Одоо хүртэл СӨХ-ийн төлбөрөөс 185.000 төгрөг дутуу байгаа. Саяхан уулзаад хамт машинд нь явж байхад мөн л адил хүмүүстэй утсаар яриад хурандаа нартай хоолонд ороод явж байна гэх мэтээр яриад байна лээ..." гэх мэдүүлэг /1 хх-н 23/,

 

-хохирогч Э.Алтансүмийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1 хх-н 11-12/,

- Б.Эрдэнэбаатарын 5076414644 тоот Хаан банкны дансны хуулга /1хх-н 18/,

 

Шүүгдэгч А.Аийн мөрдөн байцаалтад өгсөн:

Манай хүү Азхишигтөгсийн ангийн багш Уранзаяа нь надтай 1 уулзахдаа цагдаагаас гарчихсан хүн байна. Эргээд цагдаагийн ажилд нь оруулах боломж байна уу гэж асуусан. Тэгхээр нь би тэр үед нь хүнээс асууж байж болъё, яаж намайг оруулна гэж мэдсэн юм бэ? гэж асуусан чинь "таныг утсаар цагдаагийн хурандаатай ярьж байхыг чинь сонсоод танилтай байх гэж бодоод асуусан юм аа" гэж хэлсэн. Ингээд би цаашаа Эрдэнэном хурандаатай уулзаад 1 хүн ажилд оруулах боломж байгаа эсэхийг тодруулсан чинь материалаа бүрдүүлээд аваад ир, ах нь чадах чинээгээрээ туслахыг бодъё гэж хэлсэн. Ингээд дараа нь Эрдэнэном хурандаатай уулзахдаа Алтансүмийг авч очсон. Алтансүмийг Эрдэнэном даргатай уулзуулахаас өмнө 2018 оны 04 сард Уранзаяагаар дамжуулж Алтансүмийн ээжтэй эхэлж би уулзсан бөгөөд ээжийнх нь нэрийг нь санахгүй байна. Анх уулзахдаа ямар нэгэн мөнгө аваагүй бөгөөд анкетыг авсаных нь дараа 2 сая төгрөг би өөрийнхөө 5058077367 дугаартай хаан банкны дансаар авч байсан. Ингээд Эрдэнэном хурандаа материалыг нь бүрдүүлээд өг гэсэн чинь өөрсдөө алга болчихоод нилээн удаж байгаад материалаа бүрдүүлж өгхөөр нь дахиад мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн чинь ахиад 2 сая төгрөг өгсөн. Алтансүм надаас одоо яахуу гэхээр нь дүрэм журмынх нь дагуу явна. Чи шалгалтандаа бэлд гэж хэлсэн. Тэрнээс хойш 2 cap гаруй Алтансүм сураггүй байж байгаад гэнэт гарч ирээд мөнгөө авъя гэсэн зүйл ярихаар нь аль хэдийн хүмүүстэй нь ярьчихсан. Одоо буцна гэсэн зүйл байхгүй гэж хэлсэн чинь надаас мөнгө нэхсэн. 801-н хүний нөөцийн дарга нөгөө хүүхдийнхээ материалыг яаралтай өг, бүртгэл эхэлчихсэн байна гэхээр нь Алтансүм рүү залгаад миний дүү очоод уулзаадах гэсэн чинь би өөр ажилд орчихсон. Би мөнгөө авмаар байна. Би таныг цагдаад өгчихсөн байгаа гэж хэлсэн. Манай гэрт намайг байхгүйд ирээд цагдаад хандчихсан байгаа гэж хэлээд манай аав ээж айсандаа 500.000 төгрөг өгсөн байна лээ. Алтансүмээс бэлнээр 2 сая төгрөг авч байсан. Дансаар эхлээд 2 сая төгрөг авч байсан. Өөр авч байсан эсэхийг дансаа шүүж байж болъё. Алтансүмээс авсан мөнгөө байрныхаа түрээсэнд өгсөн гэх мэдүүлэг /1 хх-н 24-25/,

 

2.         Хохирогч Ч.Энхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

 "...тэгэхэд А гэх эмэгтэй надад хэлэхдээ манай ах Барилга хот байгуулалтын яаманд ажилладаг, Цогзолмаа сайдтай найзууд, би ахаараа туслуулаад нилээдгүй олон хүнийг оруулж өгч байсан. Чамайг аль нэг сургуульд оруулж өгье гэж хэлсэн. Тэр хүн надад хэлэхдээ хүн ажилд оруулахад мөнгө төгрөг хэрэг болдог гэж хэлж байсан бөгөөд манай ах Цолгзолмаа сайдтай хоолонд орж байна гэнэ, ажилд оруулах гээд өөр хүнтэй уулзаж байна гэх мэтээр хэлээд надаас нийт 6 удаа мөнгө авсан. Үүнийг он cap өдрөөр тайлбарлавал 2018 оны 02 дугаар сарын 03-нд 520.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 06-нд 1.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 08-нд 1.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 11 -нд 60.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 12-нд 2.000.000 төгрөгийг тус тус 5058077367 тоот данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш залгахад утсаа авдаггүй бөгөөд фэйсбүүкээр чат бичихэд хариу явуулдаггүй байсан. Намайг ямар ч байсан сургуульд багшаар оруулж өгнө гэж хэлж байсан. Би дээрх мөнгөнүүдийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 72 дугаар хотхоны 1-17 тоотод байх өөрийн гэрээсээ мобайл банкаар шилжүүлдэг байсан..." гэх мэдүүлэг /1 хх-н 98-99/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Ч.Энхцэцэгийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1 хх-н 90, 93-94/,

-Ч.Энхцэцэгийн 5453...84 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-н 95/,

 

Шүүгдэгч А.Аийн мөрдөн байцаалтад өгсөн:

Энхцэцэг нь манай хүү Азхишигтөгсийн сурдаг сургууль болох 133-р сургуулийн бага ангийн эрхлэгч нь байгаа юм аа. 2018 оны 02 сард Энхцэцэгтэй Уранзаяагаар дамжуулж уулзсан бөгөөд Энхцэцэг нь уулзаад наргиж цэнгэж явж байхдаа Боловсролын яаманд таньдаг хүн байна уу гэж надаас асуухаар нь яасан юм гэж торуултал үндэслэлгүй шалтгаанаар ажилаасаа хагагдчихлаа өмгөөлөгч хэрэгтэй байна гэж хэлж байсан. Шалтгааныг нь тодруулсан чинь захирал нь өөрийнхөө хүнийг тавих гээд шууд халчисан гэж хэлж байсан. Ингээд танил найз Батбаяртай утсаар яриад Боловсролын яаманд таньдаг хүн байна уу гэж асуусан чинь эргээд яръя гэж хэлсэн. Ингээд хэд хоногын дараа Батбаяр надруу залгаад наад 133-р сургуулийн чинь захирал нь томилогдоогүй байгаа юм байна. Одоо байгаа хүн нь түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм байна. Наад дээр чинь сонгон шалгаруулалт болох юм байна гэж хэлхээр нь Энхцэцэгт болсон зүйлийг хэлсэн чинь надтай маргааш нь Баянмонголын ойролцоох хоолны газар хоол идээд мөнгө төгрөгний хэрэг гарвал хэлээрэй гэж хэлээд 500.000 төгрөг данс руу хийсэн. Тэрний дараа би зүс таних нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байсан Алимаатай утсаар яриад боловсролын сайд Цогзолмаатай хэр ойр вэ гэж асуусан чинь ойроо, уулзаж байж яръя гэхээр нь би өөрөө ганцаараа очиж уулзаад Алимаатай уулзаад Энхцэцэгийн талаар хэлсэн чинь 133-р сургуулийн захиралд 4 хүн нэр дэвшиж байгаа юм байна. Наад Энхцэцэгийгээ нэр дэвшээд шалгалтыг нь өгүүлчих, шалгалтынх нь оноог харъя гэж хэлсэн. Тэгээд би Энхцэцэгт дамжуулж хэлээд Энхцэцэг шалгат өгөөд 2-р байранд гарч ирсэн. Ингээд захирал болж чадаагүй. Би Энхцэцэгээс нийт 3 сая гаран төгрөг авсан байх. Дансны хуулгаа харж байж хэлнэ. Энхцэцэгээс авсан мөнгөө ихэвчлэн хүмүүс хоолонд оруулж дууссан байх гэж бодож байна гэх мэдүүлэг /1 хх-н 101/,

 

3.         Хохирогч Т.Болортуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

"...нөхрийн ажлын газрын Үүрцайх гэх хүнээр дамжуулан 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр А гэх хүнтэй цэргийн госпиталын гадна уулзсан. Тухайн хүнтэй уулзаад учир байдлаа хэлэхэд тэр хүн жирэмсний амралттай байгаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр учир байдлаа хэлэхэд шинжилгээний хариуг чинь болгоод өгчихнө 2.500.000 төгрөг өгчих гэхээр нь бид хоёр 2.500.000 тэр хүнд бэлнээр өгсөн. Тэгээд тэр өдрөө бид хоёрыг буцааж оруулаад давтан шинжилгээ өгүүлсэн бөгөөд одоо болчихсон эгч нь зохицуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр А гэх хүнтэй дахиж уулзаад та биеийн тамирынх нь асуудлыг аргалж чадах уу гэхэд аргалж чадна 1.000.000 төгрөг өгчих гэхээр нь Сандэй плазагийн тэнд байх Хаан банкны АТМ-с би нөхрийнхөө Хаан банкны 5954091328 дугаарын данснаас 1.000.000 төгрөг шилжүүлсэн. А нь өөрийгөө анх танилцуулахдаа Анударь гэж хэлсэн бөгөөд мөнгө шилжүүлэхэд А гэх хүний нэр дээр байсан. Тэгэхээр нь энэ хэний данс юм бэ гэж хэлэхэд манай эгчийн данс гэж хэлж байсан. Тэгээд нөхөр бид хоёр Сүхбаатар аймагт очоод байж байхад А гэх тэр хүн залгаад дахин шинжилгээ өгөх болчихлоо би дүүгээ чиний өмнөөс оруулж шинжилгээ өгүүлэхээр болсон 100.000 төгрөг өгчих гэхээр нь нөхрийнхөө дансаар 100.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгэхэд А нь хэлэхдээ одоо бүгд болчихлоо гэж хэлсэн бөгөөд түүний дараа 05 сарын 25-ны үеэр байх дахиж залгаад одоо 1.000.000 төгрөг өгчих, тэгвэл бүх юм чинь болох гээд байна. Хурдан явуул гээд байхаар нь хүнээс зээлээд дахиад өмнөх шилжүүлсэн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Өөрийгөө анх Анударь прокурорт ажилладаг, жирэмсний амралттай байгаа гэж танилцуулсан..." гэх мэдүүлэг /1 хх-н 174/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-н 169/,

-А.Аийн 5058077367 дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 186/,

 

Шүүгдэгч А.Аийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 05-р сард Судан улсруу энхийг сахиулах 8-р ээлжинд Үүрцайх гэх залууд туслан явуулж өгсөн. Тэгтэл Үүрцайх надруу залгаад "надтай хамт ажилладаг хэдэн залуу энхийг сахиулах ажиллагаанд явах гэхэд эрүүл мэндийн шалтгаанаас болоод явж чадахгүй байна. Та туслаад өгөөч" гэж залгахаар нь би зөвшөөрөөд БЗД-ийн хойно байрлах цэргийн эмнэлгийн үүдэнд Ууганбаатар түүний эхнэр Болороотой 2018.05.20-ны үед уулзсан. Тэгээд би эмнэлэгийн орлогч дарга Болор-Эрдэнэтэй уулзахад "би эмнэлэгийн бичгийг нь зуруулаад өгье. Гэхдээ явталаа эмчилгээ хийлгэчих. Очоод элэг нь задарчихвал яах юм бэ" гэсэн хариу өгсөн. Уулзсан талаараа Ууганбаатар болон эхнэр Болороод хэлээд шинжилгээ хийлгээд эмчлүүлээд ир гэж хэлэхэд та аргалаад өгөөч гээд 2,500,000 төгрөг бэлнээр өгсөн. 2018.08-р сард энхийг сахиулах ажиллагаанд явах хүмүүсээс биеийн тамирын шалгалт авдаг хүнтэй нь уулзах гэж байна гээд 1,000,000 төгрөг дахин өөрийн дансаар авсан. Тэгтэл Жанжин штабад ажилладаг Бат-Эрдэнэ гэх найзтайгаа маргалдсанаас болоод Ууганбаатарыг явуулах боломжгүй болсон тул нөөцөнд оруулж өгөхөөр болоод 2018.08-р сарын сүүлээр 1,500,000 төгрөг өөрийн дансаар авсан. 2018.09-р сард гадаад хэргийн яам дээр виз даруулах гээд Ууганбаатарын материалыг бүрдүүлж өгөхөд гадаад паспортоо өгөөгүйгээс болоод ганцаараа виз нь дарагдаагүй хоцорчихсон байсан. Паспортыг нь аваад виз даруулахаар хөөцөлдсөн боловч бүтээгүй. Ууганбаатарыг явуулж өгч чадаагүй болохоор мөнгөө буцааж өгөөрэй гэсэн. Би мөнгийг нь олж өгөх гээд хайж байгаа. Яг тулгамдчихсан болохоор мөнгө олдохгүй байна. Бид аль болох эв зүйгээр энэ асуудлыг шийдэх гэж ярилцсан гэх мэдүүлэг /1 хх-н 177-178/,

 

4.         Хохирогч Э.Амартайваны мөрдөн байцаалтад өгсөн:

"...би дүүгийн найзаас А гэдэг эмэгтэй цэргийн ангид хүмүүсийг оруулж өгдөг гэж сонсоод Атэй утсаар холбогдож байгаад өөрийнхөө аймагт буюу Сүхбаатар аймгийн барилгын цэргийн 338 дугаар цэргийн ангид ажилд орохоор урьдчилгаа 2.500.000 төгрөг өгөхөөр болж 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Аийн гэрт нь очиж Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороолол 412 дугаар байрны 3 дугаар орц, 4 давхарт 151 тоотод байдаг гэрт нь очиж бэлнээр 500.000 төгрөг өгөөд маргааш нь 2.000.000 төгрөгийг мөн бэлнээр гэрийнх нь хажууд кофе шопод байхдаа өгсөн юм. Тухайн үедээ 2017 оны 12 дугаар сарын дундуур ажилд оруулна гэж байсан. 2018 оны 04 дүгээр сарын эхээр Зэвсэгт хүчний Жанжин штабаас ажилд орох материал чинь ирчихсэн байна ирж шалгалтаа өг гэж хэлэхээр нь очтол миний баруун гарын булчин хэсэгт шивээстэй гээд тэнцээгүй юм. Би энэ талаараа Ат хэлтэл нэмээд 500.000 төгрөг өгчих тэгээд шалгалтыг чинь аргалж өгье гэхээр нь 5082069108 дугаартай данс руу 500.000 төгрөгийг ах Амартүвшингийн 5002355958 данснаас шилжүүлсэн юм. Би анх уулзахдаа л Ат би шивээстэй шүү шивээстэй болохоор албанд оруулдаггүй юм аа гэж хэлж байсан. Би өөрөө төрийн албанд шивээстэй хүн авдаггүй гэдгийг мэддэг учраас энэ хүнээр дамжуулж орохоор мөнгө өгсөн юм..." гэх мэдүүлэг /1 хх-н 244, 249/,

 

-хохирогч Э.Амартайваны цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1 хх-н 235-236/,

-Цахим гүйлгээний баримт /1 хх-н 237-238/,

-А.Батсуурийн 5082069108 дугаартай Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх-н 41/,

 

Шүүгдэгч А.Аийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би Сүрболд гэдэг залууг афган явахад нь тусалсан юм. Тэгсэн чинь тэр залуу явахаасаа өмнө "манай нэг найзын ах нь байна цэргийн ангид оруулж өгч чадах уу" гэж хэлэхээр нь судлаад хариу өгье гэж хэлсэн. Тэгээд Амартайван гэдэг залуутай уулзаад судлаад хаана орох сонирхолтой байгааг асуухад "Сүхбаатар аймаг юм уу, Орхон аймагт ажилмаар байна" гэж хэлэхээр нь би БХИС-ын Удирдлагийн сургуулийн захирал Энхбилэг генералд хэлээд Сүхбаатар аймгийн 338 ангийн дарга, хурандаа Бат-Эрдэнэтэй яриад "орон тоо байгаа бол нэг хүн аваадах" гэж хэлүүлсэн юм. Тэгээд Амартайванд хэлээд анкетаа бүрдүулээд Бат-Эрдэнэ даргатай очиж уулз гэж хэлээд Сүхбаатар аймаг руу явуулсан юм. Тэгээд Амартайван очиж уулзаад материалаа өгөөд сонгон шалгаруулалтанд орохоор болсон юм. Амартайван сонгон шалгаруулалтанд ороод биеийн тамирийн шалгалтандаа бол тэнцсэн боловч өөрөө гарын бугуй дээрээ шивээстэй гэсэн шалтгаанаар хасагдсан байсан. Энийг ч гэсэн өөрөө надад хэлэхээр нь би Жанжин штабын хүний нөөцийн дарга хурандаа Номт, Дашзэвэг дарга нартай яриад "манай дүү наад дотор чинь байна, та нэг уулзаад шивээснийхэн асуудлыг шидээд өгөөч" гэж хэлээд Амартайванд хүртэл хэлээд энэ хүмүүстэй уулзуулсан юм. Номт хурандаа "эрхтэн хэлэхгүй яасан юм бэ ямар ч байсан түрдээ байж бай" гэж хэлээд Амартайваныг явуулсан байсан. Тэгээд Баялаг генерал надад "ямар ч байсан хүн амьтантай ярисан болгоно шивээснийхэн асуудлыг шийдэж өгнө чадаж ядахаараа туслана" гэж хэлээд явуулсан. Тэгээд "сонгон шалгаруулалт дуусаад, тушаал гарахаар дуудна" гэж хэлээд явуулсан. Ингээд бид 2 хүлээгээд байж байх хооронд Амартайван надруу байн байн залгаж асуугаад хүлээцгүй зан гаргаад байсан. Ингээд тушаал гаргана гэдгийг хүлээлгээл байж байх хооронд энэ Амартайван холбоогүй болсон юм. Тэгсэн чинь Амартайваны ах гэх залуу залгаад "ажилд орохоо болилоо мөнгө авъя аа, дүүгээ гадагшаа явуулахаар боллоо" гэж хэлэхээр нь би "нэгэнт баахан хүнтэй яриад мөнгө төгрөг өгөх боломжгүй болсон жоохон хүлээ" гэж хэлхэд "дүү маань аваарт орсон ажилд орох боломжгүй" гэж хэлж байсан. Тэгээд үүнээс маргаан үүсэж эхлэсэн юм. Би энэ хооронд жирэмсэн байсан учир дутуу төрөөд хүүхдээ эмнэлэгээр авч явхад хүртэл надруу дайраад юм ойлгохгүй байсан. Би "хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэж байна, мөнгийг чинь өөр хүн оронд чинь оруулаад өгнө" гэж хэлээд ойлгохгүй байхаар нь ханддаг газраа ханд гэж хэлээд уурлаад хэрэлдээд салсан. Би ямар нэгэн ажилгүй хүн зүгээр л танилын хүрээнд туслах юм байвал туслаад өгөхийг боддог. Би олон хүнд л тусалсан. Би шан харамж аваад байдаггүй хүний өгсөн мөнгийг л авдаг. Ямар нэг цэргийн байгууллагад хүн ажилд авдаг, зуучилдаг эрх бүхий этгээд биш гэх мэдүүлэг /2 хх-н 56-57/,

 

5.         Хохирогч Б.Бадамын мөрдөн байцаалтад өгсөн:

"...тэгэхээр нь би ажиллагаанд явж чадахгүй юм болов уу яанаа гээд байж байтал манай ажлын Ууганбаяр гэх залуу нэг эмэгтэйгээр найдвартай хөөцөлдүүлж байгаа гэж сураг дуулсан. Тэгээд хүмүүсээс сураг дуулахад Ану гэх нэртэй эмэгтэй хүн найдвартай явуулж өгч байна гэсэн. Тэгээд Ану гэх хүний утасны дугаарыг аваад утас руу нь яриад миний эрүүл мэнд талаас Асат өндөр гарсан байна гэж хэлэхэд наадах чинь асуудалгүй 3.000.000 төгрөг өгчих гэхээр нь тийм их байдаг юм уу гэхэд тийм шдээ гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд тэр өдрөө байх Ууганбаяр болон Ууганбаярын эхнэр нарын хамтаар Ану гэх тэр хүнтэй уулзахад явбал та нарт хэрэгтэй. Та нар явлаа гэхэд их хэмжээний мөнгө авна гэж хэлсэн. Тэгээд би яах бэ гээд хүнээс мөнгө төгрөг асууж байгаад 1.500.000 төгрөг бүрдүүлээд Ану гэх хүнтэй яриад 1.500.000 төгрөг байна илүү мөнгө байхгүй байна гэж хэлэхэд зүгээр зүгээр наадхаа өгчих үлдэгдпийг нь хэзээ өгөх юм гэхээр нь цалингийн зээл авч байгаад өгье гэж хэлээд цэргийн госпиталь дотор сууж байхдаа утаснаасаа интернэт банкаараа 1.500.000 төгрөгийг А гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд маргааш өдөр нь хасагдах хүний тоонд ороод дараагийн шалгалтанд орж чадаагүй..." гэх мэдүүлэг / 2хх-н 75/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Бадамын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2 хх-н 71-72/,

-Б.Бадамын 5089026655 дугаартай Хаан банкны дансны хуулга /2 хх-н 78/,

 

Шүүгдэгч А.Аийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2018 оны 06 дугаар сард Бадам гэх хүн надтай уулзаад Энхийг дэмжих ажиллагаанд шаардлагатай эрүүл мэндийн шинжилгээнд туслаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Цэргийн төв госпиталын дарга Гүржав гэх хүнтэй орж уулзуулсан. Тэгэхэд Гүржав гэх хүн тэр хүнийг гараад байж бай гээд бичиг баримтыг нь үзээд нэрийг нь тэмдэглэж авсан. Бадам гэх хүний шинжилгээ нь элэгний вирустай гарсан байсан. Тэр шинжилгээг нь асуугаад өгье гэж хэлсэн. Тэгээд би 2018.05.16-ны өдөр өөрийнхөө Хаан банкны 5058077367 тоот дансаар 1,500,000 төгрөгийг авсан. Армид байдаг хүн оруулж өгнө гэж байсан боловч бүтээгүй юм. Тэр мөнгийг аваад хэрэглэчихсэн учраас буцааж өгч чадаагүй гэх мэдүүлэг /2 хх-н 77/,

 

6.         Хохирогч М.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

"...Ану гэх хүүхэнтэй холбогдоод мөнгийг нь өгчихвөл сургуульд оруулж өгч чадна байх гэж хэлэхээр нь дүүтэйгээ ярилцаад нөгөө Ану гэх хүүхэнтэй нь холбогдож манай дүү Ану гэх хүний өөрийнх нь өгсөн данс болох 5090194026 дугаартай Сайнжаргал овогтой Алтан гэх хүний данс руу 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөг шилжүүлж дараа нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний мөн Ану гэх хүүхний өгсөн данс болох 5094503383 дугаартай данс руу 200.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 5138027317 дугаартай данс руу 100.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 5094503383 дугаартай данс руу 200.000 төгрөг тус тус шилжүүлсэн юм. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүүхэд маань сургуульдаа орж чадахгүй болчихоод мөнгө төгрөг, хүүхдийнхээ бичиг баримтуудыг авъя гэхэд за та нар түр хүлээж бай гэхээр нь 2 өдөр хүлээсэн боловч өгөхгүй болохоор нь өөртэй нь уулзаж бичиг баримтаа авч, мөнгөө авъя гэхэд дараа өгье өнөөдөр 1.000.000 төгрөгийг нь өгнө өө гэж хэлчихээд алга болчихсон. Ану гэдэг хүн биш Алтан овогтой А гэдэг эмэгтэй байсан. Өөрийгөө худал нэр барьж мөнгө залилдаг хүн байна гэдгийг мэдсэн. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 200.000 төгрөгөө Улаанбаатар хотын Нарантуул захын Хаан банкны салбар дээрээс шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /2 хх-н 132/

 

Гэрч Б.Мөнхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 06 дугаар сарын 20-ны үеэр би Улаанбаатар хотод хувийн ажлаар очсон байсан юм. Тэгээд би өөрийн найз А.Номинтой уулзаад байж байтал найз нь гэж анх ирээд хоол идэж байхдаа танилцахад надад Ану гэж нэрээ хэлж байсан. Танилцаад сууж байхад өөрийгөө прокурор ажилтай. Одоо амралттай байгаа, ямар нэг ажил хөөцөлдөх бол ярьж болно шүү гэж байсан юм.Тэгээд 2018 оны 06 дугаар сард манай эгчийн хүүхэд А.Сүхбат Батлан хамгаалахын их сургуульд шалгалт өгөөд орж чадаагүй болохоор нь би нөгөө Ану гэх хүүхнийг эгчид хэлсэн чинь яриад үз гэсэн юм. Тэгэхээр нь би Ану гэж танилцсан хүүхэн рүү ярихад бичиг баримтыг нь явуулчих гэхээр нь явуулчихаад байж байтал 2 хоногийн дараа буюу 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1 сая төгрөг явуулчих гээд авсан. Тэгээд тэрний дараахан бас 1 сая төгрөг эгчээс авч явуулж байсан. Одоо яг хэдний өдөр ямар данс руу хийж байсан гэдгээ сайн санахгүй байна. Нийт 2.500.000 төгрөг авчихаад манай дүүг сургуульд оруулж өгөөгүй. Тэгээд 2018 оны 09 дүгээр cap өнгөрөөд сургууль орчихоод байхад нөгөө хүүхэн утсаа авахгүй алга болоод эгч бид хоёр хайгаад байсан. Олдохгүй байж байгаад 2018 оны 09 дүгээр сарын эхээр хотод манай эгч очиж уулзаад хүүхдийнхээ бичиг баримтыг олж ирсэн. Тэгсэн Алтан овогтой А гэж хүн байна, ер нь хүн залилдаг хүн байна гэсэн. Би өөр юм мэдэхгүй байна. Одоо хүртэл нэг ч төгрөг авч чадаагүй байгаа гэх мэдүүлэг /2 хх-н 138/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-н 124/

-хохирогч М.Оюунгэрэлийн мөнгө шилжүүлсэн тухай баримтууд, дансны хуулга /2 хх-н 126-129/,

 

Шүүгдэгч А.Аийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би Сүхбаатар аймгийн ЕБС-д сурдаг Номин гэх эмэгтэйтэй гэр бүлийн найзууд бөгөөд Номингоор дамжуулаад Оюун-Эрдэнэ гэх эмэгтэйтэй 2017 онд танилцаж байсан юм. Оюун-Эрдэнэ нь Улаанбаатар хотод ирээд манай гэрт ирж байсан. 2018 оны 06 дугаар сард байх надад хэлэхдээ манай эгчийн хүүхэд Батлан хамгаалах их сургуульд орох гэж байгаа юм. Оруулах боломж байна уу гэхээр нь би асууж өгье гэж хэлсэн. Тэгээд би Оюун-Эрдэнийн эгч Оюунгэрэл гэх хүнээс 2 сая төгрөг, 200 мянган төгрөгөөр 2 удаа, 100 мянган төгрөгөөр 1 удаа гээд ямар ч л байсан нийт 2.500.000 төгрөгийг авсан нь үнэн. Тэр мөнгийг би өөрөө хэрэглээд дуусгасан. Би өөрийн буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед зээлтэй байсан болохоор би ээж Алимаагийн эзэмшлийн Хаан банкны 5094503383 тоот дансаар авсан шиг санагдаж байна. Би өөрийгөө прокурорт ажилладаг гэж хэлээгүй, шүүх, прокурор, шүүхийн шийдвэрт таньдаг хүн байдаг гэж ярьж байсан. Манай гэрийнхэн намайг Ану гэж дууддаг учраас өөрийгөө Ану гэж танилцуулсан гэх мэдүүлэг /2 хх-н 153/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч А.Аийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-н 25-34/ зэрэг нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргаж өгсөн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, төрсний бүртгэлийн лавлагаа, эмнэлгийн үзлэгийн баримт, гэрэл зураг зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч,  гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн.

 

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч А.Аийн хохирогч нарын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газрын газраас шүүгдэгч А.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдэлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хувийн хэрэгцээг эхний ээлжинд хангах санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

Хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ төрлийн гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

 

Шүүгдэгч А.А нь хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Төрийн байгууллагад ажилд орох, төрийн хэвшлийн их дээд сургуульд элсэхэд тодорхой шалгуурыг хангасан тохиолдолд тухайн байгууллагын төрийн захиргааны төв байгууллага болон бусад холбогдох байгууллагаас хэм хэмжээ тогтоосон журамын дагуу материалыг бүрдүүлэн өгч шийдвэрлүүлдэг. Харин хэн нэгэн субьект бусдаас мөнгө авч бусдад өгч өөрөө дундаас нь ашиг олох замаар ажилд орох, сургуульд элсэх ажиллагаа явагддаггүй.

 

Хохирогч нарын хувьд дээрх нөхцөл байдлыг өөрсдөө бүрэн мэдэж, ухамсарлаж байсан хэдий ч өөрийн ашиг сонирхолыг тэргүүн ээлжинд хангах зорилгоор хууль бус үйлдэл хийж шүүгдэгчид өөрсдийн эд хөрөнгө болох тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлэн өгчээ. Гэвч хохирогч нарын хувийн байдал болон зүй бус хүсэл, шаардлага нь шүүгдэгчид энэ гэмт хэргийг үйлдэх шалтгаан болохгүй.

 

Шүүгдэгч А.А нь ямар нэгэн байгууллагад ажилладаггүй, төрийн албанд боловсон хүчин ажилд авах, оруулах, ажилуулах эрх бүхий субект биш болохоо өөр сайтар ухамсарлаж байсан ч хохирогч нараас өөрийн болон өөрийн ойр дотны хүмүүсийн дансаар болон бэлнээр мөнгө шилжүүлэн авсан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд шүүгдэгч А.Аийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч А.Ат ял оногдуулахад тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх тусгайлан хуульчилсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас нэр бүхий 6 иргэн хохирсноос хохирогч Э.Алтансүмд учирсан хохиролоос 500.000 төгрөгийг шүүгдэгчийн ар гэрийн зүгээс хохирогчид төлсөн байх бөгөөд бусад хохиролыг төлж барагдуулаагүй болох нь тэдний мэдүүлэг, тэдэнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд өгсөн тайлбараар тогтоогдож, хохирол төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчээс 21.880.000 төгрөг гаргуулж 5.500.000 төгрөгийг хохирогч Э.Алтансүмд, 4.780.000 төгрөгийг хохирогч Ч.Энхцэцэгт, 4.600.000 төгрөгийг хохирогч Т.Болортуяад, 3.000.000 төгрөгийг хохирогч Э.Амартайванд, 1.500.000 төгрөгийг хохирогч Б.Бадамд, 2.500.000 төгрөгийг хохирогч М.Оюунгэрэлд тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид тусгайлан хуульчилсан хохирогч нарын зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндэрүүлэх нөхцөл байдал тус тус тооцлоо.

 

Шүүгдэгч А.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохиролыг төлж барагдуулаагүй байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хохирогчид хор уршиг учираад өнгөрсөн хугацаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.А нь 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр  охин Галзууд овогт Хадбаатарын Аззаяаг төрүүлсэн, 3 хүртлэх насны хүүхэдтэй эх болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтууд болох 11101010221 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй.

Шүүгдэгч А.А нь ногоо тарих ажил эрхэлж байгаа. Хохирогч нарын хохиролыг төлж барагдуулах боломжтой үүсэж байгаа учир хохиролыг ямар нэгэн маргаангүйгээр төлж барагдуулна гэж шүүх хуралдаанд тайлбарласан болно.

Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч А.Ат гэмт хэргийн улмаас нэр бүхий хохирогч нарт учирсан хохиролыг төлж барагдуулах талаарх арга хэмжээ авах, оршин суугаа хаяг, ажилаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж байх үүргийг хүлээлгэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй зэргийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Аийн Аийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аийг гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хоёр жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажилаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

6. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аээс 21.880.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Алтансүмд 5.500.000 төгрөг, хохирогч Ч.Энхцэцэгт 4.780.000 төгрөг, хохирогч Т.Болортуяад 4.600.000 төгрөг, хохирогч Э.Амартайванд 3.000.000 төгрөг, хохирогч Б.Бадамд 1.500.000 төгрөг, хохирогч М.Оюунгэрэлд 2.500.000 төгрөг тус тус олгосугай.

 

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч А.Ат хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ат урьд хэрэглэсэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ