Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 1001

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал                 хөтлөн,

Улсын яллагч: Т.Оюунжаргал,

Шүүгдэгч Х.А-д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Х.А-д холбогдох эрүүгийн 190504571220 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, оюутан, хувиараа зурагчин хийдэг, ам бүл 2, эмээгийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Х.А

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Х.А нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 34б байрны 30 тоотод иргэн С.Г-ийг зодсоны улмаас биед нь тархи доргилт, баруун чамирхайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, хүзүүнд цус хуралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Х.А-д нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 34б байрны 30 тоотод иргэн С.Г-ийг зодсоны улмаас биед нь тархи доргилт, баруун чамирхайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, хүзүүнд цус хуралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 15-нд Баянгол дүүргийн 3 дугаар хороо 34б-30 тоотод өмнө бид хоёр маргалдсан байсан. Манай эхнэр төрөөд удаагүй мах аваад жижиглэж тавьсан байсан. Тэр өдөр зөндөө мах байхад эхнэрт шөл хийж өгөх гээд тавьсан байсан махнаас хэрэглэсэн байхаар нь би А-д чи өөрөө махаа хэрчээд хоолоо хийгээд идэхэд яадаг юм гэхэд над руу уурлаад байсан. Би чи юу гээд байна гээд араас нь очиход намайг мөргөөд, заамдаад зүүн гараараа цохиод байсан. Би хариу эсэргүүцэл үзүүлж чадаагүй толгой манарсан. Орон дээр унасан. Дахин хэд хэд цохисон. Манай эхнэр Н ирж салгасан. Би өрөө рүүгээ орсон. А гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

 

Гэрч Э.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 15-нд гэртээ жижиг өрөөнд байхад Г, А хоёр маргалдаад байх шиг байсан. Гэнэт түжгэнэх чимээ гарахаар нь би очиход А Г-ийг орон дээр заамдаад дарчихсан байсан. Би та хоёр яагаад байгаа юм болиоч гээд Ананд болиод гараад явчихсан. Г босоод ирсэн. Хүзүү, дух нь улайсан хавдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/

 

Гэрч Т.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Эмнэлэгт байсан болохоор сайн мэдээгүй. А хоол хийж иддэггүй хүүхэд байгаа юм. Би хөргөгчид хоол ядаж шөл хийж уу гэсэн тэгэхэд за гээд шөл хийж идэж байгаад маргалдсан юм байна лээ. А надад хэлэхдээ уур хүрээд цохичихлоо гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/

 

Шүүгдэгч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Гэм буруугаа ухаарч байгаа миний буруу. Г нь намайг мах хэрэглэж болохгүй гэж хэлээгүй, хөргөгчинд байсан мах хэрэглэсний төлөө над руу уурласан. Би тэгээд гарах гэж байхад араас ирээд духаараа миний дух руу тулахаар нь зодсон. Г-ийг зодсон гэм буруугаа ухаарч байна...” /хх-ийн 26 тал/ гэх мэдүүлэг, 

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12547 дугаартай “...С.Г-ийн биед тархи доргилт, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 17 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.   

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Х.А, хохирогч С.Г нар нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 34б байрны 30 тоотод буюу гэртээ “өшиглөсөн мах хэрэглэсэн” гэж маргалдсан байх ба улмаар шүүгдэгч нь хохирогчийг цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 12547 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч Х.А нь хохирогч С.Г-ийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир шүүгдэгч Х.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч С.Ганхуяг “...2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр БНХАУ-руу буцаж явах шаардлагатай байгаа тул хохирол төлбөрийг Хаан банкны 5062191734 тоот дансанд тушаасан тул хохирол барагдсанд тооцно уу...” гэх хүсэлтийг /хх-ийн 43/ гаргасан, шүүгдэгч Х.А нь шүүхийн хэлэлцүүлэгт 153,090 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн баримтыг гаргаж өгсөн байх тул шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Х.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Х.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 28 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 29 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байна. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдлоо.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Х.А-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрсөн зуун наян мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Х.А-ад мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэх ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрсөн зуун наян мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирогчид 153.090 /нэг зуун тавин гурван мянга ер/ төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА