Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 00132

 

 

 

 

                                                                                               

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан шүүгч,Л.Ариунцэцэг, Б.Хишигдаваа  нарыг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийж,  

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-р хороолол Хийдийн 07 тоотод оршин суух Хаянхярваа овогтой Сүрэндулам /ОЮ-81021363 /

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-р хороолол Хийдийн 07 тоотод оршин суух Балданрагчаа овогтой Батнасан /ИЭ-78040113 / нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг Төгөл хотхон 16а-27 тоотод оршин суух Жагар Хишгээгийн Батлхагвад /ФБ-75052117 / хариуцагдах гэм хорын хохирол 3,264,780 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлжлэгч Х.Сүрэндулам, Б.Батнасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа хариуцагч Х.Батлхагва, иргэдийн төлөөлөгч Б.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Сүрэндулам, Б.Батнасан нар  хариуцагч Х.Батлхагваас гэм хорын хохирол 3,264,780   төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Х.Сүрэндулам, Б.Батнасан нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Батнасан би эхнэр Сүрэндулам охин Шинэсар нарын хамт 2015-9-01-ний өдөр ажил тараад гэр рүүгээ өөрсдийн машинаар явж байгаад зам тээврийн осолд орж би биедээ хүндэвтэр гэмтэл авсан.Миний зүүн хацар яс хугарч зөөлөн эд гэмтэж баруун талын 3-7-р хавирга,зүүн талын 4-6-р хавирга хугарсан.Эхнэр Сүрэндуламын гэмтлийг хөнгөн зэргийн гэмтэл өвчүү ясны цууралт нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн боловч гэмтэл авах үед эхнэр маань жирэмсэн байснаа мэдэлгүй эм тариа хэрэглэж,ялангуяа өвчин намдаагч антибиотек их хэмжээгээр уусан учир жирэмслэлтээ өөрсдөө сайн дураараа зогсооход хүрсэн.Бид аз туршихыг хүсээгүй юм.

Би эхнэрийн хамт 2014 оноос Тансаг нэртйэ бууз баншны үйлдвэрлэл явуулж ирсэн.Энэ үйлчилгээг Эрдэнэт чандмань ХХК-ний байранд түрээслэн явуулж байсан...Манай машин урд нь будаг замасканд ороогүй сэвгүй машин байсан.Гэтэл тэр өдөр согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж ажил үйлчилгээ хийх чадваргүй болж борлуулалтал чвдаг машин маань эвдэрч манай гэр бүлийн амьдрал нэг өдөр зогссон.

1.Автомашины хохиролын үнэлгээнд 590 000 төгрөгөөр машиынг засуулах гэж дүгнэлт гарсан боловч би ..Зургаадай гэх засварчнаар 2 000 000 төгрөгөөр засуулахаар тохирч засуулсан тул үнийн зөрүү 1 410 000 төгрөг,

2.Тансаг цехийн үйл ажиллагаа 9,10 сард зогссон ч бид гэрээний дагуу түрээсийн төлбөр 9,10 сард нийт 600 000 төгрөг,цахилгааны төлбөр 9182 төгрөг төлсөн тул 609180 төгрөг,3.Цехийн 1 сарын цэвэр ашиг 2 318 205 төгрөг боловч 1 300 000 төгрөг,

4.Эвдэрсэн машинаа Говил дахь гэрийн гаднаас Булаг багт засварчинд хүргэж өгөхөд крантай машинд 65 000 төгрөг төлсөн,

5.Батнасан би толгойн КТГ харуулахад 110 000 төгрөг,Лидэр эмийн сангаас авсан 48600 төгрөг,Сүрэндулам Мишээл эмнэлэгт эмчлүүлсэн 169 300 төгрөг, Сүрэндулам,охин Шинэсар нар Уран мэдрэмж ХХК-ны Бест массажны төвд массаж хийлгэсэн төлбөрт 75 000 төгрөг, Сүрэндулам эм тариа авсан 26700 төгрөг. Нийт 3264 780 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

          Нэхэмжлэгч Б.Батнасан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ослын улмаас бид их хохирсон тул баримтаа бүрдүүлж нэхэмжилж байна.Зарим баримтууд шаардлага хангаагүй гэж үзсэн.Нэхэмжлэлээ дэмжиж байна.Батлхагва эрүүгийн шүүх хуралдаан дээр 4 190 000 төгрөг төлсөн.Толгойн зураг авахуулахад төлсөн 190 000 төгрөг нь үүнд орсон байгаа гэжээ.

          Хариуцагч Х.Батлхагва шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд ирүүлсэн иргэн Х.Сүрэндулам Б.Батнасан нарын 3,786,600₮ гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбар гаргаж байна. Булган Орхон Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 55 дугаар магадлалын дагуу гэх автомашины үнийн зөрүү болох 907.000 төгрөг,олох байсан орлого 1.367.000 төгрөг,цаашид гарах эмчилгээний зардал гэх 1.018.000 төгрөг буюу 3.292.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн эхний хэсгийн хувьд нэхэмжилж буй мөнгөн дүнг хуульд заасны дагуу нотлож буй нотлох баримт байхгүй байна. Миний хувьд Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаанд хохирогч нарт нийт 4 сая гаруй төгрөгийг төлсөн. Үүнээс автомашинд учирсан хохиролын эд зүйлсийн хохиролыг Шүүхийн шийдвэрээр бүрэн төлсөн. Иймээс Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тогтоохдоо нөхөн төлөх төлбөргүй болсныг дурьдсан байгаа. Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүчингүйд тооцсон зарим баримтуудыг дахин шинээр бүрдүүлэн нэхэмжилсэн гэх машины 65.000 төгрөг , Мишээл эмнэлэгийн баримт 2ш гэх 169.300 төгрөг,Лидер эмийн сангийн баримт 2ш гэх 48.600 төгрөг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн баримт гэх 110.000 төгрөг, Эрдэнэт массаж Уран мэдрэмжийн баримт 2ш гэх 75.000 төгрөг, ГБ чимэг ХХК 1ш гэх 267.000 төгрөг, нийт 494.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн 2 дахь хэсгийн хувьд бүрдүүлсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй засвартай урьд нь төлөгдсөн баримт давхацсан хохирогчтой холбоотой баримт болох нь эргэлзээтэй нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэн нэхэмжлэлийн нийт 3.786.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

      Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Машиныг нь өөр машинаар сольж өгье гэхэд зөвшөөрөөгүй.Засаад өгье гэхэд үгүй гэсэн.15 сая төгрөг л нэхээд байсан.Тансаг цехийн хувьд эрүүгийн эхрэгт нотлох баримт нь шаардлага хангахгүй байсан.Тэр хэвээр л орж ирсэн байна.Татвар төлсөн баримт алга байна.Батнасан толгойн КТГ харуулна гэж надаас 190 000 төгрөг авсан.Гэтэл баримтаа дахин оруулж ирсэн байна.Бест массаж,Мишээл эмнэлгийн баримтыг эрүүгийн хэрэгт авч хэлэлцээгүй гэжээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар,Мишээл эмнэлгийн орлогын баримтууд,Орхон аймгийн БОЭТ-ийн болон Эрдэнэт Бест массаж төвийн орлогын баримтууд,”ГБ чимэг” ХХК,Лидэр эмийн сан,Авто плаза,Монбэт ХХК,Хөл хайрхан ХХК-ний зарлагын баримтууд, Х.Батлхагвад холбогдох эрүүгийн хэргээс хуулбарласан баримтууд,2016-1-12-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоол,2016-3-23-ны өдрийн 55 дугаартай магадлал,татвар хураасан тасалбар,техникийн дуудлага үйлчилгээний баримт,Т.Зургаадайн татвар төлөгчийн дэвтэр,засварын зардлын баримт,түрээсийн гэрээ,түрээсийн төлбөрийн баримт,нэхэмжлэх,орлого зарлагын үзүүлэлт,улсын байцаагчийн акт,Татварын хэлтсийн тодорхойлолт,гэрчүүдийн мэдүүлэг зэргийг шинжлэн  судлаад

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Сүрэндулам, Б.Батнасан нар Х.Батлхагваас гэм хорын хохирол 3 264 780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

Хариуцагч Х.Батлхагва нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-өндөр сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Х.Сүрэндуламын жолоодож явсан Тоёота Пропокс Маркийн 28-96 ОРО дугаартай машинтай мөргөлдөж уг машинд зорчиж явсан Б.Батнасангийн биед хүндэвтэр гэмтэл,Х.Сүрэндуламын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016-1-12-ны өдрийн 13 дугаартай Шийтгэх тогтоол,Булган,Орхон,Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016-3-23-ны өдрийн 55 дугаартай Магадлал зэргээр тогтоогдсон байна.

Хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй.

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шатанд хохирогч нар нийт 12 606 630 төгрөг хариуцагчаас нэхэмжилснээс 4 190 000 төгрөгийг хариуцагч нөхөн төлсөн,бусад баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байсан тул шүүх буузны цехийн үйл ажиллагааны алдагдал,автомашины үнийн зөрүү,цаашид гарах эмчилгээний зардал,олох байсан орлого зэргийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг  зааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх,амь нас,эрүүл мэнд,нэр төр,алдар хүнд,ажил хэргийн нэр хүнд,эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй “гэж заасны дагуу хариуцагчаас гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Эрүүгийн хэргийг шалгах явцад автомашины хохиролын үнэлгээг гаргахдаа засварын зардлыг /кузовны гажаа гаргах,будах,эд анги солих,тэнхлэг шалгуулах,өнгө гаргах/590 000 төгрөгөөр тооцсон/хэргийн 32 дугаар хуудаст/ байна. Гэтэл нэхэмжлэгч нар засварчин Б.Зургаадайгаар 2 000 000 төгрөгөөр машинаа засуулсан болох нь гэрч Б.Зургаадайн мэдүүлэг,хэргийн 61 дүгээр хуудаст авагдсан татвар төлөгчийн дэвтэр,засварын хөлс төлсөн баримт зэргээр нотлогдож байх тул хариуцагчаас зөрүү 1 410 000 төгрөг нэхэмжилснийг хангах үндэслэлтэй. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх/адил нэр төрөл,чанарын эд хөрөнгө өгөх,гэмтсэн эд хөрөнгийг засах эзргээр /буюу учирсан хохиролыг мөнгөөр төлнө” гэж заасан байдаг тул хариуцагч машинаа засуулахад гарсан зардлыг нөхөн  төлөх үүрэг хүлээнэ.Мөн, нэхэмжлэгч эвдэрсэн машинаа Говил дахь гэрийн гаднаасаа Булаг багт байрлах засварын газарт хүргүүлэхэд крантай машинд 65 000 төгрөг төлсөн болох нь гэрч Р.Мягмаржавын мэдүүлэг,хэргийн 60 дугаар хуудаст авагдсан баримтуудаар нотлогдож байх тул хариуцагчаас 65 000 төгрөг гаргуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Батнасан 2015-09-02-нд толгойн КТГ зураг авахуулахад 110 000 төгрөг,Лидэр эмийн сангаас эм авахад 48600 төгрөг,Сүрэндулам,охин Шинэсар нар Уран мэдрэмж ХХК-ны Бест массажны төвд массаж хийлгэсэн төлбөрт 75 000 төгрөг, Х.Сүрэндулам “ГБ чимэг” ХХК-ний эмийн сангаас эм тариа авахад 26700 төгрөг ттус тус зарцуулсан нь баримтаар нотлогдож байна.Эдгээр баримтыг хариуцагч “Эрүүгийн хэрэгт гаргасан баримтаа дахин оруулж ирсэн байна”гэж маргасан нь үндэслэлгүй байна.Хариуцагчийн эрүүгийн хэргээс хуулбарлаж авсан,хэргийн 33-36 дугаар хуудаст авагдсан баримтуудтай нэхэмжлэгчийн гаргасан баримтууд давхцаагүй байна.Иймд нэхэмжлэлийн эдгээр шаардлагыг үндэслэлтэй гэж үзэв.

Харин, нэхэмжлэгч нар “...эхнэр маань жирэмсэн байснаа мэдэлгүй эм тариа хэрэглэж,ялангуяа өвчин намдаагч антибиотек их хэмжээгээр уусан учир жирэмслэлтээ өөрсдөө сайн дураараа зогсооход хүрсэн” гэж үндэслэн Х.Сүрэндулам Мишээл эмнэлэгт эмчлүүлсэн төлбөр 169 300 төгрөг нэхэмжилснийг үндэслэлгүй ,баримтаар нотлогдоогүй гэж дүгнэв.Ослын улмаас эм тариа хэрэглэсэн тул жирэмслэлтийг таслуулсан болохоо нэхэмжлэгч нар нотлооогүй.

Нэхэмжлэгч нар түрээсийн байранд “Тансаг” нэртэй бууз баншны цех ажиллуулж үйл ажиллагаа явуулдаг болох нь,2016 оны 9,10 сарын түрээсийн төлбөрт 600 000 төгрөг,9 сарын цахилгааны төлбөрт 9182 төгрөг төлсөн болох нь хэргийн 62-72 дугаар хуудаст авагдсан орлогын мэдүүлэг,түрээсийн гэрээ,нэхэмжлэх,фото зураг,Мэрэгжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт зэргээр нотлогдож байх тул ослын улмаас биеийн эрүүл мэндэд гэм хор учирч үйл ажиллагаа явуулж чадаагүй үеийн түрээсийн төлбөр 600 000 төгрөг,цахилгааны төлбөр 9182 төгрөг нийт 609180 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй.

         Харин уг цехийн 1 сарын олох байсан орлого 1 300 000 төгрөг нэхэмжилснийг хангах үндэслэлгүй гэж үзэв.Нэхэмжлэгч нар Тансаг” бууз баншны цех ажиллууж байхдаа татвар төлсөн талаар баримт гаргаагүй,татвар төлж байгаагүй гэж тайлбарлаж байх тул олох байсан орлогыг тооцон гаргуулах үндэслэлгүй юм.

         Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 2 334 480 төгрөгний хэсгийг хангаж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосон болно.

         Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө/хэргийн 55 дугаар хуудаст/ 3 813 780 төгрөг болгож нэмэгдүүлсэн боловч дүнг нь нэгтгэхдээ “3 264 780 төгрөг” гэж буруу тооцоолсон байгааг дурдаж нэхэмжлэлийн шаардлагаас 1 479 300 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болголоо.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагчаас гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1,505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан Х.Батлхагваас 2 334 480 төгрөг гаргуулан Х.Сүрэндулам,Б.Батнасан нарт олгосугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 479 300 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нар хуулийн дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж ,хариуцагчаас 52302 төгрөг гаргуулан төрийн санд тэмдэгтийн хураамжаар оруулсугай.

4. Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                           

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

 

                                             ШҮҮГЧ                            Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                                     Б.ХИШИГДАВАА