Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 62

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймаг Улаангом сумын 5 дугаар баг, 6-6 тоотод байрлах, улсын бүртгэлийн 15110021498, регистрийн 4000412 дугаартай, “Дөрвөн ойрад” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюуны нэхэмжлэлтэй,

             Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,

        2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан УВНБ- 01/2013 тоот ажил гүйцэтгэх гэрээний зургийн даалгаварт өөрчлөлт оруулахыг даалгах, мөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөр 4.866.546 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэсхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “Дөрвөн Ойрад” ХХК-ийн итгэмжлэгдсэн Ж.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2012 оноос 2016 онд Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэндсүрэн гэгч нь албан тушаалын байдлаа илтэд урвуулан ашиглаж намын харьяалал, үзэл бодлыг нь гадуурхаж, хийсэн ажлыг хийгээгүй мэтээр худлаа гүтгэж ямар ч нотлох баримтгүйгээр хохироох бодлого барьж эхлээд ажлын зургийн даалгавар өөрчилж өгөхгүй эс үйлдлээрээ 2013 оны 6 дугаар сарын 24-нөөс хойш, дараа нь 2015 оны 2 дугаар сараас ажил хийгээгүй гэж шүүхэдсээр 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүрсэн. 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Дөрвөн Ойрад” ХХК, Увс аймгийн Засаг даргатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Холбооны 36 айл болон хуучин Хархираа зочид буудлын өмнөх 2689 м2 талбайд ногоон байгууламжийн ажил гүйцэтгэхээр тохиролцсон юм. Гэтэл 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хуучин Хархираа зочид буудлын өмнөх талбайд хийх байсан ажлаас 400 м2 газар хасах болсныг мэдэж, хандахад Засаг даргын зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 17-р хуралдаанаар ажил гүйцэтгэгч талд мэдэгдэлгүй шийдвэрлэсэн байдаг. Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн ажлын тоо хэмжээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг зөвшөөрөхдөө ажлын зураг /зургийн даалгавар/-т өөрчлөлт оруулж өгөхийг шаардсан. Хуулийн дагуу тавьсан шаардлагын дагуу өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүйгээр барахгүй, “Дөрвөн Ойрад” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж гэрээний төлбөрөө буцаан нэхэмжлэн шүүхэдсээр 2 жил хохироолоо. Ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэхдээ зөвхөн захиалагчийн зургийн даалгаврын дагуу хийж байсан. Энэхүү өөрчлөлт орсноор цаашид ажлаа хэвийн гүйцэтгэх боломжгүй болсон юм. Хийх ёстой ажил 2289 м2 талбайд ажил гүйцэтгэх ёстой юм шиг болсон нь үүрэг гүйцэтгэх арга нь шударга ёсны зарчимд нийцээгүй, үүргийн гүйцэтгэлийг удаашруулж байна гэж үзэж Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.2-д зааснаар шүүхэд хандаж байна. Иймд Засаг даргыг зургийн даалгаварт өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү. Гэрээний төлбөрийн үүрэг нь 1. Банкны баталгааг үндэслэн 13.426.079 төгрөг, 2. ажлын гүйцэтгэлийн захиалагч хүлээн авсны дараа 20.139.188 төгрөг, 3. Улсын комисст хүлээлгэн өгсний дараа 1 1.188.399 төгрөг гэсэн хэсгүүдээс бүрдэх ба нийлбэр дүн буюу 44.753.596 төгрөг нь гэрээний үнийн дүн байдаг. Гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан ёсоор ажлаа гүйцэтгэж байсан бөгөөд гэрээний дагуу 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хийсэн ажлаа 75%-ийн гүйцэтгэлтэй байна гэж ажлын гүйцэтгэлээ тухайн үед холбогдох албан тушаалтнуудаас батлуулж хянуулан нийтдээ 33.292.625 төгрөг авах ёстой байсан боловч Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн эрх мэдлээ хэтрүүлэн ажлын гүйцэтгэлийг хүлээн авсны дараа 20.139.188 төгрөгийн гэрээний төлбөр төлөх ёстой байснаас 15.000.000 төгрөг шилжүүлсэн байдаг. “Дөрвөн Ойрад” ХХК-ийн ажлын гүйцэтгэлийг захиалагч тал нэгэнт хүлээн авсан болохоор дутуу төлсөн 4.866.546 төгрөг гаргуулах эрх үүсэж байгаа юм. Ийм учраас “Дөрвөн Ойрад” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж захиалагч талаас гүйцэтгэлээс хүлээж авсан ажлын төлбөрийн үлдэгдэл болох 4.866.546 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

            Хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэсхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Дөрвөн ойрад” ХХК нь Увс аймгийн Засаг даргатай 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан УВНБ-01/2013 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр анх тохиролцсон ажлын даалгаварт өөрчлөлт орсноос шалтгаалан ажил цаашид хэвийн үргэлжлэх, хүлээлгэн өгөх боломжгүй болсны учраас зургийн даалгаварт өөрчлөлт оруулахыг даалгах, мөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн гэрээний төлбөр 4,866,546 төгрөг гаргуулахыг шаардаж байна. Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зарласан “Улаангом сумын төв гудамжны дагуу ойн зурвас, ногоон байгууламж байгуулах” ажил гүйцэтгэх тендерт “Дөрвөн Ойрад” ХХК нь шалгарч 2013 оны 5 дугаар сарын 10-нд ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлаа эхэлсэн бөгөөд “Бэлбулаг” үйлчилгээний төвөөс хүсэлт ирүүлсний дагуу энэ асуудлыг Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлэн хийгдэх ажлын талбайгаас 400 м.кв газрыг хасах, гэрээнд нэмэлт өөрчлөлт хийхээр болсон тухай 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 59 тоот албан бичгээр санал хүргүүлсний дагуу 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр 250 метрийн урттай усжуулалтын систем нэмж хийхээр “Дөрвөн Ойрад” ХХК нь зөвшөөрөн ажлын гэрээ байгуулсан нь үүнийг хүлээн зөвшөөрч байгааг нотолж байна. “Дөрвөн Ойрад” ХХК-ийн хийж гүйцэтгэх ажлын талбайгаас 400 м.кв талбайг хассанаар уг компанитай хийсэн анхны гэрээний үнийн дүнд өөрчлөлт ороогүй байдаг болно. Тохиролцсоныхоо дагуу ажлаа цааш нь үргэлжлүүлэн хийх боломжтой байсан болно. 2-р шаардлагын хүрээнд: “Дөрвөн Ойрад” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 15-ныг дуустал 3 сарын хугацаанд төв гудамжны дагуу ойн зурвас, ногоон байгууламж байгуулах ажлыг тус компани нь хийж гүйцэтгэхээр шалгаран ажлаа эхлүүлсэн байдаг ба урьд авсан санхүүжилт 13.426.079 төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг банкны баталгааг үндэслэн гүйцэтгэгч компанид шилжүүлсэн, мөн 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 33,292,625 төгрөгийн гүйцэтгэл гаргаж ирүүлсэн боловч ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа тухай Засаг даргын зөвлөлд танилцуулан 15.000.000 төгрөгийн санхүүжилтийг 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/467 дугаар захирамжаар олгосон бөгөөд гүйцэтгэлд заагдсан мөнгөн дүнг гүйцэт олгоогүй нь ажлын гүйцэтгэлд нь тохирсон хөлс болно. Үлдэгдэл мөнгөн дүн буюу нэхэмжлэлд заагдсан 4.866.546 төгрөгийг гүйцэтгэгч компани нь гэрээний дагуу заагдсан ажлаа тухайн үедээ хийгээд авах боломжтой байсан ба гэтэл газар хассан, гэрээнд өөрчлөлт оруулсан, зургаа өөрчилж өг гэсэн шалтаг, шалтгаанаар гэрээнд заасан үүргээ зөрчин ажлаа гүйцээгээгүй орхисон байдаг. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь “гүйцэтгэсэн ажлын үр дүн” байна гэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т заасан ба мөн хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т заасны дагуу уг компаний ажлын гүйцэтгэлийн баримтад тулгуурлан 28.426.079 төгрөгийн санхүүжилт олгосон нь бодит ажлын гүйцэтгэлийн дүн юм. Ирүүлсэн ажлын гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрөөгүй нь санхүүгийн албан хаагч нарын гарын үсэг зураагүй баталгаажуулаагүй байдлаас харагдаж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “Дөрвөн Ойрад” ХХК-ийн итгэмжлэгдсэн  Ж.Оюун нь Увс аймгийн Засаг даргад холбогдуулан 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан УВНБ-01/2013 тоот ажил гүйцэтгэх гэрээний зургийн даалгаварт өөрчлөлт оруулахыг даалгах, мөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөр 4.866.546 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

         Хариуцагч нь ““Дөрвөн ойрад” ХХК-ийн хийж гүйцэтгэх ажлын талбайгаас 400 м.кв талбайг хассанаар уг компанитай хийсэн анхны гэрээний үнийн дүнд өөрчлөлт ороогүй, ажлын гүйцэтгэл гэх баримтад санхүүгийн албан хаагч нар гарын үсэг зурж баталгаажуулаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргаж байна.

          Увс аймгийн Засаг дарга, “Дөрвөн Ойрад” ХХК-ийн захирал нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн УВНБ-01/2013 дугаартай “Увс аймгийн Улаангом сумын Төв гудамжны дагуу ойн зурвас, ногоон байгууламж байгуулах ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, гэрээний дагуу ажлаа 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр эхэлж, 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад оруулж, 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газарт хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байна.  

            Мөн Увс аймгийн Засаг дарга, “Дөрвөн Ойрад” ХХК-ийн захирал нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн УВНГ-01/2013 дугаартай “Увс аймгийн Улаангом сумын Төв гудамжны дагуу ойн зурвас, ногоон байгууламж байгуулах ажлын услалтын систем угсрах нэмэлт гэрээ” байгуулагдаж, гэрээний дагуу гүйцэтгэх ажлаас 400 м2 талбайг хасч тооцох, гүйцэтгэгч нь 250 м урттай услалтын системийн нэмэлт ажлыг 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эхэлж, 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ашиглалтад оруулахаар тохиролцож нэмэлт гэрээ байгуулжээ.

          2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн УВНБ-01/2013 дугаартай “Увс аймгийн Улаангом сумын Төв гудамжны дагуу ойн зурвас, ногоон байгууламж байгуулах ажил гүйцэтгэх гэрээ” гэрээ байгуулахаас өмнө уг ажлын зургийн даалгаврыг Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн боловсруулж, тус хэлтсийн дарга, Санхүү төрийн сангийн хэлстийн дарга хянаж, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр баталсан бөгөөд гүйцэтгэгч “Дөрвөн Ойрад” ХХК нь уг зургийн даалгаврын нөхцөл шаардлагад нийцсэн зураг гаргаж хүргүүлжээ.

          Захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан “Увс аймгийн Улаангом сумын Төв гудамжны дагуу ойн зурвас, ногоон байгууламж байгуулах ажлын услалтын систем угсрах нэмэлт гэрээ”-ээр ажил гүйцэтгэгч ”Дөрвөн Ойрад” ХХК-ийн гүйцэтгэх ажлаас 400 м2 талбайг хассанаар гэрээний үнэд өөрчлөлт ороогүй, тус компани нь цаашид ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон нөхцөл байдал үүсээгүй байна.

          Түүнчлэн гүйцэтгэгч нь гэрээний дагуу гүйцэтгэх ажлаас 400 м2 талбайг хасч тооцох, гүйцэтгэгч нь 250 м урттай услалтын системийн нэмэлт ажлыг зөвшөөрч “Увс аймгийн Улаангом сумын Төв гудамжны дагуу ойн зурвас, ногоон байгууламж байгуулах ажлын услалтын систем угсрах нэмэлт гэрээ”-нд гарын үсэг зурсан байх тул 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан УВНБ-01/2013 тоот ажил гүйцэтгэх гэрээний зургийн даалгаварт өөрчлөлт оруулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

       Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу гүйцэтгэгч “Дөрвөн Ойрад” ХХК нь 28.426.079 төгрөгийн санхүүжилт авсан болох нь зохигчдын тайлбар болон “Санхүүжилт олгох шийдвэр 71” гэх баримтаар нотлогдож байна.

          Төв гудамжны дагуу ойн зурвас, ногоон байгууламж байгуулах ажлын гүйцэтгэл №01 гэх баримтыг нэхэмжлэгч нь гаргаж өгсөн ба тайлант үеийн гүйцэтгэл 33.292.625 төгрөг, үүнээс 28.426.079 төгрөгийн санхүүжилт авсан ба одоо аваагүй үлдсэн санхүүжилт 4.866.546 төгрөг гаргуулна хэмээн нэхэмжилдэг боловч уг баримтад гүйцэтгэлийг хүлээн авч хянах, эрх бүхий 4 албан тушаалтнаас 2 албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулаагүй байх тул ажлын гүйцэтгэл №01 гэх баримтыг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөр 4.866.546 төгрөг гаргуулах боломжгүй юм.

           Мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар заасан бөгөөд “Дөрвөн Ойрад” ХХК нь хэрэгт авагдсан баримтуудаар хэдэн төгрөгийн ямар ажил хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдохгүй байна.

            Иймд дээрх нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч “Дөрвөн Ойрад” ХХК-ийн итгэмжлэгдсэн Ж.Оюуны Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан УВНБ-01/2013 тоот ажил гүйцэтгэх гэрээний зургийн даалгаварт өөрчлөлт оруулахыг даалгах, мөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөр 4.866.546 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч “Дөрвөн Ойрад” ХХК-ийн итгэмжлэгдсэн Ж.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92.815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:             

           1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Засаг даргаас 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан УВНБ-01/2013 тоот ажил гүйцэтгэх гэрээний зургийн даалгаварт өөрчлөлт оруулахыг даалгах, мөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөр 4.866.546 төгрөг гаргуулах тухай “Дөрвөн Ойрад” ХХК-ийн итгэмжлэгдсэн Ж.Оюуны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч “Дөрвөн Ойрад” ХХК-ийн итгэмжлэгдсэн Ж.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92.815 /ерэн хоёр мянга найман зуун арван тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ