| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2020/0030/Э/ |
| Дугаар | 34 |
| Огноо | 2020-05-21 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч А.Оргилбаяр
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Шүүгдэгч Б.Н-н өмгөөлөгч М.Энхзаяа
Шүүгдэгч Г.Г-н өмгөөлөгч Х.Энхбат
Хохирогч Д.Д
Шүүгдэгч Б.Н, Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Н, Г.Г нарт холбогдох 2016000270014 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, Х овогт Б-н Н.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, Н овогт Г-н Г.
Шүүгдэгч Б.Н, Г.Г нарын бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 07-оос 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Чандмань сумын 4-р багийн нутаг, “Шандын ам” гэх нэртэй газраас хохирогч Д.Д-н өмчлөлийн 7 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлан авч 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын малыг хулгайлах” гэмт хэрэгт хамаарна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Б.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “... 2019 оны 10 дугаар сарын 07-нд Шандын ам гэх газраас Д гэх хүний 7 тооны адууг авч очиж борлуулсан. Энэ хэрэгтэй гэмшиж байна. Миний буруу ...хоёулаа хоорондоо ярилцаад явсан... Мотоцикль Да гэдэг хүнийх ... 6.300.000 төгрөгийг хувааж аваад, 100.000 төгрөгийг мотоциклийн эвдрэлд авсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Г.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “... 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Намхай намайг ирж авч яваад Шандын ам гэх газраас бид хоёр авч явсан. Хүрээ Маралд очоод би тэнд нэг айлд бууж хоцорсон. Намхай адууг борлуулсан. Намайг орой аажуухан шиг явъя гэж дуудаж сэрээгээд бид хоёр гэртээ ирсэн. Энэ үйлдэлдээ харамсаж байна ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Д.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2019 оны 10 дугаар сард 7 адуу алдаад 3 сар хайсан. Хүрээ Марал дээр энэ хоёр залуу авч очиж ачуулсан байсан. Надад нилээд чирэгдэл гарсан. Хүүхэд хүртэл хайж яваад унаж явсан морио алдсан. Надад 5 адуу өгсөн. Тэр адуугаа буцааж ав гэж байгаа. Хоёр адуу чинь онд орохгүй байна. Нэгийг нь сая тэжээсэн. Одоо хохирлоо барагдуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Б.Г-н мөрдөн байцаалтад дахин өгсөн “... 2019 оны 10 дугаар сард Чандмань сумын Н гэх залуу адуу авч байгаа хүн байна уу гэж над руу утсаар ярьсан юм. Би хариуд нь байгаа гэж хэлсэн ... Гэтэл хашаанд 1 цавьдар, 1 хонгор, 3 хүрэн, 1 халтар, нийт 7 тооны яг ижил тамгатай адуу туугаад ирсэн юм. Ирэхдээ нэг жижиг банди дагуулсан байсан... Уг адуунуудыг тус адуу худалдан авч байсан Б гэх залууд газар дээр нь өгөөд нийт хэдэн төгрөг авч, өгснийг нь би бол мэдэхгүй, мөнгөө тэр доор нь бэлнээр аваад шууд буцаад явсан юм ... Би дандаа сайхан морьд байхаар нь эд нарыг яах гэж өгч байгаа юм бэ? Арай хулгайн юм биш биз гэж асуусан юм. Гэтэл урдаас үгүй ээ хулгайн адуу биш ээ гэж хариулсан юм. Би бүгд ижил тамгатай болохоор нь нэг айлын адуу байна. Энэ хүний адуу мөн юм байна гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /ХХ32/,
Ашид билгүүн ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №ТХҮ-720/168 дугаартай үнэлгээний дүгнэлт /ХХ45-46/, 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /ХХ7/, гэрэл зургиийн үзүүлэлт /ХХ8-10/ зэрэг хавтаст хэрэгт бэхжүүлсэн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Н, Г.Г нарын бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 07-оос 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Чандмань сумын 4-р багийн нутаг, “Шандын ам” гэх нэртэй газраас хохирогч Д.Д-н өмчлөлийн 7 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлан авч бусдад 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, алдагдсан малын үнэлгээ хийсэн “Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №ТХҮ-720/168 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
2015 онд батлагдсан 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол 240 цагаас 720 цаг нийтэл тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж түүнчлэн “олон тооны мал” гэж 24 бог 8 бодоос дээш малыг ойлгоно гэсэн тайлбар хийн хуульчилсан байжээ. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар уг гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн түүнчилэн бусдын олон тооны мал хулгайлсан бол 2-оос 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр мөн “олон тооны мал” гэж 8 бог 2 бодоос дээш малыг ойлгоно гэж тайлбарыг нь өөрчилсөн нэмэлтийг оруулсан байна. Энэ нь тухайн гэмт хэргийг тодорхойлох шинж болон оногдуулах ял шийтгэлийн хувьд хүндэрсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” байх зарчмыг баримтлан уг гэмт хэрэг үйлдэгдэх үед үйлчилж байсан эрүүгийн хуулиар гэмт хэргийн шинжийг тодорхойлон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймээс шүүгдэгч нарын үйлдэл нь бусдын малыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хохирол учруулснаараа 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын малыг хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Н, Г.Г нарыг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, учирсан хохирлын хэмжээг болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авах үндэслэлийг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ХХ76, 78/, шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлсөн баримтууд, мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн хохирол төлсөн баримтууд/ХХ18-19/, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн өмчлөлийн талаарх гэрч Д.Да-н мэдүүлэг/ХХ34/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл/ХХ12/, тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт/ХХ52-54/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Үүний үндсэн дээр шүүгдэгч Б.Н, Г.Г нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон ял оногдуулахдаа харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.Н, Г.Г нарын хувийн байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн / 2017оны 05 дугаар сарын 11 өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүрт 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Уг гэмт хэргийн улмаас учирсан 7.500.000 төгрөгийн хохирлоос мөрдөн байцаалтын шатанд 3.200.000 төгрөг төлсөн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /ХХ-18/, ХААН банкны дансны хуулбар /ХХ-19/ баримтуудаар тогтоогдож байх тул 4.300.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан хохирлыг нөхөн төлөх талаарх хүсэлтийг хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулсан. Завсарласан хугацаанд шүүгдэгч хохирлын мөнгийг төлж баримтуудыг шүүхэд ирүүлсэн тул хохирлоо нөхөн төлсөн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дах хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заажээ.
Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгохоор байна.
Иймээс шүүгдэгч Б.Н, Г.Г нар нь хохирогч Д.Д-н 7 тооны адууг хулгайлахдаа иргэн Д.Да-н өмчлөлийн улсын дугааргүй, “Taiga” маркын, шар өнгийн, 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл болох мотоцикль ашигласан болох нь тогтоогдсон тул уг тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж, улсын орлогод оруулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Taiga” маркын, шар өнгийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, алдагдсан малаа эрж хайхад гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогч Д.Д-н эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан шүүгдэгч Х овогт Б-н Н, Новогт Г-н Г нарыг Эрүүгийн хуулийн /2017оны 05 дугаар сарын 11 өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн /2017оны 05 дугаар сарын 11 өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Г.Г нарыг 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Б.Н, Г.Г нарт сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангйин 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч Б.Н, Г.Г нараас хувь тэнцүүлэн гаргаж, улсын орлого болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын дугааргүй, “Taiga” загварын LB000YWY0JC0000000 арлын дугаартай, шар өнгийн мотоциклийг хууль ёсны эзэмшигч Д.Да-д буцаан олгосугай.
5. Шүүгдэгч Б.Н, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Н, Г.Г нар нь цагдан хоригдоогүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, алдагдсан малаа эрж хайхад гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогч Д.Д-н эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА