Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 038

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Д.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1969 онд Завхан аймгийн ******* суманд төрсөн, 48 настай. Би 16 настайгаасаа буюу 1985 оноос эхлэн Завхан аймгийн ******* сумын нэгдлийн Октябрь бригадад аав Б.*******ийн хамт мал маллаж байсан. Ийнхүү би 1985 оны 01-р сараас 1992 оны 12-р сарын хооронд аав Б.*******ийн хамт тус бригадад мал маллаж байгаад үүнээс хойш хувираа одоо хүртэл мал маллаж байна.

Би Завхан аймгийн ******* сумын нэгдлийн Октябрь бригадад аав Б.*******ийн хамт мал маллаж байсан талаар аймгийн Архивын тасгаас лавлагаа авахад аав Б.*******ийн нэрээр 1985 оноос 1992 оныг дуустал хугацаанд тус бригадад мал маллаж, цалин хөлс тооцуулж байсан лавлагаа гарсан юм. Харин 1991 оны цалин хөлсний лавлагаа гараагүй болно.

Иймд намайг 1985 оны 01-р сараас 1992 оны 12-р сарыг дуустал Завхан аймгийн ******* сумын нэгдлийн Октябрь бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь 1985 оны 01-р сараас 1992 оны 12-р сарыг дуустал Завхан аймгийн ******* сумын нэгдлийн Октябрь бригадад мал маллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тэрээр Д.******* нь 1985 оны 01-р сарын 10-наас 1992 оны 12-р сарын 31-нийг дуустал Завхан аймгийн ******* сумын нэгдлийн Октябрь бригадад мал маллаж байсан болох нь аймгийн архивын тасгийн 2012 оны 12-р сарын 17-ны өдрийн ******* тоот лавлагаагаар нотлогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Ц.*******гийн ... ******* бид хоёр нэг ангийн хүүхдүүд байгаа юм. ******* ******* сумын нэгдлийн ******* бригадад 1985 оноос 1991 он хүртэл аав, ээжтэйгээ хамт маллаж байсан. ******* 7 хүүхэдтэй айлын 5 дахь хүүхэд нь байгаа юм. Дороо 2 дүүтэй. Тухайн үед бригадын дарга нь *******, нэгдлийн дарга нь *******, ******* зэрэг хүмүүс байсан. ******* нэгдэлд хонь л хариулдаг байсан. Тэднийх бас адуутай, үхэртэй ч байсан. 1991 оноос одоо ч малаа маллаж байна. нэгдэл тарж хувийн аж ахуйд шилжсэн юм... гэсэн,

гэрч Л.гийн ... ******* бид нар нэг ангид хамт сурч байсан юм. ******* 1985 оноос 1991 он хүртэл ******* сумын нэгдэлд маллаж байсан. Аав нь ******* гэдэг хүн байсан. Ам бүл есүүлээ байсан. Аав, ээжтэйгээ хамт мал малладаг байсан. ******* дандаа л бог мал малладаг байсан. Одоо хүртэл малаа маллаж байгаа. Аав нь одоо хүртэл малаа маллаж байгаа. Өндөр настай хүн бий. ******* 1991 оноос хойш одоо хүртэл малаа маллаж байгаа... гэсэн,

гэрч Ц.гийн ... Би 1983 онд аймгийн 1-р 10-н жилийн сургуулийг төгсөөд ******* суманд очиж тус сумын нэгдлийн ээр ажилд орсон юм. Тэгэхэд ******* 1985 онд 8-р анги төгсөөд 1991 он хүртэл аав, ээжтэйгээ хамт ******* сумын нэгдлийн Октябрь бригадад мал малласан. 1991 онд нэгдэл тараад тэр хүртэл л мал маллаж байсныг нь мэднэ. Учир нь ******* эвлэлийн хурлаар клубт байнга ирдэг байсан болохоор түүнийг мэднэ. Эвлэлийн гишүүн байсан байх. Тэгээд 1991 оноос хойш мөн малаа л малласан. Одоо хүртэл хөдөө малаа малладаг. ******* бог голдуу мал малладаг байсан. Тухайн үед нэгдлийн дарга нь *******, боловсон хүчин нь гуай байсан юм. ******* малаа сайн малладаг байсан, шагнуулж байсныг нь мэдэхгүй. Аав *******, ээж ******* нарынхаа хамт мал малладаг байсан. Ээж нь эрт нас барсан. Нэгдэл тарж компани болж байсан, гэхдээ энэ талаар би нарийн сайн мэдэхгүй... гэсэн мэдүүлгүүдээр Д.*******гийн ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б.*******г 1985 оны 06 дугаар сарын 10-наас 1990 оны 12 дугаар сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдэлд малчин, 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Завхан аймгийн ******* сумын ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ