Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 887

 

 

 

 

 

 

 

 

 

2020        05       12                                        2020/ШЦТ/887

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

 улсын яллагч М.Ариунцэцэг,

 хохирогч Б.Жаргалсайхан,                     

 шүүгдэгч В.М, түүний өмгөөлөгч Б.Галхүү /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2131/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Мд холбогдох эрүүгийн 2006 00931 0599 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Торгуутан овогт Викторын В.М, Монгол улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус  дунд боловсролтой, мэргэжилгүй, “Өсөх зоос” ХХК-д Шонхор ГХХА-нд харуул ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Цэргийн хотхон” задгайд оршин суух,

-урьд 1987 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Найрамдлын районы шүүхийн шийдвэрээр БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн,

-1987 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Найрамдлын районы шүүхийн шийдвэрээр БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2, 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт  зааснаар 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ял,

-1992 оны 03 дугаар сарын 03 дугаар сарын 09-ний өдөр Найрамдлын районы шүүхийн шийдвэрээр БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял,

-1994 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Налайх дүүргийн шүүхийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 4 жил, 6 сарын хугацаагаар хорих ял,

-1997 оны 09 дүгээр сарын 23-ны өдөрийн Налайх дүүргийн шүүхийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын  Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

-2007 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн  хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч В.М нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны задгайд Б.Жаргалсайханы нүүрэн тус газарт цаасны хутгаар зүсч, баруун нүдний гадна хэсэг, баруун хацар, эрүүнд шарх, бүсэлхийнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг.Шүүгдэгч В.Мын гэм буруугийн талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч В.М нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны задгайд Б.Жаргалсайханы нүүрэн тус газарт цаасны хутгаар зүсч, баруун нүдний гадна хэсэг, баруун хацар, эрүүнд шарх, бүсэлхийнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч В.М гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Мын өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Эмчилгээний зардалд 300,000 төгрөг өгсөн. Гэм буруугийн талаар маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[1],

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Жаргалсайханы өгсөн: “Би найзтайгаа эвлэрсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч П.Мөнхцэцэгийн 2020 оны 02 дугаар сарын 05-нд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн орчим Цэрэндорж, В.М, Жаргалсайхан нартай 4-үүлээ 1 шил архи хувааж уугаад сууж байхад Жаргалсайхан, В.М хоёр “чи их уулаа” гээд хооронд  маргалдаад байсан. Тэгээд Жаргалсайхан В.Мтай барьцалдаж авсан. Тоггүй байсан тул хэн хэнийгээ цохиж байгаа нь харагдаагүй. Би салгах гээд дийлэхгүй байж байхад Цэрэндорж “би гэр рүүгээ явлаа” гээд гараад явсан. Араас нь Жаргалсайхан гараад явсан. Бид хоёр үлдээд байж байтал хоёр цагдаа ороод ирсэн” гэх мэдүүлэг[3],

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №2280 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...1. Б.Жаргалсайханы биед баруун нүдний гадна хэсэг, баруун хацар, эрүүнд шарх, бүсэлхийнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир бүхий зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар  тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт[4],

5. Хохирогч Б.Жаргалсайханы 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз В.Мтайгаа уулзах гэж Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах гэрт нь очсон. Гэрт нь очиход Цэрэндорж, В.Мын найз хүүхэн хамт байсан. Бид 4 архи ууя гээд Цэрэндорж 0,75 литрийн 2 шил архи авсан. Тэгээд архиа уугаад юм яриад сууж байтал гэнэт миний нүүр час хийх шиг болсон. Гэтэл нүүрнээс цус гарч байсан. Улмаар би тэднийхээс гараад ахыгаа дуудаад гэртээ харьсан. В.М миний  нүүр рүү цохисон юугаар цохисоныг мэдэхгүй байна. Бид хоёр багаасаа найзалж байгаа. Өмнө нь мөн намайг хутгалж байсан. Тухайн үед цагдаад хандаж байгаагүй. Би нүүрэндээ 3-4 оёдол тавиулсан. Толгой их өвдөж байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг[5],

6. Шүүгдэгч В.Мын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн орчимд би найз Жаргалсайхан болон Цэрэндорж 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архи 3 шилийг авахуулж уусан. Үдээс хойш 17-18 цагийн орчим манай гэрт байж байхад Жаргалсайхан бид хоёр юунаас болоод юм хоорондоо маргалдаж, хэрэлдэн, харилцан зодолдож байгаад манай пийшинг унагаачихсан. Тэгэхээр нь би яндангийн сойлт аваад Жаргалсайханы нүүрэн тус газар нь зүссэн. Нэг мэдсэн бид хоёр дээр доороо орсон барьцалдаж байсан. Цэрэндорж бид хоёрыг салгаад Жаргалсайханыг аваад гарсан. Би эхнэрийн хамт үлдээд унтах гэж байтал цагдаа орж ирсэн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг[6] зэрэг болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт, зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч В.Мын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогчид 300,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч В.Мд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч В.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг В.Мд анхааруулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч В.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч В.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Мд 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг В.Мд анхааруулсугай.

            4. Шүүгдэгч В.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

           5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч В.Мд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

 

                       

 

                                                               

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтаст хэргийн 8-9 дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал   

[5] Хавтаст хэргийн 6-7 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал