Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00661

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/03248 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаар магадлалтай,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Ү” ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 9.426.295 төгрөг, алданги 3.000.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөг нийт 13.426.295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дашдаваа, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Австрали улсын SUNRICE будааны Монгол дахь албан ёсны дистрибьютер бөгөөд Ү ХХК-тай 2014-2016 оны хооронд хамтран ажиллаж, тус брэндийн бүтээгдэхүүнийг зээлээр ханган нийлүүлж байсан. Ү ХХК нь манай компаниас зээлээр худалдан авсан бүтээгдэхүүнийг өөрийн Good price сүлжээ дэлгүүрээр дамжуулан борлуулсан байдаг. 2016 оны 09 сарын 30 өдрийн төлбөр төлөх тухай 16/245 тоот албан бичигт: ... 2016 оны 10 сард 5.000.000 төгрөг, 2016 оны 11 сард 6.000.000 төгрөг, 2016 оны 12 сард 10.396 690 төгрөг  тус бүр төлөхөө уг албан бичгээр мэдэгдэж байна гэдгээ илэрхийлсэн боловч төлөөгүй. Ү ХХК нь 16/245 тоот албан бичигт дурдсан хугацаандаа төлбөр тооцоог бүрэн дуусаагүйгээс бид Зээлийн гэрээний дагуу хоногт 0,1 хувийн буюу 20.000 төгрөгийн алдангийг 5-н сарын хугацаанд төлж, нийт 3.000.000 төгрөгийн хохирол хүлээсэн. Хамгийн сүүлд 2017 оны 04 сарын 06 өдрийн тооцоо нийлсэн актаар 9.426.295 төгрөгийн барааны төлбөр тооцооны өглөгийн үлдэгдэлтэй гарсан Иймд Ү ХХК-аас зээлээр нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 9.426.295 төгрөг, албан бичгээр мэдэгдсэн хугацаандаа төлбөр төлөөгүйгээс учруулсан хохирол 3.000.000 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний зардалд төлсөн төлбөр 1.000.000 төгрөг, нийт 13.426.295 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “М” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 9.426.295 төгрөгийн тооцоо нийлсэн актаар нотлогдох тул маргахгүй, зөвшөөрнө. Үлдэх төлбөрийг зөвшөөрөхгүй. Сүүлийн хүсэлтээс өөр хууль зүйн туслалцаа үзүүлсэн зүйл харагдахгүй байна. Шүүх дээр өмгөөлөгч ирээгүй. Заавал гарах ёстой байсан зардал биш. Учир нь төлбөрөө төлнө гэсээр байхад шүүхэд хандаж өмгөөлөгч авсан. 3 саяын хувьд зээлийн гэрээнд хүү алга. Алданги төлсөн баримт хэрэгт байхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/03248 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Ү ХХК-иас 9,426,295 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 165,771 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/03248 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 165.775 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/03248 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 32 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх манай байгууллагаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9,426,295 төгрөг гаргуулсан атлаа Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг үндэслэсэн нь хуульд нийцэхгүй, мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо “зээлээр нийлүүлсэн” гэснийг анхаараагүй байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд холбогдох өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.   

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Ү” ХХК-с 13.426.295 төгрөг нэхэмжлэхдээ барааны үлдэгдэл төлбөр 9.426.295 төгрөг, хохирол 3.000.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөг гэжээ. Хариуцагч гэрээний гүйцэтгээгүй үүргийн талаар маргаагүй, харин бусад хэсгийг эс зөвшөөрчээ.

Шүүх хэрэг хянан шидвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, тооцоо нийлсэн актыг үндэслэн нэхэмжлэлээс 9.426.295 төгрөгийн шаардлагыг хангаж, хохирол учирсан нь тогтоогдоогүй гэж үзэж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. 

Нэхэмжлэгч эд хөрөнгийг худалдах, хариуцагч үнийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/03248 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 165.771 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ