Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 924

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч Г.Цэрэнжамц,

Хохирогч Б.Бямбацогт,

Шүүгдэгч Ө.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө.Д холбогдох эрүүгийн 1906 06858 1017 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Ө.Д .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Ө.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудлын ТҮЦ-нд иргэн Б.Бямбацогттой маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бямбацогт мэдүүлэхдээ: “...Миний хувьд хамраа эмчлүүлмээр байна. Анх зураг авахуулж байхдаа эмэнэгт үзүүлэхэд  халуун дээр эмчлүүлэхэд 1.600.000 төгрөг шаардагдана гэж хэлж байсан. Тэгээд томографийн зураг авахуулсан 120.000 төгрөгөн дээр энэ мөнгийг нэмээд нэхэмжилж байна.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Бямбацогтын өгсөн мэдүүлэг /хх-12-13, 16-18/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 13871 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-20/, гэрч Э.Наранцацралын өгсөн мэдүүлэг /хх-39-41/, гэрч Ө.Нямсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-26-27/, Ө.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-35-35/, зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-8/, хохирлын баримт /хх-42/, “Натур эмнэлэг” компьютер томографийн оногшилгооны баримт /хх-43/, шүүгдэгч Ө.Д урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-30/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Ө.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудлын ТҮЦ-нд иргэн Б.Бямбацогттой маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бямбацогтын өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 14-ний 01-ээс 02 цаг болж байсан байх би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ибиза” гэх бааранд найз Билгүүнсайхан гэх хүний хамт жаахан уучихаад “Кино” үйлдвэрийн автобусны буудлын урд талын ТҮЦ-ний дундах ТҮЦ-нд орж найз Билгүүнсайхан гоймон дэвтээлгээд би өлсөөд бэлэн идэх юм идэх гээд өндөг авч идэх гээд өндөг, цэвэр цс авсан чинь ТҮЦ-нд байсан эхнэр, нөхөр бололтой хоёр хүн “чи өөрөө юм авлаа” гэж маргаан үүсээд би эхнэр болох хүнд нь лангууны цаанаас би “намайг төлбөрийн чадваргүй гэж дорд үзлээ” гээд зааж чичилсэн чинь нөхөр нь болох тэр Ө.Д гэх залуу нь намайг эхнэрээ зодох нь гэж санасан байх намайг нүүрэн тус газар хамар хэсэгт 1 удаа цохисон тэгээд би цусаа гоожуулаад найздаа чирэгдээд гарсан.” /хх-12-13, 16-18/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 13871 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Б.Бямбацогтын биед хамар яс хянга болон баруун хажуу хана цөмөрсөн, зүүн хажуу хана зөрүүтэй хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-20/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Наранцацралын өгсөн: “Тэр өдөр нөхөр бид 2 “Кино” үйлдвэрийн автобусны урд талын ТҮЦ-ний голын ТҮЦ-нд сууж байсан юм. Хэсэг ажллуулж байгаад болисон. Тэр өдөр 22 цагийн орчим ч билүү гаднаас 2 согтуу залуу орж ирээд нэг нь гоймон дэвтээгээд өг гэхээр нь дэвтээж байтал нэг агсам тавиад өндөг дураара авч идээд ус дураараа аваад байхаар нь “та надад хэл би өрөөө аваад өгье” гэсэн юм. Ер нь лангуунаас шууд юм аваад байсан. Намайг тэгээд хэлчихсэн чинь намайг элдвээр хэлээд хэл амаар доромжлоод байсан. Тэгснээ “би яршиг” гээд байж байтал нүүр рүү гарынхаа араар цохиод авсан. Тэгтэл манай нөхөр Ө.Д нэг удаа нүүрэн тус газар  нь цохиод араас нь тэвэрч аваад хөдөлгөхгүй байсан.” /хх-39-41/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Нямсүрэнгийн өгсөн: “Миний дүү хүн зодоод байдаг хүн биш. Урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Хүнд тусархуу, сайхан сэтгэлтэй. 47 дугаар сургуулийг төгссөн. 013 дугаар ангид цэргийн алба хаасан.” /хх-26-27/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Д яллагдагчаар өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Кино” үйлдвэрийн замын урд талын автобусны буудалын ТҮЦ-д эхнэрийн хамт суудаг байсан. 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ойролцоогоор 22 цаг өнгөрч байх гэж бодож байна. Гаднаас нилээд согтууу бололтой 2 залуу орж ирээд нэг нь гоймон дэвтээж өгөөч гээд гуйгаад байсан ба дэвтээж байсан чинь Бямбацогт гэх иргэн нь өндөг идэж байснаа дугарахгүй гараараа дохиод байхаар нь яасан бэ гэсэн чинь ус байна уу гэсэн. Тэр үед хажууд чинь байна гээд хэлчихсэн чинь ус авч өөрөө онгойлгож уучихаад өөр ямар ус байдаг юм бэ пизда минь гээд гийчий янхан гээд бид хоёрыг хараагаад байсан. Тэгээд манай эхнэрийг гарахдаа гарынхаа ар талаар нүүр рүү нь цохиод авахаар нь би нэг нүүрэн тус газар нь цохисон. Тэгээд араас тэврээд байсан юм. Тэгэхгүй бол агсам тавиад байсан.” /хх-35-36/ гэх мэдүүлэг,

 

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-8/,

Хохирлын баримт /хх-42/,

“Натур эмнэлэг” компьютер томографийн оногшилгооны баримт /хх-43/,

Шүүгдэгч Ө.Д урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-30/ зэрэг болно.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ө.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудлын ТҮЦ-нд иргэн Б.Бямбацогттой маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

   Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Ө.Д гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн хохирогч Б.Бямбацогт нь 120.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ө.Д гаргуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Ө.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоохгүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.  

 

Иймд шүүхээс шүүгдэгч Ө.Д хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч Ө.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ө.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ө.Д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар

шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ө.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Энхбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Ө.Д 120.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бямбацогтод олгосугай.

 

          6. Хохирогч Б.Бямбацогт нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ө.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ө.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ө.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС