| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Пагма |
| Хэргийн индекс | 172/2020/0055/Э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2020-04-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 56
Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анужин
Улсын яллагч Л.Солонго
Хохирогч Б.О
Шүүгдэгч /хохирогч/ Н.Т
Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Т, Н.М нарт холбогдох 2028000000044 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, малчин, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,
Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуур хийдэг, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 702.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Шүүгдэгч /хохирогч/ Н.Т нь согтуугаар 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы 16-33 тоотод хохирогч Б.О-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Н.М нь согтуугаар 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы 16-33 тоотод байх өөрийн гэртээ Н.Т-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч /хохирогч/ Н.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Мөн төрсөн ах Майсар болон бэр эгч Отгонзул нартай гэр бүлийн гишүүд учраас хохирогчоор мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Н.М шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Н.Т хөдөөнөөс ирэхээрээ байнга манай гэрт байдаг. Манайд байх хугацаандаа зүгээр байхгүй, намайг доромжилдог. Би өөрөө хараа муутай, 3 хүүхэдтэй хүн. Намайг ганц удаа ч биш гурван удаа зодож байгаа. Өөрийгөө бодвол гомдолтой гэж хэлмээр байна. Сүүлд зодсон цагаасаа хойш энэ хүн манайхаар ирээгүй. Дахиад манайд ирэхгүй энэ чигээрээ байх юм бол сайн байна. Би нүдний шилээ хагалуулсан учир шилээ төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. ...Нүдний шилний үнэ 170.000 төгрөг нэхэмжилж байна. Шилэн нүдний шил учир олддоггүй, хотоос захиалж авдаг” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Н.М манай нөхөр байгаа юм. Бид хоёр гэр бүл болоод 9 жил болж байна. Н.Т манай нөхрийн төрсөн дүү юм. ...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр Н.Майсар гадуур явж байгаад орой 17 цагийн үед архи уучихсан согтуу ирсэн. Тухайн үед нөхрийн дүү Н.Т бас согтуу ирсэн. Тэгээд энэ 2 хоорондоо муудалцаад, хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би хажуу талын хашааны айлдаа орчихоод буцаад гэртээ орж ирсэн чинь Н.Т-ын хамрын хажуу талд урагдаад хамраас нь цус гарчихсан, үүдний пинд байж байсан. Тэгэхэд Майсар хажууд нь одоо боль гээд байж байсан. Тэгсэн чинь Н.Т нь чи муу намайг ална гэсэн, одоо алалцъя гээд хашгираад байсан. Тэгэхээр нь Майсар хашаанаас гараад явчихсан. Тэгсэн чинь Н.Т гэрт хашгираад намайг дарамтлаад, чи муу нөхөртэйгээ нийлж намайг дарамталлаа гэж загнаж байгаад миний дух руу гараараа цохиод, миний давсаг руу өшиглөөд авсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ...Намайг гэрт байхад Н.Т, Н.М хоёр хоорондоо муудалцаад байсан. Тэр үед Н.Т-ын нүүрэнд гэмтэл байгаагүй, зүгээр байсан. Тэгээд намайг хажуу айл руу орж хоолны сав өгчихөөд эргээд ирэхэд Н.Т-ын хамраас цус гарчихсан, нүүр нь урагдчихсан байсан. Майсар тэр хоёр хоорондоо зодолдсон” гэжээ. /хх-ийн 15-16 дугаар хуудас/
Хохирогч Н.Т мөрдөн шалгах ажиллагаанд “...Би өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй” гэжээ. /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 176 тоот дүгнэлтэд:
1. Б.О-ын биед баруун хацар хавдсан, дух овойж хавдсан, хамрын 2 талд шалбарсан, хамар хавдсан, хоёр нүдний зовхи хөхөрсөн гэмтлүүдтэй байна.
2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
4. Б.О-ын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндэд түр хугацаагаар нөлөөлөх учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 22 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 177 тоот дүгнэлтэд:
1. Н.Т-ын биед баруун хөмсөгний гадна дээд хэсэг, баруун хацар, зүүн нүднээс доод хэсэг, баруун тохойн дээд хэсгүүдэд зурагдаж шалбарсан, хамрын зүүн хэсэгт урагдсан шархтай, зүүн нүдний зовхи, баруун гарын шуу, баруун ташааны дээд хэсгүүдэд хөхрөлт үүссэн гэмтлүүдтэй байна.
2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
4. Н.Т-ын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндэд түр хугацаагаар нөлөөлөх учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 30 дугаар хуудас/
Н.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баруунсайханы 10-30 тоотод манай найз Гансүх бид хоёр ажил хийж байхад манай дүү Н.Т 0.5 литрийн архи авч ирээд бид 3 хувааж ууж дуусгаад Н.Т манай гэр лүү явсан. Удалгүй манай эхнэр Б.Отгонзул гар утсаар залгаад гэртээ хурдан хүрээд ир, Н.Т янз бүр болоод байна гэсэн. Цаана нь намайг хүрээд ир, ална гээд хашгирч байсан. Тэгээд би 18 цагийн үед гэртээ очиход манай эхнэр Б.Отгонзул бага хүүг аваад хашаанаас зөрж гараад хажуу айл руу орсон. Би гэртээ орох гэтэл Н.Т гэр рүү оруулахгүй, унинаас барьчихаад өшиглөөд байхаар нь би Н.Т-ыг хоёр удаа өшиглөсөн чинь зуухны хажууд байсан ширмэн тогоог авч өөдөөс гарч ирээд далайсан. Тэгэхэд нь би ухарч яваад үүдний амбаарын үүдэнд байсан төмрийг аваад Н.Т-ын тогоотой гарыг цохих гэж байгаад нүүр лүү нь цохьчихсон. Тэгээд барьж байсан төмрөө хаяад Н.Т-ыг барьж аваад гарт нь байсан тогоог нь салгаж аваад бид хоёр гадаа гарч маргалдаж байгаад би хашаанаас гарч яваад гудмаар явж байгаад ирэхэд манай эхнэр Н.Т намайг зодчихлоо, Н.Т-ыг би цагдаа дуудаад өгөөд явуулсан гэсэн...” гэжээ. /хх-ийн 40-41 дүгээр хуудас/
Н.М-ын эрүүлжүүлэгдсэн бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар хуудас/
Н.Т-ын согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/
Б.О-ын компьютер томографийн шинжилгээ /хх-ийн 27 дугаар хуудас/
Б.О-ын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 28 дугаар хуудас/
Н.Т-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 60-61 дүгээр хуудас/
Н.Т-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 66 дугаар хуудас/
Н.М-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 67 дугаар хуудас/
Н.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар хуудас/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Эд мөрийн баримтаар шар өнгийн арилсан бүдэг будагтай, үзүүр хэсэгтээ арзгар 1 ширхэг төмрийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Н.Т, Н.М нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэм аюултай үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд уг үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Т нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы 16-33 тоотод хохирогч Б.О-ыг согтуугаар зодож, улмаар түүний биед баруун хацар, хамар, дух овойж хавдсан, хамрын 2 талд шалбарсан, хоёр нүдний зовхи хөхөрсөн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Н.М нь мөн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы 16-33 тоотод байх өөрийн гэртээ Н.Т-ыг согтуугаар зодож, түүний биед баруун хөмсөгний гадна дээд хэсэг, баруун хацар, зүүн нүднээс доод хэсэг, баруун тохойн дээд хэсгүүдэд зурагдаж шалбарсан, хамрын зүүн хэсэгт урагдсан шархтай, зүүн нүдний зовхи, баруун гарын шуу, баруун ташааны дээд хэсгүүдэд хөхрөлт үүссэн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Отгонзулын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...би хажуу хашааны айлдаа орчихоод буцаад гэртээ орж ирсэн чинь Т-ын хамрын хажуу талд урагдаад хамраас нь цус гарчихсан, М хажууд нь одоо боль гээд үүдний пинд байж байсан. Тэгсэн чинь Түвшинбаатар нь чи муу намайг ална гэсэн, одоо алалцъя гээд хашгираад байсан. Тэгэхээр нь Майсар хашаанаас гараад явчихсан. Тэгсэн чинь Т гэрт хашгираад намайг дарамтлаад, чи муу нөхөртэйгээ нийлж намайг дарамталлаа гэж загнаж байгаад миний дух руу гараараа цохиод, миний давсаг руу өшиглөөд авсан. ...Намайг гэрт байхад Т, М хоёр хоорондоо муудалцаад байсан. Тэр үед Т-ын нүүрэнд гэмтэл байгаагүй, зүгээр байсан. Тэгээд намайг хажуу айл руу орж хоолны сав өгчихөөд эргээд ирэхэд Т-ын хамраас цус гарчихсан, нүүр нь урагдчихсан байсан. Майсар тэр хоёр хоорондоо зодолдсон...” гэх мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 176, 177 тоот дүгнэлтүүд, Н.М-ын эрүүлжүүлэгдсэн бүртгэл, тэмдэглэл, Н.Т-ын согтуурал шалгасан тэмдэглэл, Б.О-ын компьютер томографийн шинжилгээ, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын архи ууж согтуурсан, хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх ба шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Н.Т-ын үйлдлийн улмаас хохирогч Б.О-ын биед баруун хацар, хамар, дух овойж хавдсан, хамрын 2 талд шалбарсан, хоёр нүдний зовхи хөхөрсөн гэмтэл, шүүгдэгч Н.Майсарын үйлдлийн улмаас хохирогч Н.Т-ын биед баруун хөмсөгний гадна дээд хэсэг, баруун хацар, зүүн нүднээс доод хэсэг, баруун тохойн дээд хэсгүүдэд зурагдаж шалбарсан, хамрын зүүн хэсэгт урагдсан шархтай, зүүн нүдний зовхи, баруун гарын шуу, баруун ташааны дээд хэсгүүдэд хөхрөлт үүссэн гэмтэл тус тус учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 176, 177 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Н.Т, Н.М нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Өмнөговь аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Т, Н.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Н.Т, Н.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.Т, Н.М нар төрсөн ах, дүү бөгөөд урьд өмнө ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэргийг 43, 77 дугаар хуудсанд байгаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон 45-57, 79 дүгээр хуудсанд байгаа шийтгэх тогтоолын хуулбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-т 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, шүүгдэгч Н.М-т 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Н.Т, Н.М нарын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хөрөнгө орлого олох боломж, хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-т 250 цагийн, шүүгдэгч Н.М-т 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго зорилтод нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Н.Т-ын үйлдлийн улмаас хохирогч Б.О-ын эрүүл мэндэд, шүүгдэгч Н.Майсарын үйлдлийн улмаас хохирогч Н.Т-ын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Н.Т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Н.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч Б.О нь шүүх хуралдаанд нүдний шилний үнэ 170.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч тэр талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Т, Н.М нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн арилсан бүдэг будагтай, үзүүр хэсэгтээ арзгар 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Т, Н.М нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Т, Н.М нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-т 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Н.М-т 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-т оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн, шүүгдэгч Н.М-т оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Н.М нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн арилсан бүдэг будагтай, үзүүр хэсэгтээ арзгар төмөр 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Т, Н.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.О нь нүдний шилний үнэ 170.000 /нэг зуун далан мянга/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд Н.Т-с нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Т, Н.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА