Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 54

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

                Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

                Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Хяргас сумын Дэлгэр багт оршин суух, 1984 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОР84030511, Хүрд овогт Цэнд-Аюушийн Ганзоригт холбогдох,

           Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.874.480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Увс аймгийн Тариалан сумын Сум хөгжүүлэх санг төлөөлж тус сумын Засаг дарга С.Төгсболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Ганзориг нь 2013 онд Сум хөгжүүлэх сангаас 5.000.000 төгрөгийг 1 сард 0.25 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар зээл авсан бөгөөд 2015 оны 8 дугаар сараас зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй, 304 хоногоор хугацаа хэтэрсэн. Сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн гишүүд болон хариуцсан мэргэжилтнүүд Хяргас сум руу шилжсэн гээд утас нь холбогдохгүй тул цаг тухайд нь утсыг нь хайж өөрт нь мэдэгдэж байсан боловч өнөөг хүртэл зээлээ барагдуулаагүй байна. Иймд зээлийн эргэн төлөлтийн хугацаа удаан хугацаагаар буюу 304 хоногоор хэтэрсэн тул Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн эргэн төлөлт 1.600.000 төгрөг, зээлийн хүү 52.480 төгрөг, алданга 1.222.000 төгрөг, нийт 2.874.480 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр нэхэмжилж байна” гэжээ.

         Нэхэмжлэгч Увс аймгийн Тариалан сумын Сум хөгжүүлэх сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гомбосүрэн, хариуцагч Ц.Ганзориг нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Тариалан сумын Сум хөгжүүлэх сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гомбосүрэн болон Ц.Ганзориг бид нар харилцан тохиролцож үндсэн зээл 1.600.000 төгрөг, зээлийн хүү 52.480 төгрөг, алданги 1.222.200 төгрөг нийт 2.874.480 төгрөг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 1.600.000 төгрөг, зээлийн хүү 52.480 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч алданги 1.222.200 төгрөгийн 10 хувь буюу 122.220 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Зээлийн хүү, алданги нийт 174.700 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төлөх, үндсэн зээл 1.600.000 төгрөгийг 2 хувааж 800.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, үлдэгдэл 800.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.

                Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Увс аймгийн Тариалан сумын Сум хөгжүүлэх сан нь хариуцагч Ц.Ганзоригт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.874.480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гомбосүрэн, хариуцагч Ц.Ганзориг нар нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.874.480 төгрөгөөс 1.099.980 төгрөгийг хасч, зээлийн хүү, алданги нийт 174.700 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төлөх, үндсэн зээл 1.600.000 төгрөгийг 2 хувааж 800.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, үлдэгдэл 800.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус тус төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй байна.

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Тариалан сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага болох 1.774.700 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 43.345 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож, хариуцагч Ц.Ганзоригоос  21.672,5 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гомбосүрэн, хариуцагч Ц.Ганзориг нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.874.480 төгрөгөөс 1.099.980 төгрөгийг хасч, зээлийн хүү, алданги нийт 174.700 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төлөх, үндсэн зээл 1.600.000 төгрөгийг 2 хувааж 800.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, үлдэгдэл 800.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус тус төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.  Нэхэмжлэгч Увс аймгийн Тариалан сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ганзоригоос улсын тэмдэгтийн хураамж 21.672,5 /хорин нэгэн мянга зургаан зуун далан хоёр төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

              3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.Ганзориг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ