Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 120/ШШ2018/0010

 

 

 

 

2018 оны 04 сарын 02 өдөр                        120/ШШ2018/000010                                   Өмнөговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, “Хүннүгийн говь” ХХК-ийн гомдолтой, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Мягмарцэрэн, Э.Билгүүн нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1102201801 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: “Хүннүгийн говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Мөнхбат, хариуцагч Б.Мягмарцэрэн, Э.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Хүннүгийн говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Мөнхбат шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Мягмарцэрэн, Э.Билгүүн нарын тогтоосон №1102201801 тоот хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

 2016 оны 10 дугаар сард 2012-2015 оны татварын хяналт шалгалт явуулж 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 110003499 дугаартай татварын улсын байцаагчийн акт тогтоогдож уг актаар тулган баталгаажуулалт хийгдэж нөхөн татвар, торгууль, алданги хүлээн зөвшөөрч төлсөн.

 Мөн 2017 оны 10 дугаар сард аймгийн Татварын хэлтсээс манай компанид хэсэгчилсэн шалгалт буюу 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын шалгалт

 

 

явуулж 2017 оны 11 дүгээр сарын 01 өдрийн 1102201702 дугаартай шийтгэлийн хуудас  хүлээн авч, уг шийтгэлийн хуудсаар тулган баталгаажуулалт хийгдэн 2,7 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг буцаан авах дүнг бууруулсан шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн болно.

 Дээрх 2 удаагийн хяналт шалгалтаар тулган баталгаажуулалт хийгдсэнээс хойш 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд манай компанийг шалгалтад хамруулах тухай албан бичиг, удирдамж ирээгүй ба 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1102201801 дугаартай шийтгэлийн хуудсыг танилцуулсан юм.

 Манай компани нь ямар нэг хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй тул бид уг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах 1102201801 дугаартай шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурахаас татгалзсан юм.

Иймд 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Мягмарцэрэн, Э.Билгүүн нарын тогтоосон №1102201801 тоот хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Мягмарцэрэн, Э.Билгүүн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 09 дүгээр сарын 07-ны  өдрийн 10д/4767 дугаар албан бичиг, Татварын ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07/2830 дугаар албан бичгүүдийн дагуу Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.Мягмарцэрэн, Э.Билгүүн нар нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 3618625 тоот регистрийн дугаартай “Хүннүгийн говь” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу №1102201801 тоот дугаар бүхий хялбаршуулсан журмаар шийтгэлийн хуудсыг үйлдсэн. Уг шийтгэлийн хуудсаар дараах зөрчил илэрсэн болно. Үүнд:

5437024 тоот регистрийн дугаартай “Монгол гранд эйнжил инвест” ХХК-иас 2015 оны 12 сарын 29-нд 345,17,082.9 төгрөг, 2016 оны 08 сарын 23-нд 428,000,000 төгрөг, 2016 оны 08 сарын 23-нд мөн 95,797,327 төгрөг нийт 868.973,409.9 төгрөгийн худалдан авалтыг хуурамчаар үйлдэж Улсын төсөвт 86.897,341 төгрөгийн хохирлыг учруулсан байна.

5602777 тоот регистрийн дугаартай “Дашиншил” ХХК-иас 2015 оны 11 сарын 05-нд 163,680,000 төгрөг, 2015 оны 11 сарын 10-нд 189,200,000 төгрөг, 2015 оны 11 сарын 16-нд 146,003,000 төгрөг, 2015 оны 11 сарын 18-нд 198,000,000 төгрөг, 2015 оны 11 сарын 23-нд 149,999,993 төгрөг, 2015 оны 11 сарын 28-нд 141,617,003 төгрөгийн худалдан авалт, нийт 988,499,996 төгрөгийн худалдан авалтыг хуурамчаар үйлдэж, улсын төсөвт 98.849,999 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан байна.

Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт нь зөвхөн кассын орлогын ордер, бэлэн мөнгөний  зарлагын баримт бичигдсэн байгаа нь ямар бараа материал авсан нь тодорхойгүй байсан.

Иймд 2018 оны 02 сарын 07-ны өдөр “Хүннүгийн говь” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу №1102201801  тоот дугаар бүхий хялбаршуулсан журмаар шийтгэлийн хуудас бичигдсэн болно” гэжээ.

             

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Хүннүгийн говь” ХХК-иас Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Мягмарцэрэн, Э.Билгүүн нарт холбогдуулан гаргасан “Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Мягмарцэрэн, Э.Билгүүн нарын тогтоосон 2018 оны №1102201801 тоот хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Татварын улсын байцаагч Б.Мягмарцэрэн, Э.Билгүүн нар нь гомдол гаргагч “Хүннүгийн говь” ХХК-ийг “Монгол гранд эйнжил инвест” ХХК, “Дашиншил” ХХК-иас нийт 1688612187,2 төгрөгийн хуурамч, хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг худалдан авалтад тусган, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж 68861,7 төгрөгийн нөхөн татвар, 20658365,6 төгрөгийн торгууль, 19006935,9 төгрөгийн алданги ногдуулан, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д “...зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол,” 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 1.3-д “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол” зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр зохицуулжээ.

Хариуцагчийн  хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн үндэслэл нь нэгэнт зөрчил гаргасан болохыг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны шалгалтаар тогтоосон тул зөрчил үйлдсэн нь ил тодорхой байсан гэх тайлбар үндэслэлгүй.

Учир нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1102201801 дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулахдаа баримталсан Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас Татварын ерөнхий газарт явуулсан 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10/4767 дугаар албан бичиг нь “Монгол гранд эйнжил инвест”ХХК, “Дашиншил”ХХК-иудад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар дурдаж, нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд татварын хяналт шалгалт хийх тухай агуулгатай байх бөгөөд дээрх хэрэг нэг мөр шалган тогтоогдож, эцэслэн шийдвэрлэгдээгүй байх тул “Хүннүгийн говь” ХХК зөрчил үйлдсэн нь ил тодорхой гэж үзэхгүй.

Мөн “Хүннүгийн говь” ХХК-ийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт нь зөвхөн зөвхөн кассын орлогын ордер, бэлэн мөнгөний зарлагын баримт байсан тул хүчин төгөлдөр бус анхан шатны баримт гэж тооцсон гэх хариуцагчдийн тайлбартай гомдол гаргагч “...кассаар гарсан бэлэн мөнгөний зарлага, банкны харилцахын гүйлгээтэй таардаг...” зэргээр маргаж байхад уг зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн нь зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуулийн  заалтад нийцээгүй байна.  

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5-д “эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүргүүлнэ.” гэдэг заалтыг зөрчсөн  болох нь “...хугацаа хэтэрсэн үндэслэлээр прокурорын нэгдсэн бүртгэлд прокурор бүртгэхгүй байгаа” гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн хариуцагчийн тайлбараар тогтоогддог болохыг дурдав.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.,”,  4.4 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад мэдээлэл, баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авч болно.” 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.” гэж хуульчилжээ.

Энэ дагуу улсын байцаагч гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлэхдээ Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж буй ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдсэн эсэх, хуурамч баримтаар худалдан авалт хийж байсан нь хуулийн дагуу тогтоогдсон эсэх зэргийг шалгаагүй, холбогдох нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүй, нотлох зарчмыг хэрэгжүүлсний үндсэн дээр шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна.

Дээр тогтоогдож буй нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагчаас тухайн зөрчлийг шалган шийдвэрлэхдээ хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах”, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ” гэж  заасантай нийцээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул  “Хүннүгийн говь”ХХК-ийн  гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Мягмарцэрэн, Э.Билгүүн нарын тогтоосон 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №1102201801 дугаар хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй  болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.4 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “Хүннүгийн говь”ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Мягмарцэрэн, Э.Билгүүн нарын тогтоосон 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №1102201801 дугаар хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж, гомдол гаргагчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАЯРМАА