Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 953

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал, улсын яллагч Н.Гэрэлмаа, шүүгдэгч /хохирогч/ Ж.С, түүний өмгөөлөгч Э.Чулуунцэцэг, шүүгдэгч /хохирогч/ Н.Бямбасайхан, түүний өмгөөлөгч С.Батнасан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.С, Н.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01459 0793 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1. Монгол Улсын иргэн, Ж.С, 

          2. Монгол улсын иргэн, Н.Б,

          Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

          Шүүгдэгч Ж.С, Н.Бнар нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автомашины зам тавьж өгөх асуудлын улмаас хоорондоо маргалдаж, харилцан цохилцож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.      

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.С мэдүүлэхдээ: “…2020 оны 03 дугаар сарын 08-ны шөнө Жуков талаас нэг урсгалтай замаар явж байсан. Тэнд манай ахын гэр байдаг бөгөөд ээж маань хорт хавдартай учраас тэнд эмчилгээ хийлгэдэг. Нэг урсгалтай зам байсан бөгөөд энэ ах ухарсан байсан бол 2-3 минутын хугацаа зарцуулах байсан. Би хойшоо ухарвал 200-300 метр газар байсан. Би чиглэлийн дагуу явж байсан бөгөөд энэ хүмүүс цонхоо ч доошоо буулгахгүй байхаар нь манай аав буугаад ухарчих гэж хэлэхэд “бид нар ухардаг нь биш та нар өөрсдөө ухар” гээд уурлаад байсан. Аавыг буцаад ирэхээр нь би машинаас буугаад “эгчээ та ухарчих” гэж хэлэхэд “үгүй чадахгүй” гэж хэлсэн. Тэгээд машин руугаа суух гээд явж байхад Н.Бараас ирээд шууд цохисон. Би болиулах гээд гарнаас нь татахад цас орж байсан болохоор 2 машины завсраар хальтирч унасан. Уначихаад миний цээж рүү 2 удаа өшиглөсөн. Манай аав ээж ирээд бид хоёрыг салгаад тэгээд явсан.” гэв.  

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бмэдүүлэхдээ: “....2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн үед эхнэртэйгээ хадам ээжийнд очсон. Тэгээд зогсоол муу байдаг тул “американ дэнж” хотхоны машины зогсоолд байршуулсан байсан. Хадам ээжийнд баз хүргэн Доржсүрэн байж таараад 2020 оны 03 дугаар сарын 09-ны 00 цагийн үед гэрээс гарсан. Тэгээд би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас машин барих боломжгүй байгаад эхнэр машин барьсан. Тэгээд байрны голын зам нэг урсгалтай бөгөөд машинууд зөрөөд гардаг байсан. Эхнэр машин бариад явж байхад урдаас нэг машин гараад ирсэн. Манай эхнэр ухрах хөдөлгөөн хийхдээ муу учраас ухраагүй. Машинаас настай хүн гарч ирээд ухарчих гэхээр нь манай эхнэр тайлбарлаад “ах аа наана чинь дэлгүүр байдаг юм тэрүүгээр зөрж болдог юм” гэж хэлсэн. Тэгээд тэр ах машиндаа суухад М.Сүхбаатар машинаасаа гарч ирээд манай эхнэр рүү хараагаад уурлаад дайраад байсан. Тэгээд маргалдаад байхаар нь “би эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ?” гэхэд намайг унагаагаад дээрээс цохисон.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 6/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Бямбасайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 11-14/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ж.Саас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 16-17/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Гантөмөрөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 18-20/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Маралгоогоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23-24/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Жудаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26-27/, мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Ж.Ганцэнгэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39-40/, Н.Бямбасайханы иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 63, 65/, Ж.Сын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 68, 69, 77/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3437 дугаар дүгнэлт /хх-н 31-32/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3743 дугаар дүгнэлт /хх-н 37-38/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Ж.Саас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 50-55/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Н.Бямбасайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 61-62/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас Ж.С, Н.Бнар нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автомашины зам тавьж өгөх асуудлын улмаас хоорондоо маргалдаж, харилцан цохилцож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.      

Шүүхээс шүүгдэгч Ж.С, Н.Бнарыг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автомашины зам тавьж өгөх асуудлын улмаас хоорондоо маргалдаж, харилцан цохилцож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Бямбасайханы хохирогчоор өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед эхнэр Гантөмөр, охин Маралмаа нарын хамт хадам ээжийн гэр лүү очсон. Манай хадам ээжийнх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Американ дэнжийн урд талд байрлах 12 дугаар байранд байдаг юм. Хадам ээжийнд ороход баз хүргэн Доржсүрэн нь ирсэн байсан бөгөөд бид хоёр 0,75 литрийн архийг хувааж уусан. Архийг бид хоёр л уусан ба өөр хүн уугаагүй. Ингээд шөнийн 00 цаг өнгөрөхөд манай гэрийнхэн харихаар болсон. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор эхнэр Гантөмөр машин барихаар болсон. Ингээд машинд суугаад хөдөлж яваад удаагүй байтал өөдөөс нэг машин тулсан ба нөгөө машины жолооч бууж ирээд эхнэрийг элдэв харааж, доромжилж, салаавч гаргаж эхлэхээр нь би машинаас буугаад нөгөө залууд хандан “ахын дүү чи өөрөө ухарчих” гэж хэлтэл миний нүүр, ам хэсэг рүү цохиж өшиглөсөн. Эхнэр Гантөмөр нь охин Маралмааг гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээч ээ гэж хэлтэл нөгөө залуу машиндаа суугаад зугтаачихсан. Уг залуу хэдэн удаа, миний биеийн аль хэсэгт цохисныг мэдэхгүй байна. Дээрээс учир зүггүй цохиж, өшиглөж эхэлсэн. Тухайн үед уг машины дугаарыг охин машин дотор сууж байхдаа гар утсаараа зургийг нь дарж авсан байсан. Би гомдолтой байна. Надад учирсан эмчилгээний зардлыг нэхэмжилж авах болно. Би сая хэд хоног Дорноговь аймгийн Сайншанд суманд Идэр өлзийт эмнэлэгт хэвтэж байгаад ирлээ, шалтгаан нь уг асуудлаас болоод миний хууч өвчин хөдлөөд эхэлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 11-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Сын хохирогчоор өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө юм, цаг хэд болж байгааг мэдэхгүй байна. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Жуковын талбайгаас Американ дэнж рүү явах нэг урсгалтай замаар явж байхад өөдөөс Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ирсэн. Би цонхоороо “нэг урсгалтай зам, ухраарай” гэж хэлсэн чинь ухрахгүй байгаад байсан. Надтай хамт аав Жудаа, ээж Алтанцэцэг нарын хамт явж байсан болохоор аав Жудаа “би машинаас буугаад хэлээдэхье” гэж хэлээд машинаас буугаад машины жолоочид хандан “энэ нэг урсгалтай зам, жоохон ухраадах” гэж хэлсэн чинь нөгөө машины жолооч “чадахгүй” гэж хэлсэн. Би машинаас буугаад нөгөө машины жолоочтой уулзахад эмэгтэй хүн байсан ба “хойшоогоо жоохон ухарчих” гэж хэлэхэд “бид нар ухарч чадахгүй, өөрсдөө ухар” гэж хэлэхээр нь би “та нар яасан юм бэ? настай хүн хэлж байхад ухарч чадахгүй” гэж хэлсэн. Ингээд машин луугаа суух гэж байхад Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талд сууж байсан хүн бууж ирээд над руу хүрч ирээд “чи муу юу гээд байгаа юм бэ, ална аа” гэж хэлээд намайг заамдаж аваад баруун гараараа миний толгойны зүүн талын ухархай хэсэг рүү 2 удаа цохисон. Би нөгөө ахын гарыг нь тавиулаад хажуу тийш татсан чинь машины голоор нөгөө ах түрүүлээд унасан, би гараа тавиулах гэхэд тэр ах газар хэвтсэн байж байхдаа миний цээж рүү хоёр хөлөөрөө өшиглөсөн. Би тэр хүнээс салаад машиндаа суусан ба аав, ээж хоёр ч мөн машиндаа суучихаар нь ухрах үйлдэл хийж буцаад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 16-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Гантөмөрийн гэрчээр өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 09-ний 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Американ дэнжийн орчимд өөрийн 60-22 УБУ улсын дугаартай приус-20 маркийн автомашинтай зогсоолоос хөдлөөд урагшилж байхад урдаас машин гараад ирсэн. Тэгээд ухрах үйлдэл хийхдээ би муу тул уг машинаас хөгшин хүн бууж ирэхээр нь “ах аа, хоёулаа энэ дэлгүүрийн хажуугаар зөрье” гэхэд тэр настай хүн “тэгье” гээд буцаад машиндаа суусан. Тэгтэл машины жолооч нь бололтой үл таних залуу мшинаасаа бууж ирээд намайг “муу пизда минь” гээд хараалын үг хэлээд намайг цохих гээд далайхад нь манай нөхөр “чи юу вэ, яахаараа эмэгтэй хүнийг” гээд нөгөө залуутай маргалдахад уг залуу манай нөхрийг өшиглөөд аймаар зодсон. Энэ үед уг залуугийн ээж нь бололтой настай хүн бууж ирээд “болиоч чи хүн аллаа” гээд уг залууг машиндаа суулгаад аваад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-н 18-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Маралгоогийн гэрчээр өгсөн: “...Ингээд шөнийн 00 цаг өнгөрч байхад бид нар харихаар болоод хар өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Американ дэнжийн урд явж байсан. Машиныг бол ээж Гантөмөр жолоо барьсан, урд талын зорчигчийн суудалд хойд аав Н.Бямбасайхан, ард талын суудалд би суугаад явж байсан. Дөнгөж зогсоолоос гараад орон сууцны дундах замаар явж байтал өөдөөс маркийг нь мэдэхгүй бага оврын жийп машин ирж тулаад, зам тавьж өгөхгүй байсан. Уг машинаас настай эрэгтэй хүн бууж ирсэн ба ээж машиныхаа цонхыг онгойлгоод “энүүхэнд дэлгүүр байгаа тийшээ орж байгаад зөрөөд гарчихдаг юм” гэж хэлсэн. Нөгөө настай ах сонсоод машин руугаа явсан. Тэр ахтай зөрөөд хүү нь бололтой 33-34 орчим наснай эрэгтэй хүн ирээд уурласан байдалтай “наадах чинь нэг урсгалтай зам, настай хүн асуугаад байгаа юм биш үү” гэж хэлсэн. Ээж Гантөмөр болохоор “яана аа, миний дүү тэрүүхэн тэнд дэлгүүрийн зайд хоёр машин зөрөөд гарчихдаг юм, миний дүү жоохон ухраад өгчих” гэж хэлсэн чинь нөгөө залуу ээжийг доромжлоод салаавч гаргасан. Аав машинаас буугаад нөгөө залуу дээр очсон. Тухайн үед би уурласан байдалтай байсан бөгөөд нэг харсан чинь аавыг нөгөө залуу доороо хийчихсэн, дээрээс нь цохиод зодоод балбаж байсан. Ээж бид хоёр “хүн аллаа” гэж хэлээд машинаас буусан чинь хажууд нь булган шубатай настай эгч хараад зогсож байсан. Ээж гар утсаа гаргаж ирээд “би бичлэг хийлээ” гэж хэлэхэд нь нөгөө зодож байсан залуу аавын дээрээс босоод машиндаа сууж зугтаасан. Би тэр хооронд өөрийн гар утсыг гаргаж ирээд машины улсын дугаарыг дарж авсан. Нөгөө машин ухарч явсаар байгаад зугтаагаад явчихсан, аав болохоор газар хэвтсэн, амнаас нь цус гарсан байдалтай байсан. Аавыг босгож машинд суулгаад, цагдаад дуудлага өгсөн. Аавын уруул, чих хэсэг нь хавдсан, чихний ард хэсэгт булдруу үүссэн харагдаж байсан. Цагдаа нар ирээд бид нарыг дагуулаад танай хэлтэс дээр ирээд ээж мэдүүлэг өгсөн, аав согтуу байсан болохоор мэдүүлэг өгч чадахгүй байсан. Тэр оройдоо шүүх эмнэлэг рүү явж аав үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 23-24/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3437 дугаартай:

1. Н.Бямбасайханы биед тархи доргилт, дээд уруулд шарх, баруун чамархай, уруул, баруун чихний дэлбэнгийн цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 31-32/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3743 дугаартай:

1. Ж.Сын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 37-38/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Бямбасайхан, Ж.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.  

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар гэм буруу дээр маргаж, бие биенээ цохиж, зодоогүй, дээрх гэмтлийг учруулаагүй гэж маргаж байгаа хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар хоорондоо маргалдаж муудалцсан болон бие биенээ түлхэж, ноцолдож унагасан гэдэг дээр маргаагүй, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд зэргээр шүүгдэгч нар маргалдаж, ноцолдох, зууралдах явцдаа бие биендээ хөнгөн гэмтэл учруулсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогтож байна.   

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.С, Н.Бнарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.   

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулах шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бямбасайхан, Ж.С нарт 120.000 төгрөгийн хохирол тус тус учирсныг шүүгдэгч нараас тус тус гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.  

Харин энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст жич нэхэмжлэх эрхтэй болохыг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.