| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2016/00452/И/ |
| Дугаар | 31 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 31
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл гол багт оршин суух Өөлд овгийн Гүржавын Сарантуяагийн /РД: ДЖ66101808/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Сарантуяа, гэрч Б.Цэрэндолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Сарантуяа нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өөлд овогт Гүржавын Сарантуяа нь 1966 оны 10 сарын 18-нд Бигэр суманд төрсөн. Би сургуульд суугаагүй, ээжтэйгээ хамт газар тариалан дээр гарч ажилласан. Нэг мод 5 төгрөг гээд би 5-10 мод тарьдаг, талбай руу ус тавьдаг байсан. Бигэр сумын “Эрх чөлөө” нэгдлийн жимс боловсруулах үйлдвэрт 1976 оны 06 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарыг дуустал ажилласан. 1985 онд Жаргалан сумд очсон. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ алга болгон үрэгдүүлсэн. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1976 оны 06 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарыг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Сарантуяагийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Учир нь Г.Сарантуяа нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын Мянганбулаг бригадын 1976 оны хаврын тарилга туулгалтын 2 дугаар ээлжинд 6 хөдөлмөр өдөр, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Эрх чөлөө” нэгдлийн жимс боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан болох нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 105/002055 дугаартай “...Эцгийн овог нэр Янживын Гүржав, эхийн овог нэр Дансрангийн Норжин нарын гэр бүлд 1966 оны 10 сарын 18-нд төрүүлсэн Гүржавын Сарантуяаг 1966 оны 10 сарын 31-нд Говь-Алтай аймгийн Бигэр сумын 83-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов...” гэх төрсний бүртгэлийн лавлагаа,
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 496 дугаартай “...Тус аймгийн Бигэр сумын 1970 оны иргэний үнэмлэх олголтын бүртгэлд Мянгай бригадын харьяат Дансран овогтой Норжин нь 1938 оны 07 сарын 06-нд төрсөн эмэгтэй, Гүржав овогтой Наранчимэг 1960 оны 10 сарын 21-нд төрсөн эмэгтэй, Гүржав овогтой Эрдэнэтуяа 1963 оны 12 сарын 24-нд төрсөн эмэгтэй, Гүржав овогтой Сарантуяа 1966 оны 10 сарын 18-нд төрсөн эмэгтэй ... гэж бүртгэгдсэн байна. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 02 сарын 17-ны өдрийн 29 дүгээр зарлигаар тус аймгийн Бигэр сумын харьяат Дансран овогтой Норжинг алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай. Д.Норжингийн хүүхдүүдэд: 1. Г.Наранчимэг 17 настай, 2. Г.Эрдэнэтуяа 14 настай, 3. Г.Сарантуяа 12 настай ... гэж бүртгэгджээ...” гэх лавлагаагаар тус тус Сарантуяагийн ээжийг Норжин гэдэг байсан болох нь тогтоогдож байна.
Иймд Г.Сарантуяаг Говь-Алтай аймгийн Бигэр сумын Мянганбулаг бригадын 1976 оны хаврын тарилга туулгалтын 2 дугаар ээлжинд 6 хөдөлмөр өдөр, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Эрх чөлөө” нэгдлийн жимс боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Харин 1976 оны 06 сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Эрх чөлөө” нэгдлийн жимс боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Учир нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан гэх 1976 онд Г.Сарантуяа нь 9 настай байсан байх бөгөөд нэхэмжлэгчийн хэрэгт ирүүлсэн Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 11 сарын 21-ний өдрийн 467 дугаартай лавлагааны дагуу архивын эх баримтанд үзлэг хийхэд 1976 оны 06 сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Гүржавын Сарантуяа болон Норжингийн Сарантуяад холбогдох баримт байхгүй байсан болно.
Мөн үзлэг хийсэнтэй холбогдуулан Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас 2017 оны 01 сарын 19-ний өдөр 08 дугаартай лавлагааг дахин ирүүлсэн байх бөгөөд уг лавлагаа нь 2016 оны 11 сарын 21-ний өдрийн 467 дугаар лавлагаатай цалин авч байсан хугацааны хувьд давхцаж байх боловч Туяа, Сарантуяа, Гүржавын Туяа гэх нэрээр ирүүлсэн, Сарантуяаг Туяа гэж дууддаг байсан болох нь баримтаар тогтоогдохгүй, мөн лавлагаан дээр овог нь бичигдээгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Мөн гэрч Б.Цэрэндолгор нь Сарантуяагийн ээжтэй хамт ажиллаж байсан гэж байгаа боловч Г.Сарантуяагийн ажиллаж байсан гэх 1976 оны үед Сарантуяаг хэдэн настай байсан талаар мэдэхгүй, “...17-18 настай байсан байх. 14-15 байсан ч байж магадгүй би санахгүй байна...” гэж зөрүүтэй мэдүүлж байх тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Өөлд овгийн Гүржавын Сарантуяаг Говь-Алтай аймгийн Бигэр сумын Мянганбулаг бригадын 1976 оны хаврын тарилга туулгалтын 2 дугаар ээлжинд 6 хөдөлмөр өдөр, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Эрх чөлөө” нэгдлийн жимс боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1976 оны 06 сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Эрх чөлөө” нэгдлийн жимс боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Сарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ