Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 57

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, 9-11 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЙ63081305, Шангас овогт Чавганцын Дуламсүрэнгийн,

           Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамбал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Ч.Дуламсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамбал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1963 онд төрсөн, 53 настай. Би 1980 оноос 1989 оны хооронд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн Холбоо бригадад нэгдлийн мал маллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Амьдралын шаардлагаар 1993 онд Дархан-Уул аймаг руу шилжсэн. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон боловч миний Цог нэгдэлд ажилласан бичиг баримт дутуу байгаа учир Увс аймгийн Архивын бодит баримтыг үндэслэн шүүхэд хандаж байна. Иймд миний Өмнөговь сумын Цог нэгдэлд 1980 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Р.Пүрвээ, Д.Явуун нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ч.Дуламсүрэн нь 1980 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

           Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Чавганцын Дуламсүрэнгийн 1980 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

            Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Р.Пүрвээ, Д.Явуун нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Р.Пүрвээ “Миний бие нь 1974 оноос 1992 оны хооронд Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон Өмнөговь сумын Цог нэгдэлд тракторчнаар ажиллаж байсан. Ч.Дуламсүрэн нь 1980 оноос 1989 оныг дуустал Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ч.Дуламсүрэн нь голдуу бог мал малладаг байсан. Тухайн үед миний бие нь нэгдлийн малчдыг нүүлгэж, хадлан өвсийг хүргэж өгч, өтөг бууцыг нь хатгаж бэлтгэх ажлуудыг хийдэг байсан. Иймд Ч.Дуламсүрэнгийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. Намайг ажиллаж байх үед Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Юнгэр, Дүүдэй гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Д.Явуун “Миний бие нь 1971 оноос 1990 оны хооронд Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ч.Дуламсүрэн нь бага наснаасаа аав ээжийн хамт мал маллаж эхэлсэн бөгөөд 1980-1989 оныг дуустал Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ч.Дуламсүрэн нь голдуу бог мал малладаг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

         Нэхэмжлэгч Ч.Дуламсүрэн нь 1980 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Р.Пүрвээ, Д.Явуун нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

            Иймд нэхэмжлэгч Ч.Дуламсүрэнгийн хүсэлтийг хангаж, түүний 1980 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар 10 жил ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

           Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.               

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Шангас овогт Чавганцын Дуламсүрэнгийн 1980 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар 10 /арав/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.       

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Ч.Дуламсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ