Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2021/0522

 

 

 

 

  

 

“Б Х Г Н С Г Х Х” НҮТББ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н., Б.Ж хариуцагч Х.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар шийдвэртэй, “Б Х Г Н С Г Х Х” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн халх гол сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38,4-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “Буйрнуур халх гол нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын, Дорнод аймгийн халх гол сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Дорнод аймгийн Халхол сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/113 дугаар захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг цуцлахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “... “С Б” ХХК нь газрын тухай холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдээд байхад, өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэл бүрдсэн байхад сумын Засаг даргын зүгээс газар эзэмших эрхийг гэрчилгээг цуцлах, хүчингүй болгох арга хэмжээ авалгүй, хууль бус эс үйлдэл гаргасан.

Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу эрх бүхий захиргааны , албан тушаалтан нь аливаа шийдвэр гаргахдаа мэргэжлийн болон холбогдох төрийн захиргааны байгууллагаас холбогдох мэдээлэл, лавлагаа, дүгнэлт гаргуулж, дээр дурдагдсан нөхцөл байдлыг тодруулах үүрэг, боломж байгаа бөгөөд Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмшилд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой билээ.

Бид энэ талаар буюу газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл бий болсон талаар мэдсэн даруйдаа Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга, Дорнод аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан хэдий ч хуулийн дагуу судлан үзээд, газар эзэмших эрхийг цуцлахаас татгалзсан хариу ирүүлсэн.

Захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй.

Гэтэл хуульд заасны дагуу дээрх газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргахгүй, эс үйлдэхүй гаргаж байгаа бөгөөд энэхүү эс үйлдэхүй нь хууль бус байх тул дээрх байдлыг тогтоолгож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах нь зүйтэй тул нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн зүгээс Газрын тухай хуулийн болон холбогдох бусад хуулийн дараах заалтууд зөрчигдсөн талаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.7.

...Тус компани нь газар эзэмших гэрээг жил бүр дүгнүүлэх хууль тогтоомжид заасан үүргээ хэрэгжүүлээгүй, химийн хортой бодис бордоо ашигласан талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт удаа дараа гарч байсан.

Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Байгаль орчны нөлөөлөх ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ” гэж заасан үүргээ зөрчсөн нь аймгийн Байгаль орчин, ачлал жуулчлалын газраас ирүүлсэн албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Г-н гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр нотлогддог.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Байгаль орчны аудитыг байгалийн нөөц, баялгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь хоёр жил тутам хийлгэж, холбогдох дүгнэлт, зөвлөмж гаргуулан хэрэгжүүлэх бөгөөд зөвлөмжид заасан хугацаанд тайлангаа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хүргүүлнэ” гэж заасныг зөрчсөн.

Мөн 2017-2019 онуудад тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй тухайн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Г-н мэдүүлэгт дурдагдсан төдийгүй, Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн газрын хэлтсийн дарга бөгөөд газар тариалангийн үйлдвэрлэл технологи хариуцсан мэргэжилтэн Ч.С-н 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Дорнод аймгийн 2018 оны үр тарианы тариалалтын эцсийн мэдээ”, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Дорнод аймгийн 2019 оны үр тарианы тариалалтын мэдээ”-нд “С Б” ХК Халхгол сум ангилалд огт байхгүй байгааг шүүх анхаарч үзээгүй.

Харин “Т С Б” ХХК-ийн мэдээг “С Б” ХК мэтээр тайлбарласан, шүүхийн шийдвэрийн үндэслэлд тусгасан нь бус төдийгүй хэрэг шийдвэрлэхэд нөлөөлсөн.

Ер нь газар ашиглалтыг нэг төрийн захиргааны байгууллагын албан тоотоор дүгнэхгүй бөгөөд, жил бүр газар эзэмших гэрээгээ дүгнүүлсэн актыг үндэслэн тогтоодог. Шүүхээс ийнхүү хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасны дагуу Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, үүнийг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй байх тул хэргийг гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Нэхэмжлэгч ““Б Х Г Н С Г Х Х” НҮТББ-аас Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад холбогдуулан “Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/113 дугаар захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг цуцлахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/113 дугаар захирамжаар[1] “Ж Э Э Э” ХХК-ийн газар тариалангийн зориулалтаар эзэмшиж байсан 1631,2 га газрын эзэмших эрхийг “С Б” ХХК-д шилжүүлжээ.

Нэхэмжлэгчээс “С Б” ХХК нь “газар эзэмших гэрээг жил бүр дүгнүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, химийн хортой бодис бордоо ашигласан талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт удаа дараа гарсан, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг газар эзэмшихээс өмнө хийх үүргээ зөрчсөн, байгаль орчны аудитыг 2 жил тутам хийлгэх, холбогдох дүгнэлт, зөвлөмж гаргуулан хэрэгжүүлэх, зөвлөмжид заасан хугацаанд тайлангаа аймгийн байгаль орчны албанд хүргүүлээгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, 2017, 2018, 2019 оны үр тариалалтын эцсийн мэдээнд Халхгол сум ангилалд байхгүй, газрыг ашиглаад нөхөн сэргээлт хийгээгүй, технологи, горимыг мөрдөж ажиллаагүйгээс цөлжилт үүсэж, тоосонцор дэгдэж байгаа, хөрсийг нэг жил ашиглаад дахин ашиглахгүй байх нь хөрсөнд халтай, Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.7- заасныг зөрчсөн байхад хариуцагчаас “С Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй нь нийтийн эрх ашгийг зөрчиж байна” гэж маргажээ.

Анхан шатны шүүхээс энэхүү нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл дээрх нотлох баримтыг дутуу цуглуулж, маргааны үйл баримтад дүгнэлт өгөөгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.” гэж заасантай нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлт, гэрээ, гэрчилгээ, газар эзэмших хувийн хэргийг хариуцагч байгууллагаас гаргуулах, гуравдагч этгээдээс газар эзэмших гэрээгээ дүгнүүлж байсан эсэх, Байгаль орныг хамгаалах тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий этгээдээр байгаль орчны аудит хийлгэж, дүгнэлт зөвлөмж гаргуулан, тайлан хүргүүлж байсан эсэх, гуравдагч этгээдээс газар тариалангийн зориулалтаар эзэмшихдээ байгаль орчинд ялангуяа хөрсөнд хортой нөлөөлөх, хохирол учруулах үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа эсэх, ийм үйл ажиллагаа явуулсан бол нөхөн сэргээлт хийж ажилласан эсэх, химийн хортой бодис бордоо ашигласан талаарх улсын байцаагчийн зөвлөмж, шаардлагын дагуу гуравдагч этгээдээс тухайн газрыг нөхөн сэргээж, хэвийн байдалд оруулах үйл ажиллагаа хэрэгжүүлсэн эсэх, маргаан бүхий газрыг ашигласнаас шалтгаалж цөлжилт үүсэж, тоосжилт дэгдэж байгаа эсэх, тухайн газрыг бүрэн хэмжээгээр бус хэсэгчлэн ашиглаж байгаа эсэх нөхцөл байдлыг тогтоох баримтуудыг цуглуулах шаардлагатай.

Түүнчлэн хэрэгт авагдсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн зөвлөмж, албан шаардлага нь Газрын тухай хуулийн 40.1.2-т “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгааллын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлт” гэж заасны дагуу гаргасан эрх бүхий байгууллагын дүгнэлт мөн эсэхийг тодруулж дүгнэлт өгөх, үүнээс өөр мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан эсэхийг тодруулах, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй хуулийн этгээд газар эзэмших боломжтой эсэхэд мөн дүгнэлт өгөх шаардлагатай.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг нэхэмжлэгч “Б Х Г Н С Г Х Х” НҮТББ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.                         

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

ШҮҮГЧ                                                        Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                         Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                         А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 15 дахь тал