Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1006

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

 

    2020      05         28                                    2020/ШЦТ/1006

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Д.Ариунжаргал,   

Нарийн бичгийн дарга Г.Хулан,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр,  хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хн Ж овгийн Сийн Бөд холбогдох эрүүгийн 2006 01811 9229 дүгээр хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо ганцын задгайд гэр бүлийн харилцаа хамаарал бүхий иргэн Д.Эрдэнэцэцэгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, хэвлий гуя хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 01811 9229 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч С.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би гэртээ нөхөр 2 бага хүүхдийн хамт байхдаа Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво 2 ширхэгийг уусан. Пиво ууж байхдаа “хүүхдүүдийнхээ дэргэд архи, пиво уухгүй байя. Хүүхдүүд аавыгаа харж хүмүүждэг юм байна лээ, манай 10 жилийн ангийн хүүхдүүд архи уухгүй хүнтэй сууна гэж ярьдаг байсан” гэж хэлэхэд “танай тэр янхан найз нарыг би яаж мэдэх юм бэ” гэж хэлээд гараараа нэг удаа миний баруун нүд рүү цохиод “пизда, гичий” гэж хэл амаар доромжилоод миний шанаа руу ээлжилж нэг, нэг удаа цохисон ба нүүр лүү дахиж нэг удаа цохисон. Тэгээд хэвлийн баруун хэсэг, цээж, баруун гар, зүүн гуя руу өшиглөсөн. Тэр үед манай хоёр хүүхэд уйлахад намайг зодохоо больсон.

2020 онй 03 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн орчим манай нөхөр нүүрс авах гээд түрийвчээ хайж байх үедээ надаас түрийвч харсан талаар асуухаар нь би мэдэхгүй гэхэд миний баруун гар руу нэг удаа өшиглөсөн. Би “чи яагаад намайг дарамталж, цохиж нүддэг юм бэ” гэхэд намайг хэл амаар доромжилсон. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх 15-16/,

 

Гэрч Г.Марал-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2020 оны 03 дугаар сарын 24-ний шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран уулын ганцын задгайд гэртээ унтаж байх үед хашаан дотор машин сигналдахаар нь гарч харахад Эрдэнэцэцэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой үнэртүүлсэн ирсэн. Би юу болсон талаар асуухад Б миний хоёр нүд рүү болон баруун талын хэвлий орчим цохисон гэж хэлээд уйлаад байсан. Шөнийн 03 цагийн үед том хүү Төгсбаясгаланг дагуулаад гэр рүү нь явсан. Өглөө 08 цагийн үед Б манай гэрт ирээд машины түлхүүрээ аваад гарсан. Эрдэнэцэцэг эгч над руу залгаж хүрээд ир гэхээр нь очиход Эрдэнэцэцэг эгч намайг хэвтэж байх үед Б хэвлий орчимд нэг удаа өшиглөөд зүүн талын шанаа руу нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх 24-25/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны 4021 дугаартай:

“Д.Эрдэнэцэцэгийн биед 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, бугалга, хэвлийн баруун доод хэсэг, зүүн гуя, цээжний зүүн дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх 33-34/,

 

Шүүгдэгч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн үед хамтран амьдрагч Эрдэнэцэцэгтэй хамт машинаа угааж дуусаад гэртээ хоол унд идэж байх үед пиво ууя гэж хэлээд зам дагуу дэлгүүрээс 2.5 литрийн Нийслэл пиво 3 ширхэгийг авсан. Эрдэнэцэцэг бид хоёр пивыг хувааж уухдаа ойр зуурын яриа өрнүүлсэн. 2 дахь пивыг ууж дуусах үед Эрдэнэцэцэг намайг архичин, хөгшин гэж хэл амаар доромжлохоор нь үлдсэн нэг пивыг Эрдэнэцэцэгийн дээрээс асгасан. Тэгээд маргаан эхлэсэн ба Эрдэнцэцэг намайг алаач, зодооч гэж орилоод байхаар нь би баруун гараараа түүний зүүн хацар руу алгадсан ба дахиж 2-3 удаа алгадсан.

Маргааш өглөө нь сэрэхэд гэр хүйтэн байхаар нь би хүүхдүүд даарлаа гэж хэлэхэд Эрдэнэцэцэг надтай эвгүй өнгө аясаар харьцахаар нь Эрдэнэцэцэгийн хэвтэж байсан орыг өшиглөөд хоёр хүүхдээ дагуулаад гэрээс гарсан” гэх мэдүүлэг /хх 45-46/,

 

-Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 04/,

-Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 06/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч С.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 47/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх 48/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 49/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 51/, төрсний гэрчилгээний хуулбар /хх 52 53/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх прокурорт гаргасан хүсэлт /хх 74, 75/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Б нь гэр бүлийн  хүчирхийлэл үйлдлэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч С.Бийн хамтран амьдрагч Д.Эрдэнэцэцэгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Д.Эрдэнэцэцэг нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх ба шүүх хурлын тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгч С.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Сийн Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.         

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ