Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 251

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч З.Б,

нарийн бичгийн даргаар Б.Лувсаншарав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баруунхусай овогт Зоригтын З.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911023160155 тоот хэргийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилтын 7-482 тоотод амьдардаг, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 578 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг, 1 жилийн хугацаагаар тэнссэн. улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Баруунхусай овогт Зоригтын З.Б /РД- НЩ88041371/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч З.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч З.Б нь 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг "ЭБО" төв дотор байрлах буудалд хохирогч Б.Ганзоригтой хамт архи уусны дараа хохирогчийн “ХААН” банкны картнаас нь 800.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:  

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч З.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: "... Б.Ганзориг ах 0.75 литрийн 2 ширхэг Хараа архи авсан. Тэгээд бид хэд ууцгаасан ... маргааш нь буюу 2019 оны 12 дутаар сарын 26-ны өдөр өглөө эрт намайг 2 шил архи аваад ир гэсэн. Тэгээд би архиа авчиосан ... би тухайн өдрийн орой нь 100 айлын Хангай хотхонд дүү дээрээ согтуу очсон. Тэгээд өглөө боссон чинь миний хажууд Б.Ганзоригийн карт байсан. Миний эвч явсан карт Хаан банкны алтан карт байсан. Би Б.Ганзориг ахын картнаас мөкгө авсан. Гэхдээ хичнээн хэмжээний мөнгө авснаа санахгүй байна ... Би картнаас нь мөнгө авчихаад мөнгийг нь үрсэн болохоор Б.Ганзориг ах дээр санаа зовсондоо очиж чадаагүй ..." гэх /хх-ийн 19-20х/,

- хохирогч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2019 оны 8 дугаар сарын 25-ны орой 23 цагийн үед дэлгүүр хаачих байх гээд шинээр ажилд орсон З.Б гэдэг хүнийг дэлгүүр явуулсан. Би дэлгүүр явуулахдаа өөрийнхөө Хаан банкныхаа алтан картыг кодыг нь хэлээд явуулсан. Тэгээд З.Б гэгч нь бид хэдэд архи авчирч өгсөн. Бид нар тэгээд тэр архи уугаад би тасарсан байсан. Тэгээд өглөө боссон чинь миний хэтэвч, хэтэвчин дотор байсан 25 доллар, Хаан банкны алтан картыг аваад явсан байсан. Би тэгээд Далайнхүү төвийн Хаан банк орж дансаа шалгасан чинь 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн өглөөний 06 цагийн үед миний данснаас 800.000 төгрөг гарсан байсан. Би тэгээд шууд Хаан банкны дансаа хаалгасан. Миний Хаан банкны дансны дугаар 5006793357 гэсэн дугаартай данс байгаа. Би З.Б гэгчийг сайн танихгүй. Тухайн үед манайд ажилд ороод 5 хонож байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-18х/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9-10х/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 46-47х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч З.Бг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Б.Ганзоригийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байхыг далимдуулан нууц сэм аргаар хохирогчийн эзэмшлийн “ХААН” банкны картнаас 800.000 төгрөг хулгайлж авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Ганзоригт энэ гэмт хэргийн улмааас учирсан хохирол болох 800.000 төгрөгийг тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад З.Б нь бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч З.Бд ял шийтгэл оногдуулахдаа шудрага ёсны зарчимыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв.