Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2017/00033

 

 

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

 биелүүлснийг  баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Багануур дүүрэг 1 дүгээр хороо, дунд дугуйн, хойд хаалганд байрлах Гүн түншлэл ХХК-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 5 дугаар гудамжны 1а тоотод оршин суух Санжид овогт Цэдэндоржийн Алтангэрэлд  холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.878.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Гүн түншлэл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ц.Алтангэрэлтэй барьцаат зээлийн гэрээ байгуулан Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 5 дугаар гудамжны 1а тоот хувийн сууц, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 5 дугаар гудамжны 1а тоот 700 м.кв талбайтай газрыг барьцаалан 12 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэй 1.200.000 төгрөгийг зээлдүүлсэн. Дахин 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 800.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж зээлж нэмж олгосон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхдээ хайхрамжгүй хандаж өөрийн хариуцлагаа үл тоомсорлож байгаагаас зээл төлөх хугацаа 124 хоногоор хэтэрсэн байна. Иймд нийт төлөх ёстой үндсэн төлбөр хүү алдангийн хамт 2.878.500 төгрөгийг барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сарантуяа шүүхэд ирүүлсэн  тайлбартаа: Хариуцагч Ц.Алтангэрэл нь манай нэхэмжилсэн 2.878.500 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Гүн түншлэл ХХК нь хариуцагч Ц.Алтангэрэлээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.878.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ

 Хариуцагч Ц.Алтангэрэл нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.878.500 төгрөгийг нэхэмжлэгч Гүн түншлэл ХХК-д төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сарантуяагийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын  тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь :

        1. Нэхэмжлэгч Гүн түншлэл ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Санжид овогт Цэдэндоржийн Алтангэрэлд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.878.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  61.006 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 30.503 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ц.Алтангэрэлээс 30.503 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн    74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.   

 

 

                                                         ШҮҮГЧ                                     П.ТУЯА