Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 120/ШШ2018/0008

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 02 өдөр                         120/ШШ2018/0008                                      Өмнөговь аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярмаа би, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн ******* холбогдох “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 120 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 120 дугаар тогтоолоор Баяндалай сумын нутаг дэвсгэрт орших “Зурамтайн нуруу-1” нэртэй газарт 3524.25 га талбайг “*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцуулан бэлчээр, бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаас гаргаж өгсөн итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон юм.

 Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан “Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 08 дүгээр сарын 31-ний өдрийн 120 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай” шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар нь “*******” ХХК-ийн гаргасан “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 120 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хүсэлтээ 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс *******, ******* нарт олгосон итгэмжлэлд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг тусгайлан олгожээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” эрхийг эдлэх бөгөөд мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн энэхүү бичгээр гаргасан тайлбар нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66, 67, 68 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч хариуцагч эвлэрснийг баталсан шүүгчийн захирамжид уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар “...шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Өмнөговь аймгийн ******* холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 120 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар сарын 47.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                                          Ч.БАЯРМАА