Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 282

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч С.У, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Сайнхоролын С.У, Боржигон овогт Жаргалсайханы Ж.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Улаанямаат овогт Баярсайханы Б.Б нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911014370772 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 22-ний өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар секирюти ХХК-д харуул ажилтай, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-30 тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 482 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Улаанямаат овогт Баярсайханы Б.Б /РД: ФЖ98052218/,

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Төв аймагт төрсөн, эмэгтэй, 29 настай, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-08 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сайнхоролын С.У /РД: НД90080680/,

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төв аймагт төрсөн, эмэгтэй, 25 настай, боловсролгүй, мэргэжилгүй, соёл үйлчилгээний төвд үйлчлэгч, ам бүл 2, нөхрийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 13-1213 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Жаргалсайханы Ж.М /РД: НШ94122207/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлт бичигдсэнээр/: яллагдагч С.У, Ж.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

Шүүгдэгч Б.Бг бусдын эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 13 дугаар гудамжны 1213 тоотод хохирогч Ж.Мын халааснаас нь унасан түрийвчтэй мөнгийг нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, бусдад 435.000 төгрөгний хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь ;

- шүүгдэгчийн  шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед /хх-ийн 67-68х, 226-228х/,  хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

- хохирогч Ж.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... манай нөхөр Н.Мөнхсайханыг 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр зодож гэмтээсэн шалтгаанаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны байцаагч Ууганбаяр гэдэг хүн дээр шалгагдаж байсан юм. Тэр хэргийнх нь хохирлын мөнгө гэж 500.000 төгрөгийг бүрдүүлчихлээ. Түүнийгээ өгье гэж Ганзориг яриад танай гэрт ойрхон байнаа гэж хэлсэн. Тэгэхэд манай нөхөр тэгвэл ороод ир гэж хэлсэн. Тэгтэл удаагүй Ганзориг өөрийнхөө эхнэр С.У болон манай нөхрийг зодсон Б.Б, Бат-Эрдэнэ, Ганхуяг гэх залуучуудтай цуг тавуулаа орж ирсэн. Ирээд бид хоёртой уулзаад бид нар хайгаад хайгаад 450.000 төгрөг л оллоо гэж хэлээд тэрнийг л өгье үлдсэн мөнгийг нь дараа нь ажил хийж байгаад олж өгье болох уу гэхээр нь манай нөхөр бид 2 зөвшөөрсөн. Тэгэхэд нөгөө хүмүүс бүгдээрээ ATM машинаас мөнгөө аваад ирье гээд явчихсан. Удаагүй 20 орчим минутын дараа буцаад бүгдээрээ мөнгөө аваад ирсэн ирэхдээ Ганзориг нь жаахан уучихсан, бусад нь эрүүл 2.5 литрийн "Нийслэл" нэртэй савтай пиво 2 ширхэгийг барьж орж ирсэн. Орж ирээд эхлээд мөнгөө тоолж 450.000 төгрөг өгсөн. Мөнгийг манай нөхөр авч гомдолгүй гэдэг бичиг хийж өгөөд өөрийнхөө түрийвчинд хийж надад өгснийг нь би аваад цамцныхаа халаасанд хийсэн юм. Ингээд авч ирсэн пивоо задлаад тэд нар уусан...", "..С.У бид хоёр 2 тэр авчирсан пивоныхоо 1 савтайг нь хувааж уугаад С.У архинаас нь ч мөн уугаад байх шиг байсан...", "...С.У ирээд чи муу яагаад манай нөхрийг зодоод байгаа юм бэ гээд учир зүггүй үсдээд авахаар нь би тавиач гэж хэлээд мөн зөрүүлээд үснээс нь барьсан юм. Тэгэхэд С.У сарвалзаад намайг маажаад байсан. Миний гар, нүүр хэсэгт маажсан юм. Бид нарыг ноцолдож байхад гаднаас Б.Б буюу Улаанаа гэх залуу нь орж ирээд дундуур орж салгасан. Ингээд би халаасаа тэмтэрч үзсэн чинь миний түрийвчтэй мөнгө байхгүй байхаар нь мөнгө алга болчихлоо гэж хэлэхэд Б.Б Хүрэлтулга авсан байна сая гараад явчихлаа гэхээр нь би утсаар Хүрэлтулга ахыг дуудаж таныг миний мөнгийг авчихлаа гээд байна буцаад хүрээд ир гэхэд Хүрэлтулга ах буцаж ирээд би цагдаа дуудаж өгсөн юм...", "Б.Б өөрөө түрийвчтэй мөнгийг авч явсан талаараа хэлж, цагдаад түрийвч болон бичиг баримтуудыг авч ирж өгсөн юм. Түрийвчэнд манай нөхрийн иргэний үнэмлэх, 4 ширхэг виза карт, 2 ширхэг автобусны карт зэрэг зүйлс байсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-23х/,

- гэрч Ж.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би тэрийг тухайн үедээ мэдээгүй боловч маргааш нь Б.Б өөрөө авсан талаараа хэлж байсан...", "...урд өдөр нь мөнгө төгрөгийг нь авсан эсэхийг нь Б.Бгээс асуусан чинь би аваагүй гэж хэлээд л байсан..." Би ямар ч байсан 450.000 төгрөгийг Мөнхсайханд өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 38-39х/,

 - гэрч Ц.Хүрэлтулгын мөрдөн шалгах ажиллагааны үеп өгсөн: "...би тэр талаар ерөөсөө мэдээгүй. Тэд нар зодолдоод байсан болохоор би гэрээс нь яваад өгсөн юм. Тэгсэн чинь араас Ж.М надруу залгаад мөнгө алга болчихлоо та хүрээд ир гэхээр нь би эргэж очсон чинь 450.000 төгрөг алга болчихлоо цагдаа дуудсан гэсэн. Дараа нь Улаанаа тэр мөнгийг нь авсан талаар мэдсэн ба цагдаа нар ирэх үед Улаанаа гэрт байсан эсэхийг санахгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 57-59х/,

- гэрч О.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн. "...сүүлд нь энэ асуудал болсон талаар сонсоод найзуудаасаа асуухад Б.Б газарт түрийвчтэй мөнгө унасан байхад нь авчихсан гэж хэлээд мөнгийг нь буцааж өгсөн гэж хэлж байсан. Түрийвчэнд нь Мөнхсайханы иргэний үнэмлэх байсан гэж сонссоноос өөр мэдэх зүйл надад байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 49-54х/,

- эд зүйл, бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 107/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 108х/,

- эд зүйл, баримт бичиг, мөнгө, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 109х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

2. Шүүгдэгч С.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 13 дугаар гудамжны 1213 тоотод хохирогч Ж.Мтай маргалдаж, улмаар харилцан зодолдож бие махбодид нь тархи доргилт, зүүн хацар, зүүн нүдний дээд зовхи, 2 хөх, хамар, зүүн чихэнд цус хуралт, 2 хацар, зүүн хөмсөг, дух, баруун гарын долоовор, ядам, зүүн гарын дунд, ядам хуруунд зулгаралт, зүүн хацар, зүүн чих, дагз, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь;

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед/хх-ийн 72-75х/  хэргээ хүлээн үгсэн мэдүүлгүүд,

- хохирогч Ж.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Ингээд авч ирсэн пивоо задлаад тэд нар уусан...", "..С.У бид хоёр 2 тэр авчирсан пивоныхоо 1 савтайг нь хувааж уугаад С.У архинаас нь ч мөн уугаад байх шиг байсан...", "...С.У ирээд чи муу яагаад манай нөхрийг зодоод байгаа юм бэ гээд учир зүггүй үсдээд авахаар нь би тавиач гэж хэлээд мөн зөрүүлээд үснээс нь барьсан юм. Тэгэхэд С.У сарвалзаад намайг маажаад байсан. Миний гар, нүүр хэсэгт маажсан юм. Бид нарыг ноцолдож байхад гаднаас Б.Б буюу Улаанаа гэх залуу нь орж ирээд дундуур орж салгасан ..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-23х, 224-225х/,

- гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Намайг гаднаас орж ирэхэд С.У, Ж.М нар бие биенээ үсдчихсэн нүүррүүгээ гараараа цохилцож байсан. Миний сонссоноор Ж.М та нар үйлдэгдэл мөнгөө өгөөрэй гээд байн байн хэлээд байсан бөгөөд С.У эгч тэрнийг чинь өгнө гээд л байсан хоорондоо хэрэлдээд байсан. Ингэж хэрэлдэж байгаад л хоорондоо зодолдсон юм шиг байгаан..." гэх мэдүүлэг /хх-ийн 32-ЗЗх/,

- гэрч Ж.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би согтоод байснаа бөөлжчихсөн чинь гайгүй болоод нэмээд пиво уугаад бас жаахан согтсон байсан. Тэр үед манай эхнэр С.У Ж.Мтай муудалцаад хэрэлдээд байсан ба үгийг нь сонсохлоор бид нарын хохиролд өгсөн мөнгө нь дутуу байсан. Үлдэгдэл мөнгөө хэзээ өгөх юм бэ гэх мэтээр яриад орилоод байхаар нь би эхнэр С.Уруу чи наадхаа хаяач дээ яах гээд байгаа юм гэж хэлсэн. Мөнгөө л нэхээд байх шиг байсан. Үлдэгдлээ хэзээ өгөх вэ гэж яриад байсан. Ингэж байгаад гэнэтхэн л хоорондоо муудалцаад үсдэлцээд авсан ба бие биенээ хэд хэдэн удаа цохисон юм...", "...нилээд хэдэн удаа цохилцсон байсан. Энэ үед гаднаас Б.Б орж ирээд надтай цуг дундуур нь орж арай гэж салгасан. Би ганцаараа салгаж дийлэхгүй байсан. Тэр хоёр бие биенээ үсдчихээд ерөөсөө тавихгүй байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 38-39х/,

- гэрч Н.Мөнхсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай эхнэр Ж.М надад хэлэхдээ С.Утой үсдэлцэж зодолдоод цээж, гар маажсан байна гэж хэлсэн. Харахад зүүн нүд нь хөхөрчихсөн байсан. Би өөрөө бол болсон зодооныг огт хараагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 55-56х/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 5799 дугаартай "...Ж.Мын биед тархи доргилт, зүүн хацар, зүүн нүдний дээд зовхи, 2 хөх, хамар, зүүн чихэнд цус хуралт, 2 хацар, зүүн хөмсөг, дух, баруун гарын долоовор, ядам, зүүн гарын дунд, ядам хуруунд зулгаралт, зүүн хацар, зүүн чих, дагз, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 89х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

3. Шүүгдэгч Ж.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 13 дугаар гудамжны 1213 тоотод өөрийн гэртээ хохирогч С.Утой маргалдаж, улмаар харилцан зодолдож, бие махбодид нь баруун зовхинд цус хуралт, шарх, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь;

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед /хх-ийн 79-81 х, 224-225/ өгсөн мэдүүлгүүд,

- хохирогч С.Угийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Ж.М гэдэг эмэгтэй өөрөө яриад гараад ирээ, танай гэрийн ойролцоо байх тоглоомын талбай дээр байна гэхээр нь би гэрээсээ гараад очсон ба бид хоёр дэлгүүр ороод бууз, 1 том пиво авсан ба би өөрийнхөө мөнгөөр 1 том пиво авсан. Гэрт нь ороход Ж.Мын нөхөр Мөнхсайхан гэдэг залуу, манай нөхөр Ганзориг, Улаанаа, Бат-Эрдэнэ, Тулгаа нар байсан бa тэд нар нилээн согтсон байдалтай архи уугаад сууж байсан. Тэгээд буузаа жигнээд залуучууд архиа уугаад Ж.М бид нар гэрийн баруун талд пиво хуваагаад ууж байсан ба хоорондоо ойр зуурын юм яриад байж байсан ба уг нь анх 600.000 төгрөг өгөхөөр тохирсон байсан ба тэрнээсээ буураад 500.000 төгрөг болсон. Тэгээд эхний ээлжинд 450.000 төгрөг олоод тэрийгээ өгсөн байсан чинь Ж.М байн байн үлдэгдэл 50.000 төгрөгөө өгөөрэй гээд байхаар нь би өгнө шүү дээ өгөхгүй гэж байгаа биш ямар үхэх гэж байгаа юм шиг юм ярьдаг юм бэ гэсэн чинь Ж.М чи юундаа өөдөөс муухай хашгираад байгаа юм гээд бид хоёр хэрэлдсэн ба цамцнаас нь зуурсан чинь намайг барьж аваад орон дээр унагасан. Тэгэхээр нь би нүд орчмын хэсэгрүү нь 3-4 удаа цохисон ба Ж.М бас миний нүдрүү 3-4 удаа цохисон. Мөн би хоёр нилээн хоорондоо үсдэлцэж, зууралдсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 9-17х/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 5804 дугаартай "...С.Угийн баруун зовхинд цус хуралт, шарх, хүзүүнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 94х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Бг шунахай сэдэлтээр хохирогч Ж.Мын халааснаас унасан байсан хэтэвчийг сэм аргаар нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Мөн С.У, Ж.М нарыг урьдын харилцааны явцад бий болсон хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдож хэн алиныхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Бн үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Мд учирсан хохирол болох 430.000 төгрөгийг тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад бүрэн төлж барагдуулсан, хэтэвчийг буцаан өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

С.У, Ж.М нар нь гэмт хэрэг үйлдэж хэн алиндаа хохирогч болсон бөгөөд хоёулаа хохиролынхоо талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт С.У нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Ж.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. Харин шүүхийн хэлэлцүүлэгт Ж.М нь өөрт учирсан хохиролд гомдолтой, нэхэмжлэх зүйлтэй гэж байх тул түүнийг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шүүх шийдвэрлэв.    

 

Шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн, урьд энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлж байсан хувийн байдлыг нь харгалзан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч С.Уд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлыг нь харгалзан 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.Мд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлыг нь тус тус харгалзан 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.У, Ж.М нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг тэдгээрийн орлого олох боломж, ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүх тогтоов.