| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0237/Э |
| Дугаар | 256 |
| Огноо | 2020-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 256
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч С.Солонго,
шүүгдэгч Ж.Г,
нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Жанцан овогт Жаргалсайханы Ж.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011006480271 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Орон зууцны аж ахуйн удирдах газар машиннистараар ажилладаг, ам бүл 4, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 9 дүгээр гудамжны 113 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Жанцан овогт Жаргалсайханы Ж.Г /РД: УХ92100950/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Ж.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Г нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 23 цаг 30 минутад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн автобусны буудлын орчим хохирогч Б.Балтын нүүрэн тус газар гараараа цохиж бие махбодид нь "...баруун нүдний зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөл.өн эдийн няцрал..." бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Б.Балтын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... автобусны буудлын хажууд 7 буудал явдаг таксинууд зогсдог газар очтол тэнд танихгүй залуу тамхи татаад машин налаад зогсож байсан. Тэгэхээр би хажуугаар гарахдаа явахуу гээд асуусан чинь юм дуугараагүй. Тэгээд цаашаа 2-3 алхтал араас явуулаад байгаарай гээд танихгүй 2 залуу зодох гээд дайраад ирсэн. ...хэн нь миний баруун нүдрүү цохисныг мэдэхгүй оайна. Тэр үед нэг хөгшин эгч та нар болиочээ, олуулаа нийлээд нэг хүнийг зодоод эайна ш дээ, цагдаа дуудлаа шүү гээд цагдаад дуудлага өгсөн байх. ...миний эаруун нүд хавдаад, доод зовхи няцарсан. Бусдаар ил харагдах гэмтэл шарх эайхгүй. ...Надад гомдол санал байхгүй. Надаас уучлал гуйгаад 400.000 төгрөг эгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 6-7х/,
- гэрч Б.Чулуунбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...автобусны буудал дээр байсан танихгүй эмэгтэй дагдаад дуудлага өгсөн. Тэгэхээр нь Балтыг тэвэрч аваад тэр жолоочид хандаад одоо найзуудыгаа аваад явчихаа гэж хэлээд Балт руу хартал баруун нүд орчмоос цус гарчихсан байсан. Тэр үед нөгөө машины залуучууд машиныхаа ард очоод анх гарч ирээд зодоон үүсгэсэн 2 залуугийн нэг залууг чамаас боллоо гээд үлдсэн хэд нь загнаад тэр залууг цохиод байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 19х/,
- гэрч Д.Билгүүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...нэг өндөр махлагдуу залуу руу улаан өнгийн бомбэр гэх куртик, хар биеийн тамирын өмд өмссөн нэг залуу, нөгөө нь жинсэн өмд хар цамцтай хоёр залуу нөгөө өндөр махлаг залууг зодоод байсан. Улаан өнгийн куртик, доогуураа хар биеийн тамирын өмд өмссөн хувцастай залуу тэр зодуулж байгаа залуугийн нүүр хэсэгт цохиод байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 21х/,
- гэрч Э.Гэрэлтөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Ж.Г дээгүүрээ улаан өнгийн куртиктэй малгайгүй, саарал өнгийн бэлтгэлийн өмдтэй байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 12х/,
- гэрч Б.Номин-Очирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баатараа, Ж.Г нар танихгүй нэг залуутай муудалцаад цохиолцоод байхаар нь найз Гэрэлтөр бид хоёр очиж салгасан. Тэгээд бид нар машин руугаа явахдаа Ж.Г Баатарааг загнаад чамаас хамаг юм боллоо. Хүнд гай болох гээд байна гээд муудалцаад би чамаас өмөөрөөд тэр залууг цохичихлоо гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 23х/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2989 дугаартай "...Б.Балтын биед баруун нүдний зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ж.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Гт шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр шүүх тогтоосон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нь 90 хоногт уг торгох ялыг бүрэн төлж барагдуулах болохыг дурдах нь зүйтэй.