Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2017/00034

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

           Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах Капитрон банкны нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, 18 дугаар байрны 72 тоотод оршин суух, Бэсүд овогт Загдаагийн Алтанхуят холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 15.787.928 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:

                                                   ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч Капитрон банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн З.Алтанхуяг нь манай банктай 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 3019-2013/140 тоот цалингийн зээлийн гэрээг байгуулан 16.000.000 төгрөгийн зээлийг хувийн хэрэглээний зориулалттай, жилийн 18 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар авсан. З.Алтанхуяг болон манай банкны хооронд байгуулагдсан цалингийн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Иймд хуульд заасны дагуу зээлдэгч З.Алтанхуягаас зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүрэг болох 15.787.928 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Капитрон банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван, Г.Тэмүүжин нар шүүхэд гаргасан тайлбартаа: З.Алтанхуягаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 15.787.928 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Өнөөдрийн байдлаар зээлийн нэмэгдүүлсэн хүү болох 480.657 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж 15.307.271 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

              Хариуцагч З.Алтанхуяг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус банкны нэхэмжилсэн 15.307.271 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Капитрон банк нь хариуцагч З.Алтанхуягт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 15.787.928 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 15.307.271 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа 480.657  төгрөгөөр багасгажээ.

           Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

           Учир нь: Хариуцагч нь зөвшөөрлийн үндэслэл болсон “Капитрон банкнаас нэхэмжилсэн 15.307.271 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг төлж барагдуулна” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын  тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус  тус  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч Капитрон банкны нэхэмжлэлтэй, Бэсүд овогт Загдаагийн Алтанхуягт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 15.307.271 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236.890 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 118.445 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч З.Алтанхуягаас улсын тэмдэгтийн хураамжид 118.445 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нар нь төлбөрөө төлөөгүй бол энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.              

 

 

ШҮҮГЧ                                  П.ТУЯА