| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00785/И |
| Дугаар | 55 |
| Огноо | 2017-01-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 55
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 12-19 тоотод оршин суух, түр оршин суух хаяг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 36-118 тоот, 1986 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ86020761, Моёо овогт Нямдаваагийн Баярхүү,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 12-19 тоотод оршин суух, түр оршин суух хаяг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 36-118 тоотод оршин суух, 1983 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОТ83072771, Бүлчин овогт Лхагвадоржийн Батболд нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 10.610.240 төгрөг, нотариатын зардал 15.000 төгрөг, нийт 10.625.240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Н.Баярхүү нь тус банкнаас 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 1660001647 тоот зээлийн гэрээг байгуулан 10.000.000 төгрөгийн зээлийг хашаа байшин худалдан авах зориулалтаар 120 сарын хугацаатай, сарын 1,64 хувийн хүүтэй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Увс, Улаангом сум, 10-р баг 4-11 тоотод байрлах 80 м.кв талбайтай хувийн орон сууц /ГД-000163835, УБД-1520002282/, 1284,8 м.кв өмчлөх эрхтэй хашаа /ГД-000154652, УБД-1520000604/ барьцаалсан болно. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийн хүү, үндсэн төлбөрөө төлөхдөө сар бүр хугацаа хэтэрч 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй байна. Зээл төлөх талаар удаа дараа утсаар ярьж шаардаж байсан боловч хүүхдийн мөнгөнөөс өөр орлогын эх үүсвэр байхгүй, нөхөртэйгээ хоёулаа Улаанбаатар хотод ажил хийхгүй байгаа гэж байна. Барьцаа хөрөнгийн хашаа байшин нь удаан хүн амьдраагүй тул эвдэрч сүйдсэн байдалтай байгаа. Өөрсдөө ирж хашаа байшингаа засаж зарж зээлээ төлнө гэх боловч ирэхгүй байна. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш дахин зээлийн төлбөр хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Зээлдэгч нь зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь банктай байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2-д заасан “Зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй”, 3.2.7-д заасан “Өрхийн орлогын эх үүсвэр, өөрийн болон өрхийн гишүүдийн ажил эрхлэлтийн байдал, бизнесийн болон гэрийн хаягийн өөрчлөлтийг ажлын 5 өдрийн дотор, барьцааны хөрөнгөтэй холбоотой үүссэн гуравдагч этгээдийн шаардлага, зээлдэгчийн үйл ажиллагааны болон барьцаа хөрөнгөтэй холбогдон гарч буй санхүү, эдийн засгийн үр дагавар, үүрэг үүсгэх зүйлийн талаар банкинд тухай бүр мэдэгдэнэ” гэсэн заалтуудаар хүлээсэн үүргээ тус тус зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2, 3.2.7 дахь заалтуудад заасан үүргийг тус тус зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Н.Баярхүү, Л.Батболд нарын төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл 7.792.947 төгрөг, зээлийн хүү 2.801.086 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.207 төгрөг, нийт 10.610.240 төгрөг, мөн нотариатын зардал 15.000 төгрөг, нийт 10.625.240 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н.Баярхүү, Л.Батболд нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хас банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 10.625.240 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Н.Баярхүү, Л.Батболд нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 10.610.240 төгрөг, нотариатын зардал 15.000 төгрөг, нийт 10.625.240 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Баярхүү, Л.Батболд нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 10.610.240 төгрөг, нотариатын зардал 15.000 төгрөг, нийт 10.625.240 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Н.Баярхүү, Л.Батболд нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 10.610.240 төгрөг, нотариатын зардал 15.000 төгрөг, нийт 10.625.240 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184.954 төгрөгийн тал хувь болох 92.477 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 92.477 төгрөг, хариуцагч Н.Баярхүү, Л.Батболд нараас 92.477 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй 10.610.240 /арван сая зургаан зуун арван мянга хоёр зуун дөч/ төгрөг, нотариатын зардал 15.000 /арван таван мянга/ төгрөг, нийт 10.625.240 /арван сая зургаан зуун хорин таван мянга хоёр зуун дөч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Баярхүү, Л.Батболд нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 92.477 /ерэн хоёр мянга дөрвөн зуун далан долоо/ төгрөг, хариуцагч Н.Баярхүү, Л.Батболд нараас 92.477 /ерэн хоёр мянга дөрвөн зуун далан долоо/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, 92.477 /ерэн хоёр мянга дөрвөн зуун далан долоо/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Баярхүү, Л.Батболд нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ