Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 35

 

С.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01658/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр шийдвэртэй,  

Нэхэмжлэгч Боржигон овогтой С-гийн О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Орхон сумын 9 дүгээр цэцэрлэгт холбогдох

“Тэтгэмж 3.300.000 төгрөг гаргуулах” иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батаа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Цуурай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч С.О-ээс:

2015 оны 06 дугаар сард Х.Батаа дарга надад “тэтгэмжийн мөнгөнд хамрагдах материалаа бүрдүүлж, цохолт хийлгүүлээд нягтланд өгөөрэй” гэж хэлсэн. Даргын хэлсэний дагуу тэтгэмжийн мөнгөнд хамрагдах материалыг бүрдүүлээд нягтлан Ж.Мөнхцэцэгт өгсөн. Энэ мөнгө нь 2016 оны 08 дугаар сард цэцэрлэгийн дансанд орсныг би мэдээгүй. Дарга надад “чиний ажилласан жил хүрэхгүй байна. Гэхдээ нэг багшийн оронд 2 сар ажиллахад болох байх” гэж хэлсэн. 2 сарын дараа нягтлантай уулзахад миний мөнгийг урсгал засварт хэрэглэсэн гэж хэлсэн. Би 9 дүгээр цэцэрлэгт 6 жил гаруй ажилласан, миний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа 60 сар байна. Би хууль зөрчсөн ямар нэг асуудал байхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батаа:

Би 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдоод миний оронд багш хэрэгтэй болсон учир 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр С.О-ийг багшаар авч ажиллуулсан. С.О- нь 2010-2013 онуудад ажлаа сайн хийж байсан учир энэ хугацаанд багшийнхаа мэргэжил дээшлүүлэх болон нийгмийн асуудалд нь анхаарч бакалаврын сургалтад сургасан. Гэтэл 2014 оноос ажилд нь доголдол гарч, өмнөх онуудад ажиллаж байсан шигээ ажиллахаа больж, 2014 оны 04 дүгээр сараас 05 сар хүртэл, мөн 2014 оны 10 дугаар сараас эхлэн 2015 оны 06 дугаар сар хүртэл Казакстан улс руу явж амьдралаа дээшлүүлнэ гэж чөлөө авсан. Казакстанаас ирэхэд нь С.О- багшийг дуудаад 5 жилийн тэтгэмжийн мөнгөнд хамрагдах болсон байна, харин 2015 онд чи бүтэн ажиллаж байж авна гэдгийг анхааруулж хэлэхдээ өмнө нь жилийн чөлөө авсан байсан учраас сар чинь хүрэлцэхгүй гэж хэлээд мөнгийг суутгаад өгсөн. Ингээд 2015 оны 09 дүгээр сараас эхлэн ажилдаа ороод ажиллаж байтал 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн миний бие өвдөөд байна гэж хэлж яваад төрсөн ахынхаа эхнэрээр над руу өргөдөл явуулсан. Уг өргөдлийг үзэхэд ямар ч нотлох баримтгүй байсан тул би чөлөө өгөх боломжгүй гэж хэлсэн. С.О- багшийн 5 жил хүрэхгүй байсан учир энэ мөнгийг өгөх боломжгүй. Сар бүрийн мэдээнд мөнгө нь бүртгэгдээд явж байгаа. Би С.О-т мөнгийг өгөхгүй гэж огт хэлээгүй ажилласан жил нь 5 жил хүрч байгаа тохиолдолд миний зүгээс тэтгэмжийн мөнгийг олгоход татгалзах зүйлгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр:

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д зааснаар Дархан-Уул аймгийн Орхон сумын 9 дүгээр цэцэрлэгээс тэтгэмж 3.300.000 төгрөг гаргуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Орхон сумын 9 дүгээр цэцэрлэгээс 67.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батаа давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч С.О- нь 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Орхон сумын 9 дүгээр цэцэрлэгт бүлгийн багшаар ажилд орж 4 жил 6 сар ажилласан. 2015 оны 6 дугаар сард надтай уулзаж дараа оны төсөвт тасралтгүй 5 жил ажилласны тэтгэмжийг суулгаж өгөөч, би 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэхэд “Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай 5 жил ажилласан хугацаа болох юм” гэж хэлсэн. Би түүнд 2015 онд бүтэн ажиллаж байж мөнгө авах эрх үүснэ сайн ажиллаарай гэсэн. Учир нь С.О- 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 7 дугаар сарын чөлөө аваад ажиллаагүй. С.О-ийг нь 2015 онд сайн ажиллана гэсэн боловч зун нь амарч байгаад 2015 оны 09 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сар хүртэл 1 сар ажиллаж байгаад ажлаа хаяж явсан тул С.О-ийн ажиллаагүй бүх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй. Анхан шатны шүүх нь С.О- 5 жил хүрээгүй хугацаагаар ажиллаагүй байхад дээрх тэтгэмжийг олгуулахаар шийдвэрлэсэн байна. тэтгэмжийг олголоо гэхэд мэргэжлийн хяналтын газар шалгаж акт тавидаг юм. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.О- Дархан-Уул аймгийн Орхон сумын 9 дүгээр цэцэрлэгт холбогдуулж тэтгэмжийн мөнгө 3.300.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг хуульд заасны дагуу тасралтгүй 5 жил ажиллаагүй тул тэтгэмжийг өгөх боломжгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх Боловсролын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлан нэхэмжлэгч С.О-ийг тус цэцэрлэгийн багшаар 5 жил ажилласан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч байгууллагын төлөөлөгч давж заалдсан гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон болсон үйл баримтыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийв.

Нэхэмжлэгч С.О- Орхон сумын 9 дүгээр цэцэрлэгийн багшаар 2010 оны 02 дугаар сарын 01-нээс ажиллаж эхэлсэн болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон бусад бичгийн баримтуудаар нотлогдох бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь 2010 оны 02 дугаар сарын 01-нээс 2016 оны 04 дүгээр сарын 01 хүртэл 06 жил 02 сар тус цэцэрлэгт багшаар ажилласан нь С.О-ийн 2014, 2015 онуудад захиргааны түр чөлөө хүсч гаргасан 4 удаагийн өргөдөл, цэцэрлэгийн захирлын тухай бүрд нь гаргасан тушаалууд, цалингийн түүвэр, дансны хяналтын тайлан, талуудын тайлбараар нотлогдоно.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч өөрөө санаачлан нэхэмжлэгчийг хуульд заасан тэтгэмж авах болзол хангаж байгаа тул холбогдох баримтаа бүрдүүлж өгөхийг даалгаж байсан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдоно.

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д “Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох” гэж заасан бөгөөд хариуцагч байгууллагад тухайн жилийн төсөвт суугаад тэтгэмжийн зориулалтаар байгууллагын дансанд орсон мөнгийг захиран зарцуулах эрх хуулиар олгогдоогүй болно.

Нэхэмжлэгч С.О-ийн 9 дүгээр цэцэрлэгтэй байгуулсан хөдөлмөрийн эрхийн харилцаа 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дууссан байх бөгөөд захиргааны чөлөөтэй байсан хугацаа нь хөдөлмөрийн эрхийн харилцаа тасарсан гэж үзэх үндэслэлгүй болно.

Мөн Боловсролын тухай хуулиар тэтгэмж олгохдоо “...5 жил тутамд нэг удаа...” гэж хуульчилсан бөгөөд хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар  “тасралтгүй 5 жил” гэж хуульчлаагүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь зөв үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 –д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймгийн Орхон сумын 9 дүгээр цэцэрлэгийн төлөөлөгч Х.Батаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.500 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ОЮУНЦЭЦЭГ

                                ШҮҮГЧИД                                          С.ЭНХЖАРГАЛ

                                                                                           Л.АМАРСАНАА