Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 74

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1-48 айлын 48 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ76121002, Борлууд овогт Чогсомын Баярхүүгийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Чандмань-Увс” ХХК-д холбогдох,

       Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Чандмань-Увс” ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 71/б дугаар “Шилжүүлэн ажиллуулах тухай”  тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Баярхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагч М.Мөнхөө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Ч.Баярхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Чандмань-Увс” ХХК-д 2006 онд анх нарийн бичиг, архив бичиг хэргийн ажилтнаар ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмаа мөрдөж, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ сайн биелүүлж ирсэн болно. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж, сахилгын шийтгэл авч байгаагүй болно. Уг байгууллагад тасралтгүй 10 жил ажиллаж байна. Гэтэл Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Чандмань-Увс” ХХК-ийн захирал М.Мөнхөө нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 71/б тоот тушаалаар намайг тус байгууллагын нарийн бичиг, архивын ажилтны ажлаас чөлөөлж, халуун усны кассаар шилжүүлэн ажиллуулах тухай тушаал гаргасан. Уг тушаалыг гаргахдаа тус компаний захирлын зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэсэн бөгөөд өөр ямар нэгэн хуулийг үндэслээгүй байх тул намайг өөр ажилд шилжүүлэн томилсон Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Чандмань-Увс” ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 71/б тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажилтан миний Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон эрхийг хууль бусаар зөрчиж байна гэж үзэж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд хандсан. Иймд Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Чандмань-Увс” ХХК-ийн захирал М.Мөнхөөгийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 71/б тоот тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажил болох тус компанийн архив бичиг хэргийн ажилтан, нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэв. 

          Хариуцагч М.Мөнхөө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Чандмань-Увс” ХХК-ийн захирлаар томилогдсон бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 18-нд ажлын нөхцөл байдалтай танилцаад, орой хүртэл ажлын байран дээрээ сууж ажилласан юм. Гэтэл нарийн бичиг Ч.Баярхүү нь оройн 23:00 цагийн үед конторын гадна намайг тагнаж, зогсож байгаад сахиул Р.Даваажавт баригдсан байдаг юм. Мөн үйлчлэгч Ч.Жимсээд конторт архи дарс уусан байна уу, уусан байвал зургийг нь дараад баримтжуулаад өгөөрэй. Цагдаад хандаж, ажлаас нь халуулна гэж шаардсан байдаг. Ч.Баярхүүгийн энэ үйлдэл нь компанийн дотоод журмын 7.4 дэх заалтыг ноцтой зөрчиж байгаа бөгөөд ажлаас халах хүртэл арга хэмжээ авч болох байсан. Гэвч хүн ёсны хувьд хүн чанар гаргаж ажиллуулсан. Нарийн бичиг гэдэг захирлын туслах байх ёстой бөгөөд компанийн дотоод, гадаад нууцыг чандлан хадгалах үүрэгтэй. Иймд “Чандмань-Увс” ХХК-ийн захирлын хувьд энэ тухай асуудлыг нарийн бичиг Ч.Баярхүүд хэлэхэд мэлзсэн. Захирал багаа бүрдүүлж ажиллах эрхтэй, Ч.Баярхүү намайг нарийн бичгийн үүрэгт ажлаас өөрчилж болно гэж хэлсэн ба энэ тухай бичгээр гаргаж өгсний үндсэн дээр ажлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэж, өөрт нь дараах гурван ажлын байр санал болгосон юм. Үүнд: Цэвэр усны өргөлтийн станцад операторчин, цэвэр усны тоолуурын эрхлэгч, касс, халуун усны касс гэсэн албан тушаалуудыг санал болгож, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бичгээр хариу өгч, зөвшөөрсөн болно. Зөвшөөрөхдөө цалин бууруулахгүйгээр тушаал гаргаж өг гэсэн шаардлага тавьсныг биелүүлж, цалинг нь хэвээр хадгалж, тушаал гаргаж ажиллуулж байгаа болно. Нэхэмжлэгч Ч.Баярхүү нь үүрэгт ажлаа одоо хийж байгаа бөгөөд хөдөлмөрийн харилцаа үүсээд явж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Ч.Баярхүү нь хариуцагч Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Чандмань-Увс” ХХК-д холбогдуулан тус компанийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 71/б дугаар “Шилжүүлэн ажиллуулах тухай”  тушаалыг хүчингүй болгож, нарийн бичгийн дарга, архив бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. 

        Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Ч.Баярхүүгийн үйлдэл нь компанийн дотоод журмын 7.4 дэх заалтыг ноцтой зөрчиж байгаа бөгөөд ажлаас халах хүртэл арга хэмжээ авч болох байсан. Гэвч өөртэй нь тохиролцсоны дагуу өөр ажилд шилжүүлэн ажиллуулсан” гэж маргаж байна.

         Нэхэмжлэгч Ч.Баярхүү нь 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Чандмань-Увс” ХХК-ийн нарийн бичгийн дарга, архив бичиг хэргийн ажилтнаар ажилласан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан “Чандмань-Увс” ХХК-ийн захирлын 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 68 дугаар “Ажилд авах тухай” тушаалын хуулбараар нотлогдож байна.

          Ч.Баярхүүг “Чандмань-Увс” ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 71/б дугаар тушаалаар Компанийн захирлын зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн мөн өдрөөс халуун усны кассчнаар ажиллуулахаар шилжүүлсэн байна.

            Ажил албан тушаалд шилжүүлэх, түр шилжүүлэн ажиллуулах талаарх харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйл, ажилтан жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй бол мөн хуулийн 107 дугаар зүйлүүдэд зааснаар зохицуулсан байдаг.

        Гэтэл хариуцагч “Чандмань-Увс” ХХК-ийн захирал нь Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл заалтыг баримталсан, үндэслэлээ тодорхой заасан шийдвэр гаргах ёстой байтал компанийн захирлын зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Ч.Баярхүүг өөр ажилд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

        Мөн ажил олгогч нь ажилтныг өөр ажилд шилжүүлэхдээ ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний зөвшөөрлийг бичгээр авахыг шаарддаг.

          Нэхэмжлэгч Ч.Баярхүүгийн “Чандмань-Увс” ХХК-ийн захиралд хандаж гаргасан “...Намайг шилжүүлэн ажиллуулсныг зөвшөөрөхгүй байна. Халуун усны кассчин сар бүр өөр өөр газар солигдож ажилладаг бөгөөд би нялх хүүхэдтэй тул ийм тогтвор суурьшилгүй ажил хийх боломгүй байна” гэх хүсэлтээс үзэхэд нэхэмжлэгч нь ажилд шилжүүлэн ажиллуулахыг зөвшөөрөөгүй байна.

          Хариуцагч “Компанийн захирлын зөвлөлийн хуралдааны шийдвэрийг зөвлөлийн хурлаар хэлэлцэн, шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн” гэж маргаж хурлын тэмдэглэлийг ирүүлсэн боловч уг хурлын тэмдэглэлийг албан бланк дээр хэвлээгүй, тэмдэглэл бичсэн болон хянасан албан тушаалтан нэр, гарын үсгээ зурж тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

         Түүнчлэн хариуцагч нь ”Ч.Баярхүүгийн үйлдэл нь компанийн дотоод журмын 7.4 дэх заалтыг ноцтой зөрчиж байгаа” гэж тайлбарладаг боловч “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалаа гаргахдаа компаний дотоод журмыг үндэслэж гаргаагүй учир энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

         Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөх болон өөр ажилд шилжүүлэх харилцааг компанийн захирлын зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэж гаргах бус өөр ажилд шилжүүлэх болсон шалтгаанаа тодорхой зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэж хуульд нийцсэн эрх зүйн акт гаргах ёстой.

             Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Чандмань-Увс” ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 71/б дугаар “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, Ч.Баярхүүг тус компанийн нарийн бичгийн дарга, архив бичиг хэргийн ажилтны ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

          Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Чандмань-Увс”-иас ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.     

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Чандмань-Увс” ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 71/б дугаар “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, Ч.Баярхүүг тус компанийн нарийн бичгийн дарга, архив бичиг хэргийн ажилтны ажлын байранд эгүүлэн тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Чандмань-Увс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ