Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2021/0523

 

 

 

 

  

 

 

 

 

Д.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Д.Оюумаа, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 388 дугаар шийдвэртэй, Д.Б-н нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 388 дугаар шийдвэрээр:

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, 48.3-д тус тус баримтлан Д.Б нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/207 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж,

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан Д.Б 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 11 сар 03 хоногийн /үндсэн цалин 924,456 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 295,826 төгрөг, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл 231,114 төгрөг нийт 1,451,396 төгрөг сараар/ 11 сарын цалин 15,965,356 төгрөг, ажлын 3 хоногийн цалин 197,917 төгрөг нийт 16,361,190 төгрөгийг Д.Б-д олгож, түүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо:

“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт нэхэмжлэгч Д.Б нийт 16.361.190 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь хавтас хэрэгт тусгагдсан нотлох баримтыг буруу үнэлж хууль зүйн дүгнэлтийг алдаатай гаргасан.

Учир нь нэхэмжлэгч нь 11 сар 3 хоног ажилгүй байсан бөгөөд үндсэн цалин 924.456 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 295.826 төгрөг, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл 231.114 төгрөг нийт 1.451.396 төгрөг сараар 11 сарын цалин 15.965.356 төгрөг, ажлын 3 хоногийн цалин 197.917 төгрөг нийт 16.163.274 төгрөг олгох байтал 16.364.190 төгрөг олгож байгаа нь нэхэмжлэгчийг 197.916 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилогдох нь албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт чиг үүргийг хангаж ажиллахад харшилж байна. Мөн түүнчлэн энэхүү албан тушаалд ажиллахад төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр төрийг эрхэмлэн дээдэлж ажиллахад “Олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” бий болсныг Авлигатай тэмцэх газрын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 05/4726 дугаартай албан бичигт тусгагдсан байдаг.

Дээрхээс дүгнэвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол ... шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэж заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 388 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Б-ээс “Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/207 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан гаргажээ.

          Маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/207[1] дугаар тушаалаар нэхэмжлэгчид  “тамгын газрын даргын 2020 оны Б/134[2], Б/198[3] дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан, Авлигатай тэмцэх газрын 2020 оны 05/4726 дугаар албан бичгийн дагуу албан үүргээ биелүүлэхдээ ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц  нөхцөл байдлыг бий болгон алдаа дутагдал гаргасан, удаа дараа иргэд аж ахуйн нэгжүүдтэй зүй бусаар харьцсан, Засаг даргын орлогчийн 2020 оны 2/1156 албан бичгийн дагуу удаа дараа зөрчил гаргасан, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалыг хэрэгжүүлээгүй, 2019 оны 02/20 тоот зөвлөмжийг хэрэгжүүлж, биелэлтийг хүргүүлээгүй” гэсэн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

          Маргаан бүхий Б/207 тушаалд дурдсан нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны Б/134[4], Б/198[5] дугаар тушаалыг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний 375 дугаар тогтоолоор[6] хүчингүй болгосон, уг тогтоолд хариуцагчаас гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхээс хүлээн авахаас татгалзсан нь тогтоогджээ.

          Мөн нэхэмжлэгчийг төрийн албанаас халах үндэслэлд хамааруулсан Авлигатай тэмцэх газрын 2020 оны 05/4726 дугаар албан бичгээр  ашиг сонирхлын зөрчил гаргасныг тогтоогоогүй байна.

          Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгч “албан үүргээ биелүүлэхдээ ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц  нөхцөл байдлыг бий болгон алдаа дутагдал гаргасан, удаа дараа иргэд аж ахуйн нэгжүүдтэй зүй бусаар харьцсан” зэрэг зөрчил гаргасан бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагааг явуулаагүй, нэхэмжлэгчийг тайлбар гаргах боломжоор хангаагүй, ажлын гүйцэтгэл, үр дүнгийн гэрээг дүгнээгүй атлаа албан тушаалын тодорхойлтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй гэж үзсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогджээ.

          Анхан шатны шүүхээс дээрх маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн боловч уг үйл баримтад хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, холбогдох хуулийг буруу хэрэглэсэн, найруулгын алдаа гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад хуулийн хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

          Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн  26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэжээ.

          Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн  48.9-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална.”, 52 дугаар зүйлийн 52.2-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ.” гэж зохицуулсан.

          Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 тушаалаар батлагдсан “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.1-д “Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг ирүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно.”, 2.2-т “Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан /шалгагч/ шалган тогтооно.”, 2.4-т “Энэ журмын 2.1-д заасан гомдол, мэдээлэл, баримтын дагуу шалгагч дараахь ажиллагааг гүйцэтгэнэ: 2.4.1. гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах, 24.4.2.шаардлагатай бол гомдол гаргагчтай уулзаж тайлбар, тодруулга авах, 2.4.3.шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулах, 2.4.4.гаргасан зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох, 2.4.5.цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах” гэж тус тус заажээ.

          Эдгээр хууль, журамд заасны дагуу нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа хариуцагчаас “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, “ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах” зэрэг хуулийн заалтыг зөрчсөн зөрчлийг нэхэмжлэгч гаргасан бодит нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй, холбогдох нотлох баримтыг бүрдүүлж, нэхэмжлэгчээс тайлбар аваагүй нь хуульд нийцээгүй бөгөөд маргаан бүхий Б/207 актын улмаас нэхэмжлэгчийн төрийн албанд ажиллах, төрийн албанаас халагдахгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

          Дээр дурдсан хууль, журмын зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэх байтал анхан шатны шүүхээс эдгээр хуулийг хэрэглэлгүй орхигдуулсан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй.

          Түүнчлэн нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, улмаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны  буюу 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх цалин, бусад нэмэгдлийг нэг бүрчлэн тооцоолох боломжгүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг нэг бүрчлэн тооцоолон бодсон нь үндэслэл муутай байна.

          Иймд нэхэмжлэгчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх цалин, бусад нэмэгдлийг түүний цалин, нэмэгдлийг олгосон эрх бүхий этгээдийн тушаал, холбогдох цалин, нэмэгдлийн тодорхойлолт, зохих журмыг үндэслэн нэг бүрчлэн  бодож олгох, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 388 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.9, 52 дугаар зүйлийн 52.2-т заасныг тус тус баримтлан Д.Б-н нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/207 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б-г урьд эрхэлж байсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-н 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, бусад нэмэгдлийг зохих журмын дагуу бодож олгон, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргад даалгасугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-н давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.  

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

         

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                         Г.БИЛГҮҮН

 ШҮҮГЧ                                                        Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                         А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 10 дахь тал

[2] Хэргийн 8 дахь тал

[3] Хэргийн 9 дэх тал

[4] Хэргийн 8 дахь тал

[5] Хэргийн 9 дэх тал

[6] Хэргийн 64 дэх тал