Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 919

 

Т.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батжаргал,

шүүгдэгч Т.А- /цахимаар/, түүний өмгөөлөгч Ц.Нармандах,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргалын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 499 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Т.А-од холбогдох 1702 0009 40028 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т.А- нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Яргайтын богино” гэх газар байрлах өөрийн гэртээ болон биедээ Нэгдсэн Үндэсний байгууллагаас 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх бодис, метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Т.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б З овогт Т-йн Т.А-ыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.А-ыг 2 /хоёр/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаан/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.А-ын цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 90 дугаартай метамфетамины агууламжтай уутны хамт 0.29 грамм “мөс” гэх нэршилтэй бодис, 91 гэсэн дугаартай тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 0.15 грамм жинтэй шавар гэх нэршилтэй бодис, 92 гэсэн дугаартай метамфетамины агууламжтай уутны хамт 3.5 грамм “мөс” гэх нэршилтэй бодис, 93 гэсэн дугаартай метамфетамины агууламжтай уутны хамт 0.67 грамм “мөс” гэх нэршилтэй бодис 1, 2 гэсэн дугаартай 2 ширхэг асаагуур, 3 гэсэн дугаартай гар жин. 80, 81, 82 гэсэн дугаартай 3 ширхэг шилэн гаанс, 84, 85 гэсэн дугаартай зип ло түгжээ бүхий уут, 95 гэсэн дугаартай шаргал цайвар өнгийн 2 ширхэг гуурс ширхэг чихний хөвөн бүхий уут, 96, 97 гэсэн дугаартай 2 ширхэг бонго зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “1702000940028” гэж хаягалсан цагаан өнгийн 2 ширхэг дискийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалахаар, Т.А-од урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд цахимаар гаргасан тайлбартаа: Миний бие энэхүү үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад би гэм буруугаа хүлээсэн, энэ тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Үүнийгээ ч шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлсэн. Шүүхээс зүйлчилсэн зүйлчлэлийг би хүлээн зөвшөөрч байна. Би мансуурах бодис хэрэглэж, хадгалсан нь үнэн. Нийтэд хортой ийм үйлдэл хийсэн нь үнэхээр буруу, миний хамгийн их харамсах зүйл болж байна. Хэрэв шүүхээс надад боломж олговол өөрийн зан үйлээ засаж, дахин ийм үйлдэл хийхээс өөрийгөө болон бусдыг хол байлгаж чадна гэдгээ илэрхийлж байна. Миний ээж Ж.Батжанцан 74 настай, би айлын ганц хүү, ээж өндөр настай, биеийн эрүүл мэндийн байдал муу, ард хоцорсон ээжий минь /гэр бүлийн байдал/-ийг, гэм буруугаа хүлээж, маш их харамсаж байгаа зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч Т.А-ын өмгөөлөгч Ц.Нармандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.А-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа ба өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн давж заалдах гомдол гаргаагүй. Т.А- нь үйлдсэн гэмт хэргийн талаар ямар нэгэн маргаангүй бөгөөд мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүх хуралдааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж байгаа, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Прокурор Б.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг зөвхөн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Т.А- нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Яргайтын богино” гэх газар байрлах өөрийн гэртээ болон биедээ Нэгдсэн Үндэсний байгууллагаас 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх бодис, метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А-ын /хх-80-82, 105-106/ өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 8977 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-53-55/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-56-58/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 8975 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-60/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-10/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-20/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-24/, TRUNARC буюу мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис мөн эсэхийг тандах багаж ашигласан тэмдэглэл /хх-28/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-40/, эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйлсийн гэрэл зураг /хх-41/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тухайн хэрэгт хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.А-ын гаргасан “...Миний ээж Ж.Батжанцан 74 настай, би айлын ганц хүү, ээж өндөр настай, биеийн эрүүл мэндийн байдал муу, ард хоцорсон ээжий минь /гэр бүлийн байдал/-ийг, гэм буруугаа хүлээж, маш их харамсаж байгаа зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн давж давж заалдах гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл: Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.А-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн тул шүүгдэгч Т.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Т.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны 499 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв