Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 61

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Төв аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг, Салхитын 11-07 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЙ66101202, Зөөд овогт Жавзангийн Цэвээннямын,

         Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Доржпалам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Ж.Цэвээнням шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Доржпалам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1966 онд төрсөн, 51 настай. Би Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 16 наснаасаа буюу 1981 оноос эхлэн илгээлтээр малчин болж 1992 оныг дуустал хонь, үхэр маллаж, саальчнаар ажиллаж байсан болно. 1992 оны 6 дугаар сард Цог нэгдэл хувьчлагдаж Цог компани болоход мөн л малчин, саальчнаар ажиллаж байсан. Нэхэмжлэл дээрээ 2002 оныг дуустал ажиллаж байсан гэж техникийн алдаа гарган буруу бичсэн байсан. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд ажилд томилсон, чөлөөлсөн тушаал болон 1981-1992 оны цалинг шүүн үзэхэд цалингийн тодорхойлолт гараагүй учраас шүүхэд хандаж байна. Иймд миний Өмнөговь сумын Цог нэгдэл болон Цог ХК-д 1981 оны 1 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Д.Дарьсүрэн, Р.Пүрвээ нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Цэвээнням нь 1981 оноос 1992 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэл болон Цог ХК-д малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

      Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дугаар архивын лавлагаанд: “Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн Баянгол бригадын 1981-1992 оны цалинг шүүн үзэхэд Жавзан овогтой Цэвээннямын цалин гараагүй нь үнэн болно” гэжээ.

          Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн захиргаанаас Ж.Цэвээннямд 1981 оны 1 дүгээр  сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь сумын Цог нэгдэлд саальчнаар авч ажиллуулсан болон 1981 оноос 1988 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин, ажилласан хоног бичигджээ”.

       Түүнчлэн Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн захиргаанаас Ж.Цэвээннямд 1990 оны 1 дүгээр  сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1989 оноос 1992 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин, ажилласан хоног бичигджээ”.

         Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн зөвлөл, Намын хороо, Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос 1987-1989 онуудад Ж.Цэвээннямыг шагнаж байсан баярын бичгүүд хэрэгт авагдсан байна.

         Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Дарьсүрэн, Р.Пүрвээ нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Дарьсүрэн “Миний бие нь 1972 оноос 1992 он хүртэл Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг ажиллах байхад Ж.Цэвээнням нь 1981 оноос 1992 оныг дуустал Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ж.Цэвээнням нь голдуу хонь, үхэр малладаг байсан. Тухайн үед Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Юнгэр, Дүүдэй, Гомбосүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Р.Пүрвээ “Миний бие нь 1974-1992 оны хооронд Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон Өмнөговь сумын Цог нэгдэлд тракторчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Ж.Цэвээнням нь 1981 оноос 1992 оныг дуустал Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ж.Цэвээнням нь голдуу үхэр мал малладаг байсан. Тухайн үед миний бие нь нэгдлийн малчдыг нүүлгэж, хадлан өвсийг хүргэж өгч, өтөг бууцыг нь хатгаж бэлтгэх ажлуудыг хийдэг байсан. Иймд Ж.Цэвээннямын ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

           Хэдийгээр Ж.Цэвээннямын 1981 оноос 1992 оныг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй байгаа боловч нэхэмжлэгч нь 1981 оноос 1992 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэл болон Цог ХК-д малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн захиргаанаас түүнд 1981 оны 1 дүгээр  сарын 01-ний өдөр, 1990 оны 1 дүгээр  сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн зөвлөл, Намын хороо, Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос 1987-1989 онуудад түүнийг шагнаж байсан баярын бичгүүд, гэрч Д.Дарьсүрэн, Р.Пүрвээ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

            Иймд нэхэмжлэгч Ж.Цэвээннямын хүсэлтийг хангаж, түүний 1981 оноос 1992 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэл болон Цог ХК-д малчин, саальчнаар 11 жил 11 сар 24 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.               

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Зөөд овогт Жавзангийн Цэвээннямын 1981 оноос 1992 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэл болон Цог ХК-д малчин, саальчнаар 11 /арван нэг/ жил 11 /арван нэг/ сар 24 /хорин дөрөв/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.           

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Ж.Цэвээннямын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ