Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 296

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч О.Аззаяа

хохирогч М.Батзориг, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт

шинжээч Ц.Бадрал, Н.Шинэбаатар

гэрч М.Болат, Б.Тамир,

нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Бямбаагийн Б.Ад холбогдох эрүүгийн 1903010320460 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эмэгтэй, Дээд боловсролтой, нягтлан бодогч, Тагнуулын Ерөнхий газрын Санхүү албаны тасгийн дарга, ам бүл 4 нөхөр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо Өнөр хороолол 25 дугаар байр 55тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Өөлд овогт Бямбаагийн Б.А /РД: ЧЕ77011561/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Нийслэлийн Цагдаагийн газрын урд замд 22-56 УБҮ улсын дугаартай "Тоёота Приус-20" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан "явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Батзоригийг мөргөж, бие махбодид нь зүүн шилбэний дунд 1/3-ийн ясны хэлтэрхий үүсгэсэн зөрөөтэй ил хугарал бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч М.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 19 цаг 50 минутын орчим би ажлаа тараад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Нийслэлийн Цагдаагийн газрын урд замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чигтээ явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарсан. Явган хүний гарцан дээр нэг. хоёрдугаар эгнээгээр явж байсан 2 автомашин зам тавьж өгсөн. Тэгтэл ертөнцийм зүгээр зүүнээсээ баруун тийшээгээ явж байсан автомашин намайг мөргөсөн би мөргүүлээд баруун rap тал руугаа газар унасан...." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15х/,

- гэрч М.Болатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас ирсэн албан бичгийн дагуу манай байгууллагаас 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн Цагдаагийн газрын урд талын явган хүний гарцны тэмдэглэгээг арилгаж явган хүний гарцны тэмдэгийг салгаж авсан." гэх мэдүүлэг /хх-ийн 154х/

- гэрч Б.Тамирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.53 дэх хэсэгт зааснаар "явган хүний гарц" гэж явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан, 5.19а, 5.196, тэмдэг ба 1.13а, 1.136 тэмдэглэлтэй, зорчиг хэсгийн хөндлөн зурвасыг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Уг зам тээврийн осол гарах үед 5.19а, 5.196, тэмдэг ба 1.13а, 1.136 тэмдэг байсан бол хөдөлгөөнд оролцогч нар нь явган хүний гарц нэвтрэх журмыг баримтлан хөдөлгөөнд оролцоно. Зохих байгууллагын шийдвэр гарсан ч явган хүний гарцын тэмдэглэлийг арилгаагүй, явган хүний гарцны тэмдэгтэй тохиолдолд явган хүний гарцтай хэсэг гэж үзнэ" гэх мэдүүлэг /хх-ийн 166х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10915 дугаартай "...М.Батзоригийн биед зүүн шилбэний дунд 1/3-ийн ясны хэлтэрхий үүсгэсэн зөрөөтэй ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмлтийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 20х/,

- Техникийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 93 дугаартай "Тоёота Приус-20" маркийн 22-56 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Бямбагийн Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан "явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Монхорын Батзориг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна." гэх дүгнэлт /хх-ийн 168х/,

- Зам тээвэр осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Аг тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдлгөөнд оролцохдоо болгоомжгүйгээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хохиогч М.Батзоригийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэргийн улмаас хохирогч М.Батзоригт учирсан хохиролд шүүгдэгч Б.А нийт 5.495.790 төгрөг төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул энэ талаар шүүхийн шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Мөн хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх ба Б.А нь цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж өгсөн тул М.Батзоригийг цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны болон шудрага ёсны зарчимыг баримтлан анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирогчид учирсан хохиролыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал, хохирогчийн талаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг нь тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан нэмэгдэл болон үндсэн ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгчтэй холбоотой иргэний бичиг баримт, жолооны үнэмлэх зэрэг нь хураагдан ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.