Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 28

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 2-19 тоотод оршин суух Онхор цогт овгийн Батдэлгэрийн Жавзансүрэнгийн /РД: ДЛ91052408/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Сангийн далай багт оршин суух Онолт овгийн Бямбаагийн Батбаатарт /РД: ДЛ85071914/ холбогдох
Зээлийн үлдэгдэл 1.100.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Жавзансүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, хариуцагч Б.Батбаатар, гэрч Б.Янжинсүрэн, Б.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                                            
ТОДОРХОЙЛОХ нь:
 Нэхэмжлэгч Б.Жавзансүрэн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Жавзансүрэн 2015 оны 06 дугаар сард өөрийн хүргэн ах Батбаатарт банкны зээл хийх гээд байна гэхэд нь нөхөртөө хэлэлгүй 3.900.000 төгрөг банкнаас шилжүүлсэн. Тухайн үед манай эгч Янжинсүрэн, Батбаатартай хамт амьдарч байсан. Би банкнаас өөрийн 5317065952 данснаас эгч Янжинсүрэнгийн данс руу шилжүүлсэн. Надаас тухайн мөнгийг авахдаа банкны зээл дарах гэсэн юм 7 хоногийн дараа буцааж өгнө гээд 7 хоногийн хугацаатай авсан. Түүнээс хойш 1.900.000 төгрөг манай нөхөрт бэлнээр өгсөн. 800.000 төгрөгийн гэрийн мод авсан. 100.000, 50.000 төгрөг, 20.000 төгрөг нийт 170.000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо 1.100.000 төгрөг дутуу байгаа тул Б.Батбаатараас 1.100.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв. 
Хариуцагч Б.Батбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Батдэлгэр овогтой Жавзансүрэнгээс 2014 оны хавар 3.000.000 төгрөг авсан. Энэ мөнгийг малчны зээл төлөх гэж эхнэр Батдэлгэр овогтой Янжинсүрэнгийн хамт зээлсэн. Малчны зээлээ дараад буцааж малчны зээл аваад 2 төгрөгийг бэлнээр нь эгч нь болох Янжинсүрэнгээр өгүүлсэн. Үлдсэн 1 сая төгрөгийг 2014 оны намар гэрийн мод 800.000 төгрөгөнд үнэлж, үлдсэн 100.000 төгрөгийг бэлнээр Жавзансүрэнд өгсөн. 50.000 төгрөгийг нөхөртэй нь хамт байхад өгсөн. Бас 20.000 төгрөгийг бэлнээр Жавзансүрэнд өөрт нь өгсөн. Үлдэгдэл 30.000 төгрөг үлдсэн. 3.000.000 төгрөг авсан  байхад 3.900.000 гэж нэмж нэхэмжилж байна. Банкнаас дансныхаа хуулгыг шүүлгэж үзсэн. Баримт гаргуулах гэтэл нягтлан бодогч байхгүй байна гээд баримт гаргаж өгөөгүй. Надаас нэхэмжилж байгаа 1.100.000 төгрөгийг төлөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх Б.Батбаатараас 1.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Жавзансүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Жавзансүрэн нь Б.Батбаатарт холбогдуулан зээлийн үлдэгдэл 1.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Жавзансүрэн 2014 оны хавар 3.900.000 төгрөгийг Б.Батбаатарт зээлсэн, одоо 1.100.000 төгрөг үлдсэнийг гаргуулна гэж шаардаж байна. 
Хариуцагч Б.Батбаатар нь 2014 оны хавар 3.000.000 төгрөгийг зээлсэн, одоо 30.000 төгрөг үлдсэн гэж маргаж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ: 
Нэхэмжлэгч Б.Жавзансүрэн нь шүүх хуралдаанд “...Би банкнаас өөрийн 5317065952 данснаас эгч Янжинсүрэнгийн данс руу 3.900.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед манай эгч Янжинсүрэн, Батбаатартай хамт амьдарч байсан. Надаас тухайн мөнгийг авахдаа банкны зээл дарах гэсэн юм 7 хоногийн дараа буцааж өгнө гээд 7 хоногийн хугацаатай авсан...” гэж тайлбарлаж, Хаан банкны дансны хуулгыг ирүүлжээ. 
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.
Б.Жавзансүрэн нь өөрийн 5317065952 тоот данснаас эгч болох Б.Янжинсүрэнгийн 5327010296 тоот данс руу 3.900.000 төгрөг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна. 
Өөрөөр хэлбэл Б.Жавзансүрэн нь Б.Батбаатарт бэлнээр болон дансаар 3.900.000 төгрөгийг шилжүүлээгүй болох нь гэрч Б.Янжинсүрэнгийн “...2015 оны 8 дугаар сард манайх банкны зээлтэй байсан. Хүүний мөнгөтэй нийлээд 5.500.000 гаруй төгрөг болсон. Би тухайн үед Батбаатарыг өөрийнхөө ах, дүүс нараас мөнгө зээлээд аваач гэхэд манайханд боломжгүй байна. Чи Жавзансүрэнгээс аваад өгөөч гээд 3.900.000 төгрөгийг 6 дугаар сарын 8-ны өдөр Жавзансүрэнгийн данснаас миний дансанд хийгээд би Батбаатарын дансанд хийж зээлээ дарсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Хариуцагч Б.Батбаатар нь би 3.000.000 төгрөгийг зээл дарах гэж авсан, 3.900.000 төгрөг аваагүй гэж маргаж байх бөгөөд хэрэгт цугларсан баримтаар Б.Батбаатар нь Б.Жавзансүрэнгээс 3.900.000 төгрөг авсан болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр мөнгө зээлэх үед Б.Батбаатар, Б.Янжинсүрэн нар нь гэр бүлийн харилцаатай, хамт амьдардаг байсан боловч одоо тусдаа амьдраад 1 жил 6 сар болж байгаа гэж гэрч Б.Янжинсүрэн мэдүүлж байгаа, мөн Б.Янжинсүрэн нь Б.Батбаатарт 3.900.000 төгрөгийг өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй, хариуцагч 3.000.000 төгрөг зээлсэн гэж маргаж байх тул Б.Жавзансүрэн нь Б.Батбаатараас 3.900.000 төгрөг шаардах эрхгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Харин хэрэгт авагдсан баримтаар Б.Жавзансүрэн нь Б.Янжинсүрэнгийн дансанд 3.900.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд Б.Жавзансүрэн болон Б.Янжинсүрэн нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул дээрх мөнгийг нэхэмжлэгч Б.Жавзансүрэн нь Б.Батбаатараас шаардах эрхгүй байна. 
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын жинхэнэ хариуцагч нь Б.Батбаатар биш буюу хариуцах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчийг солих хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Жавзансүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Жавзансүрэнгийн 1.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Жавзансүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ