Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 102/2017/01234/И |
Дугаар | 001/ХТ2018/00046 |
Огноо | 2018-01-09 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2018/00046
Б.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01682 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1982 дугаар магадлалтай,
Б.Б-ийн нэхэмжлэлтэй,
“М” ХХК-д холбогдох
500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б-, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 3 сард “М” ХХК-ийн захирал Д.Даваадоржийн хүсэлтээр ажил дээр нь очиж уулзсан бөгөөд нарны зайн үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд Оросын байгууллагатай ажиллахаар болсон, шинэ компани байгуулсан тул түүнд оролцох, зөвлөхөөр ажиллах, тухайн компанийн үйл ажиллагааны ашгаас хувь хүртэх хүсэлтэй байгаа тул гадаадын хамтрагчаас ирүүлсэн гэрээний төслийг судлан үзэхгүй юу, тухайн гэрээнд манай компанийн, миний эрх ашгийг хангах, хамгаалах талаар хууль зүйн дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн. “М” ХХК-ийн захирал Д.Даваадоржийн гаргасан санал, мэйлээр ирүүлсэн гэрээний төслийг судалж, шинжлэн дүгнээд, компанийн хувьцаа эзэмших эсэх асуудлаар болон гадаадын харилцагчаас нь ирүүлсэн гэрээний төсөлд өөрийнх нь эрх ашиг хангагдаагүй, эрх зүйн хамгаалалт шаардлагатай тухай хууль зүйн дүгнэлт гаргаж, эрх зүйн бичиг баримтуудыг өөрийнх нь мэйл хаягаар 2016 оны 03 сарын 04-ний өдөр явуулсан. Үүний дараа дахин нэг мэйл ирсэн бөгөөд тэр мэйлд нь гэрээнд Монголд авах гэж байгаа эрчим хүчний тусгай зөвшөөрөл, үйлдвэр байгуулах, маркетинг төлбөрийн асуудлыг би хариуцаж ажиллах бөгөөд энэ гэрээнээс 4 хувийн хувьцаа авах гэж байгаа гээд гэрээний төслөө явуулж хууль зүйн талаас нь хараад дүгнэлт гаргаад өг гэсэн. Үүний дагуу 04 сарын 04-ний өдөр би дүгнэлт хийж явуулсан бөгөөд гэрээ хийе гээд төлбөрөө бичиж явуулсан. Бид 2 өмнө нь бие биенээ таньдаг байсан. Надад багшилж байсан нь үнэн боловч би үнэ төлбөргүй үйлчилгээ аваагүй сарын төлбөрөө төлж байсан. Сүүлд тодорхойлолт гаргаж өгсөн гэж байсан. Надад тодорхойлолт гаргаж өгөөгүй. Би банкны зээл авах гэж байгаа танд бололцоо байна уу гэж хэлж байсан. Тодорхойлолт гаргаж өгч байгаагүй. 2016 оны 04 сарын 09-ний өдөр гэрээний төсөл, үнэ тарифаа явуулсан. Ямар ч хариу өгөөгүй. 04 сарын 16-ны өдөр би ажил дээр нь очиж уулзаад мөнгөө өгөх үү, боломжгүй байвал бага зэрэг хасч шийдээд өгөөч ээ гэж хэлсэн бөгөөд хамтарч ажиллаж байгаа хүмүүсийн хооронд мөнгө төгрөгийн туслалцаа хэрэг болоод байна гэхэд бодож үзье гэсэн. Миний дүгнэлт ямар нэгэн байдлаар хэрэг болсон ч бай хэрэг болоогүй ч бай би хийх ажлаа хийсэн. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргаж, баримтад үзлэг хийсэн. Өөрийнх нь ярьж байгаагаас зөрж байгаа. Гэрээ байгуулаагүй, учир нь бид бие биенээ таньдаг, шууд гэрээ хийнэ гэж тулгаагүй. Би ямартай ч мэдээлэл өгсөн нь баримтаар нотлогдож байгаа тул “М” ХХК-иас миний хийсэн ажлын хөлс 500.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч Д.Даваадоржийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “М” ХХК-ийн захирал Д.Даваадорж миний бие Б.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. ОХУ-ын иргэнтэй Монгол Улсад хамтарсан компани байгуулахаар ярилцаж байсан учраас 2016 оны 03 сарын 29-ний өдөр над руу хамтран ажиллах гэрээний санал явуулсан. Б.Б-ийг өмнө мэддэг байсан. Түүнтэй 2016 оны 03 сарын 29-ний өдөр уулзаж, учир явдлаа товчхон хэлээд, гэрээ ирсэн нэг хараад өгөөч гэхэд та над руу мэйлээр явуулчих гэсэн. Тэр өдрийнхөө орой Б.Б- руу гэрээг мэйлээр явуулсан. Бид хоёрын хооронд ийм л яриа өрнөсөн. Өөрөөр хэлбэл, бидний хооронд үнэ хөлстэй гэрээ дүгнүүлэх талаар ямар ч тохиролцоо хийгдээгүй. Гэрээний саналын хариуг 2016 оны 03 сарын 30-ны өдөр явуулах ёстой байсан. Би 2016 оны 03 сарын 30-ны өдөр Б.Б- руу залгасан боловч утсаа аваагүй. Ингээд өөрөө гэрээгээ харж, саналаа бичээд тэр өдөрт нь санал явуулсан хүндээ мэйлээр явуулсан. Гэтэл Б.Б- бүх юм дууссаны дараа 2016 оны 04 сарын 04-ний өдөр дүгнэлт гэрээ гэх 5, 6 хуудас юм мэйлээр явуулсан байсан. Мөн 2016 оны 04 сарын 09-ний өдөр над руу “Тохиролцсон ёсоор гэрээний төсөл, үйлчилгээний үнийн тарифаа явууллаа. Урьд хийсэн хууль зүйн 2 дүгнэлтийн төлбөрийн нэхэмжлэх явуулах уу” гэсэн утгатай мэйл явуулсан байсан бөгөөд хавсаргасан файлыг үзвэл Эрх зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний төслийг миний нэр дээр боловсруулан явуулсан байсан. Би Б.Б-той гэрээ дүгнүүлэх, хөлс төлөх талаар ямар ч тохиролцоо хийгээгүй байхад тохиролцсон мэт агуулгаар мэйл бичиж явуулсан байна. Үүнийгээ гэрээ байгуулах санал гэж үзэж, үүнд хариу өгөөгүй учраас зөвшөөрсөн мэтээр дүгнэж нэхэмжлэл гаргасанд гайхаж байна. Гэрээ саналд аль хэдийнээ хариугаа явуулаад, дүгнүүлэх шаардлагагүй байхад надад Б.Б-оос 2016 оны 04 сарын 09-ний өдөр явуулсан гэрээний саналыг хүлээн авах үндэслэлгүй юм. Мөн уг гэрээний төсөлд хариу өгөөгүй бол гэрээг байгуулагдсан тооцох тухай ямар ч заалт байхгүй тул Иргэний хуулийн 43.1.2-т зааснаар гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлгүй юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Өмгөөлөгч үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.” гэж заасан байна. Б.Б- бидний хооронд ямар ч гэрээ байгуулагдаагүй тул хөлс төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Б.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01682 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “М” ХХК-иас 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1982 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01682 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1682 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч хариуцагчийн цахим шуудангийн хаягаар 2016 оны 04 сарын 04-ний өдөр эрх зүйн дүгнэлтээ, хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2016 оны 04 сарын 09-ний өдөр ажлын хөлсний үнийн саналыг хүргүүлж,.. хэлцэл хийгдсэн гэж үзжээ" гэж дүгнэсэн. Цаашилбал, Иргэний хуулийн 43.1 хэсэгт зааснаар аман хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон болох нь ... тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчээс 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагчид явуулсан цахим шууданд хавсаргасан "Хуулийн зөвлөх үйлчилгээний гэрээ”-нд үнийн санал тодорхой тусгагдсан, хүсэл зориг болон хүсэл зоригийн илэрхийлэл буюу гэрээний гол нөхцөл хангалттай илэрхийлэгдсэн гэж үзнэ. Хариуцагчийн зүгээс гэрээний саналыг татгалзсан, үгүйсгэсэн, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ямар нэгэн санал гаргаагүй, ийм үйл баримт болсон бол түүнийг нотлох ямар нэгэн нотлох баримт шүүхэд гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан татгалзлаа нотлоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Шүүх талуудын хооронд үүссэн харилцаа, хэргийн бодит үйл баримтыг үнэн зөв, эргэлзээгүй тогтоож чадаагүй нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэсэн Иргэний хуулийн 43.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд аман хэлцлийн гол нөхцлийн талаар хэлэлцэн тохиролцсон нь тогтоогдохгүй байна гэж дүгнэснээр илэрхийлэгдэж байна. Гэтэл миний зүгээс гүйцэтгэвэл зохих хариуцагчийн хүссэн хууль зүйн дүгнэлтийг түүнд гэрээний төслөөс өмнө урьдчилан илгээсэн бөгөөд гэрээний төслийг мөн адил хариуцагчид хүргүүлсэн. Үүнээс хойш хангалттай хугацаа өнгөрсөн, хариуцагчийн зүгээс энэ үйл баримтыг үгүйсгээгүй, түүнд илгээсэн гэрээний төслөөс татгалзаагүй, гэрээний төсөлтэй холбоотой ямар нэгэн санал гаргаагүй, үүнийгээ нотлоогүй, ердийн боломжит хугацаа өнгөрсөн тул гэрээ байгуулагдсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 43.1.3 дугаар зүйл “хууль буюу гэрээнд заасан бол хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй бөгөөд ийнхүу хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн гэж хуульчилсныг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул гомдолтой байна. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1682 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1982 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн хэлцлийн зохицуулалтыг хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцжээ.
Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан эрх зүйн дүгнэлт гаргаж, хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлсний ажлын хөлсөнд 500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээ байгуулаагүй, төлбөр төлөх талаар тохиролцоогүй гэж маргажээ.
2016 оны 03 сарын 29-ний өдөр хариуцагч “М” ХХК-ийн захирал Д.Даваадорж өөрийн компанийн үйл ажиллагаатай холбоотой гэрээний төсөл, холбогдох мэдээллийг нэхэмжлэгчийн цахим хаягаар илгээсэн, нэхэмжлэгч нь хариуцагчийн цахим шуудангийн хаягаар 2016 оны 04 сарын 04-ний өдөр эрх зүйн дүгнэлтээ, хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2016 оны 04 сарын 09-ний өдөр ажлын хөлсний үнийн саналыг явуулсан, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-д “хууль буюу гэрээнд заасан бол хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн” гэж заасны дагуу хэлцэл хийгдсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.
Нэхэмжлэгчийн цахим шуудангаар илгээсэн гэрээний саналд хариуцагч хариу өгөөгүй, түүнчлэн талууд ажлын хөлс болон хугацааны талаар тохирсон тохиролцоо хийсэн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар нотлогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлд хэлцэл хийсэн гэж үзэх нөхцөлийг зохицуулсан ба 43 дугаар зүйлийн 43.1.3-д зааснаар “хууль буюу гэрээнд заасан бол хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн” бол хэлцлийг хийсэн гэж үзнэ.
Нэг тал хэлцэл хийхээр санал гаргагч талын гаргасан саналд нөгөө тал буюу санал хүлээн авагч тал хариу өгөх шаардлагагүйгээр хэлцэл хийгдсэн гэж үзэх нөхцөлийг хууль тогтоогч дээрх зүйлээр зохицуулахдаа урьдчилсан хоёр нөхцөл тогтоожээ. Тухайлбал, хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй буюу “дуугүй байх нь хүлээн зөвшөөрсний илэрхийлэл” зарчмаар хэлцэл хийгдсэн гэж үзэх эхний нөхцөлийг хуульд тусгайлан заасан байхыг, харин хоёр дахь нөхцөл нь санал гаргагч талын гаргасан хэлцэл хийх тухай саналд хариу өгөх хугацаа тогтоож, заасан хугацаанд нөгөө тал татгалзсан хариу өгөөгүй бол хэлцлийн саналыг хүлээн зөвшөөрч, хэлцэл хийгдсэн гэж үзэх нөхцөлийг энэ саналдаа тодорхой тусгасан байх тухай ойлголт юм.
Нэхэмжлэгч Д.Батдоржийн илэрхийлсэн хүсэл зориг хүчин төгөлдөр байх тохиолдолд хариуцагчаас ажлын хөлс шаардах эрх үүсэх боловч Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан нөхцөл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
Нэхэмжлэгчийн цахим шуудангаар илгээсэн гэрээний төсөлд “хариу өгөх хугацаа тогтоосон” нөхцөл тусгагдаагүй, түүнчлэн Иргэний хууль болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний саналд хариу өгөөгүй бол ердийн боломжит хугацаа өнгөрсөн тохиолдолд гэрээ байгуулагдсан гэж үзэх зохицуулалт тусгагдаагүй байна. Иймээс нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын хууль зүйн үндэслэл үгүйсгэгдэж байна.
Талуудын хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийгдсэнийг нотолсон болон хариуцагч нэхэмжлэгчид хөлс төлөх талаар тохиролцсон тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул 500.000 төгрөгийн хөлс шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т нийцсэн гэж үзнэ.
Талуудын хооронд гэрээ дүгнүүлэхдээ үнэ хөлстэй байх талаар ямар ч тохиролцоо хийгдээгүй гэх хариуцагчийн гаргасан тайлбарыг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар үгүйсгэж чадаагүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01682 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1982 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч Б.Б-оос хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 15.650 /арван таван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН