Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 58

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багт оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, регистрийн дугаар ДЮ66051567, Чоно овогт Балайгийн Насанжаргалын,

           Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч Б.Насанжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1966 онд төрсөн, 51 настай. Би 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Эрүүлийг хамгаалах газрын харьяа яслид асрагчаар, 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал Увс аймгийн төвийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг болон Эрүүлийг хамгаалах газрын харьяа яслид сувилагчаар тус тус ажиллаж байсан юм. Одоо тэтгэвэрт гарах нас болж байгаа тул тэтгэврийн бичиг баримтаа цэгцлэх болсон юм. Тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр усанд орсон, мөн ажилд анх орсон тушаал олдохгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд миний 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Эрүүлийг хамгаалах газрын харьяа яслид асрагчаар, 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал Увс аймгийн төвийн Нэгдсэн эмнэлэг болон Эрүүлийг хамгаалах газрын харьяа яслид сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан С.Цэцгээ, Д.Алтантуяа нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Насанжаргал нь 1983 оны 7 дугаар сарын 01-нээс 1986 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Эрүүлийг хамгаалах газрын харьяа яслид асрагчаар, 1988 оны 7 дугаар сарын 15-наас 1992 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал Увс аймгийн төвийн Нэгдсэн эмнэлэг болон Эрүүлийг хамгаалах газрын харьяа яслид сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

        Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаар архивын лавлагаанд: “Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн цалингийн баримтыг шүүн үзэхэд Балай овогтой Насанжаргалтай холбогдох баримт гараагүй болно” гэжээ.

         Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1986 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 172 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “...Төвийн яслийн асрагч Б.Насанжаргал Анагаах ухааны дунд сургуульд суралцах болсон тул 1986 оны 8 дугаар сарын 20-ноос үндсэн ажлаас чөлөөлж Говь-Алтай аймгийн сувилагчийн сургуульд шилжүүлсүгэй” гэжээ.

            Түүнчлэн Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 149 дүгээр “Анагаах ухааны дээд, дунд, сувилагчийн сургууль төгсөгчдийг ажилд томилох тухай” тушаалд: “...Их эмч, бага эмч, сувилагч, эм найруулагч, лаборант, шүдний техникч, рентген техникч нарыг 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хавсралтаар баталж томилон ажиллуулсугай. Хавсралтад Б.Насанжаргалыг-нэгдсэн эмнэлэгт” гэжээ.

            Увс аймгийн Төвийн нэгдсэн эмнэлгийн даргын 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаар “Шинээр сургууль төгссөн эмнэлгийн дунд мэргэжилтэн нарыг тасгуудад хуваарилан томилж ажиллуулах тухай” тушаалд: ”...1988 оны төгсөлтөөр дунд сургууль төгссөн Б.Насанжаргалыг хүүхдийн хэсэгт 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай” гэжээ.

             Увс аймгийн Төвийн нэгдсэн эмнэлгийн даргын 1989 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 19 дүгээр “Ажилд томилох тухай” тушаалд: “...Шижээгийн оронд хэсэгт сувилагчаар ажиллаж байсан Б.Насанжаргалыг 3 дугаар сарын 01-нээс хүүхдийн тасагт ээлжийн сувилагчаар ажиллуулсугай” гэжээ.

           Мөн Увс аймгийн Төвийн нэгдсэн эмнэлгийн даргын 1990 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 108 дугаар “Ажилд томилж, тэтгэмжийн мөнгө олгох тухай” тушаалд: “...Хүүхдийн тасгийн сувилагч Насанжаргал ээлжийн амралт авсны оронд сувилагч Дэлгэрмааг 7 дугаар сарын 16-наас сувилагчаар түр ажиллуулсугай” гэжээ.

          Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүл мэндийн газрын даргын 1992 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 06 дугаар “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалд: “...3 дугаар яслийн сувилагч Б.Насанжаргалд 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 3 сар хүртэл олгосугай” гэжээ.

           Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Алтантуяа, С.Цэцгээ нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Алтантуяа “Миний бие нь 1988 оноос одоог хүртэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт асрагчаар ажиллаж байгаа болно. Намайг 1988 онд тус тасагт асрагчаар ажилд орсноос 1 сарын дараа Б.Насанжаргал нь хүүхдийн тасагт сувилагчаар ажиллаж эхэлсэн. Б.Насанжаргал нь 1992 он хүртэл хүүхдийн тасагт сувилагчаар ажилласан. Тухайн үед хүүхдийн тасгийн эрхлэгчээр Нямаа гэх эмч ажиллаж байсан” гэж, гэрч С.Цэцгээ “Миний бие нь 1990-1996 он хүртэл Увс аймгийн Эрүүлийг хамгаалах, нийгэм хангамжийн газрын харъяа Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт ээлжийн сувилагчаар ажиллаж байсан. Намайг тус тасагт сувилагчаар ажиллаж эхлэхэд Б.Насанжаргал нь Хүүхдийн тасагт сувилагчаар ажиллаж байсан бөгөөд 1992 он хүртэл сувилагчаар ажилласан. Тухайн үед Хүүхдийн тасгийн эрхлэгчээр Нямаа гэх эмч ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

            Нэхэмжлэгч Б.Насанжаргал нь 1983 оны 7 дугаар сарын 01-нээс 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн төвийн Нэгдсэн эмнэлэг болон Эрүүлийг хамгаалах газрын харьяа яслид асрагч, сувилагчаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1986 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 172 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 149 дүгээр “Анагаах ухааны дээд, дунд, сувилагчийн сургууль төгсөгчдийг ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Төвийн нэгдсэн эмнэлгийн даргын 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаар “Шинээр сургууль төгссөн эмнэлгийн дунд мэргэжилтэн нарыг тасгуудад хуваарилан томилж ажиллуулах тухай” тушаал, 1989 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 19 дүгээр “Ажилд томилох тухай” тушаал, 1990 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 108 дугаар “Ажилд томилж, тэтгэмжийн мөнгө олгох тухай” тушаал, Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүл мэндийн газрын даргын 1992 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 06 дугаар “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаал, гэрч Д.Алтантуяа, С.Цэцгээ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

              Иймд нэхэмжлэгч Б.Насанжаргалын хүсэлтийг хангаж, түүний 1983 оны 7 дугаар сарын 01-нээс 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Эрүүлийг хамгаалах газрын харьяа яслид асрагчаар 3 жил 1 сар 20 хоног, 1988 оны 7 дугаар сарын 15-наас 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн төвийн Нэгдсэн эмнэлэг болон Эрүүлийг хамгаалах газрын харьяа яслид сувилагчаар 3 жил 6 сар, нийт 6 жил 7 сар 20 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.               

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Чоно овогт Балайгийн Насанжаргалын 1983 оны 7 дугаар сарын 01-нээс 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Эрүүлийг хамгаалах газрын харьяа яслид асрагчаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сар 20 /хорь/ хоног, 1988 оны 7 дугаар сарын 15-наас 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн төвийн Нэгдсэн эмнэлэг болон Эрүүлийг хамгаалах газрын харьяа яслид сувилагчаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар, нийт 6 /зургаа/ жил 7 /долоо/ сар 20 /хорь/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.          

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Б.Насанжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ