Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 40

 

 

 

 

 

 

О.Баяржаргалд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Д.Дуламжав, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаар цагаатгах тогтоолтой, О.Баяржаргалд холбогдох эрүүгийн 201721010028 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, урьд  2005 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар хувьд ногдох эд хөрөнгийн заримыг буюу 1.500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Боржигон овогт Отгонбаярын Баяржаргал нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын Такешкен боомт дээр Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Х.Алтантуяагаас 2015 оны 03 дугаар сард 246.311 юаний үнэ бүхий цагаан будааг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч Х.Алтантуяад 78.211.132 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх: Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Баяржаргалд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Баяржаргалыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хохирогч Х.Алтантуяа нь өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр харъяалах шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар О.Баяржаргалд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаж үзэхэд О.Баяржаргал нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Такешкен боомт дээр Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Х.Алтантуяагаас 2015 оны 03 дугаар сард 246.311 юаний үнэ бүхий цагаан будааг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч Х.Алтантуяад 78.211.132 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х.Алтантуяагийн мэдүүлэг, гэрч Ц.Батболд, Б.Даваатөгсийн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч О.Баяржаргал нь залилан мэхлэх гэмт санаа, зорилгоор хандаж, будааны үнийг төлөхгүй байх санаа зорилгоор зохиомол байдлыг зориудаар бий болгон худал хэлж хохирогчийг төөрөгдүүлж, хохирогч Х.Алтантуяад хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай тогтоолын 3 дахь хэсэгт хуурч мэхлэх арга гэдгийг тайлбарласан байна. Түүнчлэн хэргийг шалгах явцад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Баяржаргал нь хохирогч Х.Алтантуяагаас 2015 оны 03 дугаар сард авсан будааныхаа мөнгийг төлж барагдуулаагүй байдаг ба шүүгдэгч О.Баяржаргал нь хохирогч Х.Алтантуяагаас 2015 оны 03 дугаар сард авсан будаагаа Саммет ХХК-ны Батболд гэх хүнд зарсан байдаг бөгөөд уг хүн нь будааныхаа мөнгийг 100 хувь төлж барагдуулсан болох нь гэрчээр мэдүүлсэн мэдүүлгэндээ дурдсан байдаг боловч О.Баяржаргал нь Х.Алтантуяагаас авсан будаагаа зарж борлуулан мөнгийг нь авсан мөртлөө уг будааны эргэн төлөлтийг одоо хүртэл хийгээгүй бөгөөд Х.Алтантуяад хохирлыг хоёр ч удаа төлж өгнө гэсэн албан бичгийг хийж өгсөн байдаг ба О.Баяржаргал нь 2015 оны 09 дүгээр сард хохирогч Х.Алтантуяад хийж өгсөн бичгэндээ Мэргэжлийн Хяналтын улсын байцаагчийн тэмдэгээ дарж өгч итгэл төрүүлж, төөрөгдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх гэрээний эрх зүйн харилцааны маргаан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.Мөн шүүх бүрэлдэхүүн нь шүүхийн хэлэлцүүлэгээр эрүүгийн хэргийг хэлэлцсэн мөртлөө цагаатгах тогтоол танилцуулахдаа эрүүгийн 201721010043 дугаартай хэргийг цагаатгасан гэж дурдсан болно.

Цагаатгасан хэрэг, хэлэлцсэн хэргийн дугаар зөрүүтэй байгаа бөгөөд уг шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдаагүй байна. Энэ байдлын талаар тусгагдсан уг шүүх хуралдааны бичлэгийн шүүхийн цагаатгах тогтоол танилцуулсан талаарх хэсгийн бичлэг дуугүй бичигдэж хураагдсан байгааг анхаарч үзнэ үү. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцэлтэй танилцаад гаргасан хариу тайлбартаа: Мөрдөн байцаалтын явцад О.Баяржаргалын гэм буруутай эсэх, хохирогч, шүүгдэгч  нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн эсэх хэдэн төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоогоогүй. О.Баяржаргалыг гэмт хэрэгтэн, залилан мэхлэгч гэдэг байдлаар хэтэрхий нэг талыг барьж шалган шүүгдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг хохироосон. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн цагаатгах тогтоол нь  хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймээс прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:  Шүүгдэгч О.Баяржаргал нь залилан мэхлэх гэмт санаа, зорилгоор хандаж, будааны үнийг төлөхгүй байх санаа зорилгоор зохиомол байдлыг зориудаар бий болгон худал хэлж хохирогчийг төөрөгдүүлж хохирогч Х.Алтантуяад хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.

Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай тогтоолын 3 дахь хэсэгт хуурч мэхлэх арга гэдэг нь бусдын эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулан, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ.

Мөн тогтоолын 7 дугаар зүйлийн гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас, үүссэн маргааныг өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй гэж тайлбарласан байдаг.

Шүүгдэгч О.Баяржаргал нь Х.Алтантуяагаас авсан будаагаа зарж борлуулан мөнгийг нь авсан мөртлөө уг будааны эргэн төлөлтийг одоо хүртэл хийгээгүй бөгөөд Х.Алтантуяад хохирлын мөнгийг нь хоёр ч удаа төлж өгнө гэсэн бичгийг хийж өгсөн байдаг ба О.Баяржаргал нь 2015 оны 09 дүгээр сард хохирогч Х.Алтантуяад хийж өгсөн бичгэндээ Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн тэмдэгээ дарж өгч итгэл төрүүлж, төөрөгдүүлсэн байдаг.

 Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.                                                                                                                                                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Ховд аймгийн Прокурорын газраас О.Баяржаргалыг Бүгд Найрамдах Хятад Ард улсын Такешкен боомт дээр Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Х.Алтантуяагаас 2015 оны 03 дугаар сард 246.311 юаний үнэ бүхий цагаан будааг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч Х.Алтантуяад 78.211.132 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

            Уг хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар О.Баяржаргал нь хохирогч Х.Алтантуяаг цагаан будааны үнийг өгөлгүйгээр хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авах үйлдэл хийсэн болох  нь тогтоогдохгүй байна гэж дүгнэн О.Баяржаргалд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэл буюу гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь  үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ. Учир нь:Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч ,шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ “ гэж заасан гэм буруугүйд тооцох зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

            Хэргийн баримтаас үзэхэд: О.Баяржаргал нь Х.Алтантуяатай танилцан хоорондоо амаар тохиролцож улмаар  цагаан будааны наймаа  хийхээр болж өмнө нь О.Баяржаргал нь хэд хэдэн удаа,  цагаан будааны үнийг урьдчилан шилжүүлж  Х.Алтантуяагаас            цагаан будаа  авдаг  байсан бөгөөд сүүлд  2015 оны 03 дугаар сард  О.Баяржаргал нь  Х.Алтантуяа руу  65 тонн  будаа авахаар 150000 юан шилжүүлсэн ба уг юаныг Х.Алтантуяа нь хүлээн авч өмнөх өрөндөө суутгаж авсан болох нь О.Баяржаргалын мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар байцаагдахдаа болон  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг  болон гэрч Б.Даваатөгс, Ц.Алагаа, Ц.Батболд нарын мэдүүлгүүд, удаа дараа Х.Алтантуяад мөнгө шилжүүлсэн  баримтууд зэргээр тогтоогдож байх тул О.Баяржаргал нь “ хуурч мэхлэх аргаар “  иргэн Х.Алтантуяаг залилан мэхэлсэн гэж үзэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхээс О.Баяржаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

            Прокурорын газраас О.Баяржаргалыг “бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар авсан” гэх боловч чухам ямар үйлдлээр авсан бэ гэдгийг тодорхойлон ялгаагүй, нотлох баримтаар нотлоогүй байна. Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ тодорхойгүй, О.Баяржаргал, Х.Алтантуяа нарын гэрээ хэлцлийн улмаас үүссэн маргаан гэж үзэх үндэслэлтэй байна.      Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа тогтоох хэсэгтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлаагүй байх тул цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгөвөл зохино.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаартай цагаатгах тогтоолын ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг “ Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Баяржаргалд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Баяржаргалыг цагаатгасугай “ гэснийг “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Баяржаргалд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Баяржаргалыг цагаатгасугай “ гэж өөрчилсүгэй.

            2.Цагаатгах тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.МӨНХЖАРГАЛ

 

                                          ШҮҮГЧИД                                        Д.МӨНХӨӨ

 

                                                                                                 Б.ДАМБА