| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0180/Э |
| Дугаар | 238 |
| Огноо | 2020-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 238
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч П.Итгэл,
хохирогч Р.Даваацэрэн, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ж.Ганболд,
нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Тайж овогт Батбаярын Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011001300053 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрхан 13-43 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Батбаярын Б.Г /РД: ИЦ91040813/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нарантуул-2" захын хашаан дотор хохирогч Р.Даваацэрэнтэй “махны дотор өөх аваагүй” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож бие махбодид нь хамрын хугарал, шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Р.Даваацэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 14-ний өглөө үүрээр 05 цагийн орчим Нарантуул-2 захын хашаан дотор махны павилон орчим махны ченж Б.Г надаар худалдан авсан махаа зөөлгөхөөр тохироод түүний худадан авсан махыг нь би захын баталгаат жин рүү зөөхөөр болсон юм. Б.Г надад "гулууз махнуудын дотор өөхийг авч хаяарай. Чи зулгаадаггүй шүү" гэхээр нь би "өөхийг нь зулгаана шүү дээ" гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэгсэн чинь Б.Г "чи ер нь юу юм бэ" гээд намайг заамдаж аваад духаараа миний дух руу мөргөөд гараараа миний хамар, нүүр, чих рүү болон хэвлий рүү олон удаа цохиод байсан. Би манараад биеэ хамгаалаад байж байтал Б.Г "чамайг алаад хаячихъя" гээд дайрсан чинь хажуугаас Шараа гэж махны ченж голоор орж салгасан. Энэ үед миний хамар дээр шалбараад цус гарч дотроос нь шингэн зүйл гараад чихнээс мөн шингэн зүйл гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12х/,
- гэрч Д.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2019 оны 12 дугаар сарын 14-ний өглөө үүрээр 04-05 цагийн орчим уг захын хашаан дотор хөдөөнөөс машинтай мах ирээд уг махыг Б.Г авахаар болоод уг махыг буулгаж жинлүүлэхээр болоод тэрэгчин асуусан чинь олон тэрэгчин ирсэн бөгөөд Даваацэрэн гэх тэрэгчин арай түрүүлж ирээд уг махыг буулгахаар болсон. Энэ үед Б.Г Даваацэрэнд "чи өмнө нь мах буулгахдаа дотор өөхийг нь авч хаялгүй жинлүүлсэн байсан шүү" гээд тэр хоёр маргалдаж эхэлсэн. Энэ үед Даваацэрэн "өөхийг нь авч хаях алба уу өмнө нь үүнээс болоод асуудал гарч байсан" гэж байсан тэгээд тэгээд тэр хоёр уг асуудлаас болоод маргалдаж байгаад Даваацэрэн тэргээ түлхээд Ган-Эрдэнийг цохиод авах шиг болсон чинь Б.Г нь Даваацэрэнг 2-3 удаа цохиод авах шиг болсон. Тухайн үед би хажуухан талд нь өөр ажилтай байсан болохоор яг хаашаа нь цохисныг мэдэхгүй байна. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгах гээд очих үед тэр хоёр зууралдчихсан байсан. Тэгээд би уг хоёрыг салгаад хоёр тийш нь явуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,
- гэрч Н.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед би уг асуудал болж байхад ойрхон мах зөөх гээд тэргэн дээр ачиж байсан. Энэ үед Б.Г хөдөөний хүнээс мах худалдаж аваад буулгуулахаар болоод Даваацэрэн бид хоёр уг махнуудыг нь буулгахаар түрүүлж очсон юм. Тэгээд машинаас махаа буулгаад тус тусын тэргэн дээр ачиж байтал Б.Г Даваацэрэнд хандаж "мах буулгахдаа дотор өөхийг нь зулгааж хаяарай. Чи өмнө нь мах буулгаж байхдаа дотор өөхийг нь авч хаяагүй байсан шүү" гэсэн чинь Даваацэрэн "би махны дотор өөхийг зулгаадаггүй ээ" гэж хэлээд тэр хоёр маргалдаж улмаар хоорондоо зууралдаж бие биенээ заамдаж авсан. Гэтэл Даваацэрэн нь Ган-Эрдэнийн толгой орчим гараараа нэг удаа цохих шиг болсон. Тэгээд тэр хоёр хоорондоо үргэлжлүүлээд ноцолдоод байсан бөгөөд би махаа үргэлжлүүлэн ачиж байх үед махны ченж Шараа /Ганбаатар/ ах тэр хоёрын голоор орж салгаад "болыдгоо баахан хүн амьтан байхад чйнь" гээд болиулсан. Тэгээд Б.Г ч махаа зарахаар холдож яваад Даваацэрэн бид хоёр ч махаа үргэлжлүүлэн ачиж ажлаа дуусгасан. Энэ үед Даваацэрэнгийн хамарны дээд хэсэгт жижигхэн шалбарсан харагдаж байсан өөр ил харагдах шарх гэмтэл байгаагүй ээ" гэх мэдүүлэг /хх-ийн 19-20х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Ганболдын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1193 дугаартай "Р.Даваацэрэнд хамрын хугарал, шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарнтиулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 23х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч Р.Даваацэрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүлмэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Р.Даваацэрэнд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 330.000 төгрөгийг Б.Гэс тус хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Даваацэрэн нь цаашид гарах эмчилгээний зардалд 2.900.000 төгрөгийг, өмгөөлөгчийн хөлсөнд 500.000 төгрөгийг нийт 3.400.000 төгрөгийг шүүгдэгч Б.Гэс нэхэмжилсэн болно.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой ирээдүйд гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтгүй байхад урьдчилан тооцоолон шүүгдэгчээс гаргуулах боломжгүй тул хохирогч Р.Даваацэрэнг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Харин өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн гэж 500.000 төгрөг нэхэмжилсэнийг, хохирогч өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаа авах нь өөрийнх нь эрхийн асуудал, сайн дурын үндсэн дээр хийгддэг бөгөөд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй өмгөөлөгчийн хөлсний хэмжээ харилцан адилгүй, нэгдсэн өмгөөлөгчийн хөлсний хэмжээг тогтоосон аргачлал байхгүй, тус хэрэгт хохирогч Р.Даваацэрэн нь хуульд заасан үндэслэлээр зайлшгүй өмгөөлөгч аваагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэх үндэслэлгүй тул шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Гд ял шийтгэл оногдуулахдаа шудрага ёсны зарчимыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан бодит хохиролыг төлж барагдуулсан, хувийн байдлыг нь тус тус харгалзан хуульд заасны дагуу 500 нэгжээр торгож шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Гд шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр шүүх тогтоосон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нь 90 хоногт уг торгох ялыг бүрэн төлж барагдуулах болохыг дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Батбаярын Ган-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ган-Эрдэнийг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Г нь хохиролд нийт 330.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Р.Даваацэрэн нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Хохирогч Р.Даваацэрэнгийн өмгөлөөгчийн хөлсөн төлсөн 500.000 төгрөг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ