Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 325

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Э.М,

нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Энхбатын Э.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911032070209 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Экскаваторын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 10-06 тоотод оршин суух, урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 дугаартай Шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1, 181.2.5дахь заалтад зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жил 06 сарын хугацаагаар тэнссэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Энхбатын Э.М /РД: УД92021811/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Э.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.М нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Unegui.mn” /үнэгүй.мн/ зарын сайт дээр 2010 онд үйлдвэрлэсэн 2019 оны 6 дугаар сард орж ирсэн “Тоёота Хариер” загварын автомашиныг 24.000.000 төгрөгөөр зарна гэсэн хуурамч зар цахим хэрэгсэл ашиглан тавьж, хохирогч Б.Баасандоржийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “ХААН” банкны 5598180619 дугаартай дансаар урьдчилгаа гэж 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Э.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: "...Тоёота Хариер маркийн автомашин билүү 23, 24 саяар зарна гээд тавьсан юм. Тэр зар дээр үйлдвэрлэсэн он, орж ирсэн он cap нь байсан. Одоо яг юу нээсэн зар байсныг бүтэн үгээр нь санахгүй байна. Тэгээд тавьсан чинь уг зарын дагуу тухайн үед их олон хүн ярьж асуусан. Асуухаар нь би "... машинаа одоохондоо үзүүлэх боломжгүй байна хол явж байна, үнэхээр яг таалагдаад авах гээд байгаа юм бол урьдчилгаагаа өөрсдөө мэдээд хийчихгүй юу, тэгээд хотруу очихоор машинаа авчих" гэж хэлдэг байсан. Тэгтэл харин 1 эрэгтэй хүн залгаад миний зар тавьсан машиныг авахаар болоод урьдчилгаа явуулчихъя гэхээр нь би мессежээр нөгөө хүүхдээс авсан картны дансны дугаарыг явуулсан юм. Тэгтэл тэр ах 500.000 төгрөг хийсэн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 47-48х/,

- хохирогч Б.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Үнэгүй.мн зарын сайт дээрээс зар харж байгаад "2009 оны 06 дугаар сард орж ирсэн 2010 оны Тоёота Хариер машин хямдхан зарна" гэсэн зар харсан. Тэр зар дээр хар өнгийн Тоёота Хариер машины зураг тавьчихсан байсан. Тэгээд уг зарын дагуу 91636305 гэсэн дугаарлуу залгаж "...зарын дагуу ярьж байна, Тоёота Хариер машин хэд вэ" гэж асуухад "...24.000.000-д шууд өгнө, гэхдээ дөнгөж сая Солонгосоос 1 хүн авна гэж яриад байна, хэрвээ та авна гэвэл 500.000 төгрөг урьдчилгаа болгоод хийчих, би зарын сайт дээр тавьсан зараа устгачихья" гэсэн.

Тэгэхээр нь би шууд машиныг нь авахаар болоод "дансаа дугаараа явуулчих" гэхэд батирээдүй0507 /[email protected]/ гэсэн хаягнаас Нарангэрэл гэж хүний 5598180619 гэсэн дансны дугаарыг явуулсан. Тэгэхээр би уг дансруу 12 дугаар сарын 08-ны өдрийн 13:40 цагийн үед гэртээ байхдаа 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би мөнгөө шилжүүлэхэд 91636305 дугаарын утасруу залгаад "...за ах нь мөнгөө шилжүүлчихлээ, одоо машинаа очиж үзье, хаана байгаа вэ" гэж асуухад ".. ахаа би Тэрэлжид явж байна. Идшээ хийгээд явж байгаа юм, шөнөдөө хотруу орчихно тэгэхээр та өглөө Дүнжингаравын Кристал Таун дээр ирээд үзчих" гэсэн. Тэгэхээр нь би за за гээд тэр өдөртөө дахиж залгаагүй. Маргааш өглөө нь нөгөө утасруугаа залгасан чинь холбогдох боломжгүй болчихсон байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 37-38х, 39-40х/,

- гэрч Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 5598180619 дансны дугаартай карт надад байгаагүй тэгэхэд миний хүү болох М.Батдоржид ашиглуулж хүүхэд оюутан болохоор мөнгө шилжүүлэх зорилгоор М.Батдоржид ашиглуулдаг байсан. Тэгээд нэг өдөр мөнгө надад мөнгө захисан тэгээд мөнгө хийх гэтэл өөр манай найзын дансруу хийгээрэй гэсэн тэгхээр нь картаа яасан юм гэхэд нэг хүн гуйгаад байхаар нь хүнд өгчихсөн гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 43-44х/,

- гэрч М.Батдоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Нэг ах гарч ирээд надад эхнэртэйгээ муудалцсан талаараа хэлээд ахад нь бэлэн мөнгө байна энэ мөнгийг виза карт байвал картанд чинь хийгээд 2-3 хоногийн дараа өгий гэж хэлээд надад 40.000 мянган төгрөг өгсөн тэгэхээр нь би 94434450 гэсэн утасны дагаарыг тэмдэглэж аваад кодоо өгөөд явуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 45-46х/,

- гар утас болон хяналтын камерийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-34/,

- Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-20х/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 14-17х/,

- “ХААН” банкны депозит дансны хуулга /хх-ийн 11, 70х/,

- Үнэгүй Групп ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 52/19 дугаартай албан бичиг /хх-ийн 59х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Э.Мыг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Баасандоржоос нийт 500.000 төгрөгийг “ХААН” банкны данс ашиглан шилжүүлэн авч залилсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Баасндоржид учирсан нийт 500.000 төгрөгийг хохирогч нь бүрэн хүлээж авсан болохоо илэрхийлсэн бичгийн баримтыг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгч Э.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Э.Мт ял шийтгэл оногдуулахдаа хууль ёсны болон шудрага ёсны зарчимыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, учруулсан хохиролоо нөхөн төлсөн, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй болох хувийн байдлыг нь тус тус харгалзан, түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах торгох ялын бага хэмжээгээр буюу 450 нэгжээр торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.   

 

Шүүгдэгч Э.Мын орлого олох боломж, өөрийнх нь хүсэлтийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосон хэдийч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахыг дурьдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи 1 ширхэгт хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн тул хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.