| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2020/0006/Э/ |
| Дугаар | 35 |
| Огноо | 2020-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах
Улсын яллагч А.Оргилбаяр
Хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа
Шүүгдэгч Ц.Б
Гэрч З.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Б-д холбогдох 1916003320155 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж овогт Ц-н Б.
Шүүгдэгч Ц.Б-н 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.О-г малын бэлчээрийн асуудлаас болж зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархай дагзанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт хамааруулан прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ц.Б-н шүүхийн хуралдаанд өгсөн “...2019 оны 10 дугаар 17-ны өдөр манай эхнэр өглөө босоод аргалийн бүс нутагт хонь бэлчиж байна гэсэн. Тэгээд би байж байгаад үдээс хойш яваад очсон. Би очихдоо санамсаргүй мал дундуур нь гарсан. Тэгээд намайг яваад очиход чи муу дандаа хөөж тууж байдаг. Аавыг элэг барьдаг гээд чулуу шидээд байсан. Би шидсэн чулуунаас нь бултаад оногдоогүй. Чулуу нь дууссан бололтой гүйгээд ирэхээр нь би дээлний ханцуйнаас татахад мориноосоо унасан. Морь нь угаасаа их номхон морь байсан. Тэднийх олон адуу байхгүй. Босож ирээд чи яасан их хүн зоддог юм гээд чулуугаар шидээд байж байхад З.Т гэдэг хүн ирж салгасан. Ж.О цагдаад хэлнэ гэж байсан. Энэ үйл явдал дээр миний хувийн ашиг сонирхол байгаагүй. Намайг тэр аргалийн бүс нутгийг хамгаал гээд сард 30 литр бензин өгдөг. Бас мотоцикл өгсөн. Манай байгаль орчны байцаагч тухайн үед байгаагүй. Энэ хэрэг болсон “Алаг Цахир” гэдэг газар бол Завхан аймгийн газар нутаг. Лицензтэй байж байгаад цуцлагдаад орон нутгийн тусгай хамгаалалттай газар болгосон. ... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч З.Т-н шүүх хуралдаанд өгсөн “...Би тэр үед Баянбатын малыг малладаг байсан...Намайг хонинд явж байхад Цагаан дэрс гэдэг газрын урд хоёр хүн зодолдоод байсан. Буугаад дурандсан чинь энэ 2 зодолдож байсан. Би очоод салгасан ... Ц.Б мотоциклтой, Ж.О халиун алаг морьтой явж байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч З.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Тайшир сумын Хуримт багийн Дээд голд Б-д хөлсөөр мал маллаж байсан ... хонинд явж байгаад Цагаан дэрсний урд талд 2 хүн зодолдоод байх шиг харагдсан яваад очитол Б зүс үл таних хүнтэй хэрэлдээд зогсож байсан ... тэр хоёрыг салгаад хоёр тийш нь явуулсан ... намайг харахад О морин дээрээ суусан ташуур далайгаад Баянаа чулуу авч шидээд байх шиг харагдсан...” гэсэн мэдүүлэг /ХХ201-202/,
Хохирогч Ж.О-н мөрдөн байцаалтад өгсөн “...Баянаа мал шүүх гэж байна пизда минь гээд мал бөөгнүүлэх нэрийдлээр мотоцикльтой мал дайрчих гээд хөөгөөд байсан. Тэгээд би морьноосоо буугаад Б дээр яваад очтол Б-г гартаа чулуу атгасныг мэдэлгүй Б-д толгой руугаа 3 удаа цохиулсан. Б намайг цохиж байхдаа Чам шиг юм аргалийн бүс нутагт мал явуулах ёсгүй. Гуйлгачин, цагаач малаа туугаад зайл. Чамайг энд алаад хаясан байхад хүүрэн дээр чинь цагдаа ч ирэхгүй гэж хэлээд 3 удаа цохисон. Тухайн үед би морьныхоо цулбуурыг гартаа бөх гээч нь ороосон байсан. Б намайг заамдаж аваад далайгаад цохих гэхэд морь үргээд намайг тэлүүрдсэн. Би хөдлөх боломжгүй болсондоо 3 удаа толгой руугаа цохиулсан. 4 дэх дээр нь цохих гэтэл Морь үргэж чангааж холдуулсан. Тэр үед миний өөмсөж явсан дээлийн энгэр урагдсан ... Толгойн зүүн чамархай хэсэгт язарсан, дагзны ар хэсэгт хавдаж товойсон байсан ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Ж.О-н 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн “...Тэр өдөр манайх нүүх санаатай байсан. Би өглөө малаа Зүүн цахир руу туусан. Нүүх гээд аймгаас хүмүүс дуудсан байсан. Би гэрийн гадуур хог цэвэрлэж шатаагаад аргамжаатай байсан морио аваад малынхаа араас гарсан. Намайг мал дээрээ очиход мал хоёр тасарсан байсан. Би малынхаа сүүлийг эргүүлэх гээд явж байхад Ц.Б ирж яваа харагдсан. Тэгээд малаа эргүүлж байхад түрүүчийн малыг нь Ц.Б хөөгөөд байсан. Би очоод наад малыг чинь бэлчээрт нь гаргах гээд явж байна. Яагаад туугаад байгаа юм гэхэд Ц.Б мал шүүж байна гэсэн. Мал шүүх нэрээр мал хөөгөөд байсан. Ташуурнаас татаж унагасан тийм асуудал бол байхгүй. Намайг морьтойгоо дээд талаас нь уруудаад очиход чулуугаар шидэж эхэлсэн. Хажууд нь очоод та яаж байгаа юм бэ? хоёулаа учраа олъё гэхэд гартаа чулуу барьсан байсан. Би чулууг хараагүй. Ц.Б чи малаа холдуул гээд дээлний энгэр дээрээс атгаад намайг 3 удаа цохисон. Сүүлийн цохилт дээр нь мориндоо татагдсан. Дээлний энгэр урсан. Мориноос татаж унагаасан асуудал бол байхгүй. Би мориноосоо буусан байсан ... Толгойн хэсэгт 3 удаа чулуугаар цохисон ... Зодоон болж байх үед бол хүн ирээгүй. Зодоон дууссан хойно тэр яриад байгаа хүн нь ирсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ144-146/,
Гэрч Д.Ж-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 12 цагийн үед манай хүү Ж.О 9999999 дугаарын утсаар над руу мэдэгдэхдээ Саахалт айлын Б-д зодуулчихлаа. Чулуугаар толгой хагалчихлаа гэж ярьсан ... Б мотоциклиор мал тасдаж хөөгөөд байхаар нь наанаас нь морьтой явж очоод буугаад уулзах гэтэл миний толгой руу чулуу атгаж байгаад 2 газар цохиод хагалчихлаа гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ11-12/,
Гэрч Г.Ц-н мөрдөн байцаалтад өгсөн "... Т утсаар мэдэгдэхдээ Тайшир сумын Хуримт баг Дээд гол гэх газар Б О-г зодсон талаар утсаар мэдэгдсэн. Тэгээд тухайн үед цагдаад мэдэгдсэн ... О-н малыг мотоциклиор хөөгөөд байхаар нь очтол Б зодсон гэж хэлсэн ..." гэсэн мэдүүлэг /ХХ13-14/,
Гэрч Э.П-н мөрдөн байцаалтад өгсөн "... Би О-н биед үзлэг хийхэд толгойн зүүн дээд хэсэгт язралттай, цус шүүрсэн, толгойн дагзны ар хэсэгт бондойсон, шалбарсан байсан ... Өөр ил харагдах шарх сорви байгаагүй ... Саахалт айлын Б гэх залууд чулуугаар цохиулсан гэж байсан ... Ойролцоогоор 1 см хэмжээтэй язралт, шархтай байсан ..." гэсэн мэдүүлэг /ХХ15/,
Гэрч Б.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “... Уг координат /46”39”54.60N 96’’56’’8.96’’E/ нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг дэвсгэрт хамаарч байна. Говь-Алтай аймгийн Тайшир сум болон Завхан аймгийн Шилүүстэй сумын хилийн цэсээс Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг дотор 600 м зайд байна … Уг координат /46”38”53.62N 96’’55’’17.33’’E / нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг дэвсгэрт хамаарч байна. Говь-Алтай аймгийн Тайшир сум болон Завхан аймгийн Шилүүстэй сумын хилийн цэсээс Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг дотор 1.89 км зайд байна ... Газарзүйн мэдээллийн “ArcGas” программд 1977 онд батлагдсан хилийн цэсийн SHP мэдээллийг ашиглан тогтоодог, уг программ нь Монгол улсад ашиглагдаж байгаа ... Техник технологи хөгжсөн өнөө үед GPS төхөөрөмжийг илүү ашигладаг. Газрын зураг нь газрын байршлын ерөнхий тоймыг харахад ач холбогдолтой...” гэсэн мэдүүлэг /ХХ203-204/,
Шинжээч Т.Алтайбаатарын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн “...Ж.О-н биед өөрийн биеэр үзлэгийн өрөөнд үзлэг хийсэн ... Тухайн үед толгой дүүрч өвдөх, толгой таллаж өвдөх гэсэн зовиуртай ирсэн. Үзлэгээр нүдний алимны чичирхийлэлт буюу тархи доргилтын шинж тэмдэг илэрч байсан. Хэсэг газрын үзлэгээр зүүн чамархайн дээд хэсэгт 1.5х1см, дагзны төвгөрийн зүүн талд 1х0.5см зулгаралттай байсан ... Зулгаралт гараар цохих үед ховор үүснэ. Хатуу зүйлийн үйлчлэлээр үүснэ ...Тархи доргилт гэсэн гэмтлийн хөнгөн зэрэг учирсан байсан. Эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош хугацаагаар сарниулж байгаа учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... Тархи доргилтын үед ерөнхий шинж тэмдгүүд илэрдэг. Эрүүл ирээдүй мэс заслын эмнэлэгт 10 дугаар сарын 18-ны өдөр хэвтээд 21-нд эмнэлгээс гарсан. Эмнэлэгт хэвтэхдээ тархи доргилт гэсэн оноштой хэвтсэн байна. Эмнэлэгт хэвтэхдээ толгой өвдөх, хүзүү хөших, баруун гар хөл мэдээ алдаж бадайрах гэсэн зовиуртай хэвтсэн байна. Тархи нь гавлын яс дотор ямар нэгэн бэхэлгээ байхгүй усан дотор байж байдаг эрхтэн. Ямар нэгэн цохилтын улмаас ус нь цалгиад нуруу нугасруугаа даралт өгөхөөр толгой өвдөх, дотор муухайрах зовиур илэрдэг ... Хүчтэй цохилт, доргилт, хана мөргөх, савж унах зэргээс үүснэ. 4 хоногийн дараа надад үзүүлсэн энэ хугацаанд эдгэх боломжгүй... Тархи хавантай гэж компьютер томографаар гарах юм бол тархи доргилт гэж үзнэ гээд байгаа юм. Тархины эд жигд бус нягтралтай байвал мөн тархи доргилт гэж үзнэ гэж байгаа. Гэхдээ олон өвчний үед тархи хавантай байдаг, тархины эд жигд бус байдаг учир эмнэлзүйгээ ч бас давхар хардаг. Тархи доргилтыг компьютер томографаар заавал оношилно гэсэн ойлголт бол байхгүй, шинж тэмдэгээр нь оношилж болно ...” гэсэн мэдүүлэг /ХХ146-148/,
Шинжээч Т.Алтайбаатарын мөрдөн байцаалтад өгсөн "... Үзлэгээр зүүн чамархай, дагзанд зулгаралттай байсан. Мөн Эрүүл ирээдүй эмнэлгийн өвчитний түүхэнд тархи доргилт гэсэн оноштой байсан ба эдгээр баримтуудыг үндэслэн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан ... Эдгээр гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эдгээр гэмтлүүдээс тархины доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... Ж.О-н биед үүссэн гэмтэл нь мориноос татаж унагаах болон цохиж зодох зэргийн аль алинд нь үүсэх боломжтой ... Ж.О-н биед учирсан зүүн чамархай, дагзны зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ..." гэсэн мэдүүлэг /ХХ23/,
Шинжээч Т.Алтайбаатарын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 324 дугаартай “... 1. Ж.О-н биед тархи доргилт, зүүн чамархай дагзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг гарах үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /ХХ19-20/,
“Эрүүл ирээдүй” эмнэлгийн өвчний түүхийн хуулбар /Мөрөн-Алтай ХХК/ /ХХ30-46/, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ196-197, 198-199, 212-213/, эд мөрийн баримтаар ирсэн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны үед хийсэн дүрс бичлэг, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1977 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаартай “Бүх аймаг сумдын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг баталсан” зарлигийн холбогдох хэсэг /ХХ211/, Говь-Алтай аймгийн Тайшир сум болон Завхан аймгийн Шилүүстэй сумын хилийн зэсийг тогтоосон зураглал /ХХ212-213/, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хилийн цэсийг солбицолжуулах, баталгаажуулах ажлын Тайшир сумын хилийн цэсийг тогтоосон баримт /ХХ214-215/, Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн засаг даргын тодорхойлолт/ХХ-168/, Завхан аймгийн Шилүүстэй сумын газрын даамал П.Мөнхтөрийн тодорхойлолт/ХХ169/, зэрэг хавтаст хэрэгт бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.О-г “Аргалийн бүс нутагт мал бэлчээлээ” гэх малын бэлчээрийн асуудлаас болсон маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархай дагзанд зулгаралт гэмтэл буюу түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн шүүх хуралдаан, мөрдөн байцаалтын шатанд өгч байсан мэдүүлгүүд, гэрч Д.Ж, Г.Ц, Э.П нарын мэдүүлгүүд, гэрч З.Т-н шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 324 дугаартай дүгнэлт, шинжээч Т.Алтайбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, эмнэлэгийн бичиг баримтууд, хэрэг учрал гарсан газрын нутаг дэвсгэрийн харьяалалыг тогтоосон мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, дүрс бичлэг, эрх бүхий байгуулга, албан тушаалтны шийдвэр, ажлын тайлан зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Ц.Б-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар ирсэн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны үед хийсэн дүрс бичлэг, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1977 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаартай “Бүх аймаг сумдын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг баталсан” зарлигийн холбогдох хэсэг, Говь-Алтай аймгийн Тайшир сум болон Завхан аймгийн Шилүүстэй сумын хилийн цэсийг тогтоосон зураглал, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хилийн цэсийг солбицолжуулах, баталгаажуулах ажлын Тайшир сумын хилийн цэсийг тогтоосон баримт, хохирогч, шүүгдэгч нарын заасан газрын солбилцол нь аль сумын нутаг дэвсгэрт хамаарч байгаа талаар өгсөн гэрч Б.Г-н мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тухайн гэмт хэрэг Говь Алтай аймгийн Тайшир сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч Энхзаяа нарын гаргасан “гэмт хэрэг гарсан газар нь Завхан аймгийн Шилүүстэй сумын газар нутаг” гэх хэргийн харьяалалалтай холбоотой хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн засаг даргын болон Завхан аймгийн Шилүүстэй сумын газрын даамал П.Мөнхтөрийн тодорхойлолтуудаар тухайн газар нутгийн ерөнхий нэршилийг тогтоож болох боловч яг гэмт хэрэг гарсан газрийг аль аймгийн аль сумын харьяалалд багтахыг нарийвчлан тогтоох боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээрх нотлох баримтуудыг нотлох чадвар, агуулга, эх сурвалжийн үнэн зөвийн магадлагаа, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдийн тогтвортой байдал, агуулгын хувьд ноцтой зөрүү гараагүй зэргийг харьцуулан дүгнэсний үндсэн дээр үйл баримтыг хангалттай нотлож чадахуйц гэж үзэн энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь шүүх үнэлэн шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчгүйгээр өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүхээс шүүгдэгч Ц.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Ц-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-д шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд бүрэн биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Б-д сануулсугай.
5. Шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА