| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяа Ганбат |
| Хэргийн индекс | 109/2018/00021/З |
| Дугаар | 8 |
| Огноо | 2018-03-29 |
| Маргааны төрөл | Бусад, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 8
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.О
Хариуцагч: А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн долдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоолгож, тус хуралдаанаас гарсан “Хуралдааны дэг батлах тухай” 01, “Ажлын хэсэг байгуулах тухай” 02, “Шийдвэр боловсруулах комисс байгуулах тухай” 03, “Тооллогын комисс байгуулах тухай” 04, “Хэлэлцэх асуудал батлах тухай” 05, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын тайланд үнэлэлт өгөх тухай” 06, “Үйл ажиллагааны хөтөлбөрт үнэлэлт өгөх тухай” 07, “Сумын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” 08, “Сумын 2018 оны төсөв батлах тухай” 09, “Үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт оруулах тухай” 10, “Суманд 2018-2020 онд хөгжүүлэх үйлдвэрлэлүүдийн чиглэл батлах тухай” 11, “2018 онд ойгоос хэрэглээний мод, галын түлээ бэлтгэх хэмжээ тогтоох тухай” 12, “Сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 13, “Орхон багт үйл ажиллагаа явуулж байгаа алтны уурхайнуудын үйл ажиллагааг зогсоох тухай” 14, “Дүйцүүлэх албанд авах иргэдийн тоог батлах тухай” 15 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч А аймгийн Ц иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит долдугаар хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр явагдсан гэх боловч тухайн хурал нь хууль бус явагдсан. Учир нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тухайн хурлын зарыг төлөөлөгч нарт бүрэн хүргээгүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо судалгаа, лавлагаа гарах шийдвэрийн төслийг хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчид тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэснийг зөрчсөн.
Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит долдугаар хуралдаан нь хурлын төлөөлөгчдийн 13 төлөөлөгч буюу 48.2 хувийн ирцтэйгээр хурал хийсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэг “аймаг, нийслэл, сум дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэснийг зөрчиж 14 төлөөлөгчийг хуралд оролцоогүй байхад хурал хийсэн нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
Дээрх хууль бус үйлдлүүд нь төлөөлөгч миний Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.3, 12.1.4, 12.1.5, 12.1.7 дахь хэсэгт заасан иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг дарга, түүний орлогч, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албадын дарга, нутаг дэвсгэрийн байгууллагын удирдлагад асуулга тавьж хариуг нь авах эрхийг зөрчиж байна.
Төлөөлөгч гэдэг бол тойргийнхоо иргэдийн хуулиар олгогдсон эрхийг хамгаалах, иргэдийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх асуудалд биечлэн оролцох, иргэдийн дуу хоолойг хүргэх, иргэдийн санал хүсэлтийг уламжлах эрхтэйгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцдог. Гэтэл төлөөлөгчийн дээрх бүх эрхийг хааж хууль бусаар хуралдаан хийж, тогтоол гаргасан байна.
Иймд А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн долдугаар дугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоолгож, тус хуралдаанаас гарсан “Хуралдааны дэг батлах тухай” 01, “Ажлын хэсэг байгуулах тухай” 02, “Шийдвэр боловсруулах комисс байгуулах тухай” 03, “Тооллогын комисс байгуулах тухай” 04, “Хэлэлцэх асуудал батлах тухай” 05, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын тайланд үнэлэлт өгөх тухай” 06, “Үйл ажиллагааны хөтөлбөрт үнэлэлт өгөх тухай” 07, “Сумын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” 08, “Сумын 2018 оны төсөв батлах тухай” 09, “Үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт оруулах тухай” 10, “Суманд 2018-2020 онд хөгжүүлэх үйлдвэрлэлүүдийн чиглэл батлах тухай” 11, “2018 оноос ойгоос хэрэглээний мод, галын түлээ бэлтгэх хэмжээ тогтоох тухай” 12, “Сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 13, “Орхон багт үйл ажиллагаа явуулж байгаа алтны уурхайнуудын үйл ажиллагааг зогсоох тухай” 14, “Дүйцүүлэх албанд авах иргэдийн тоог батлах тухай” 15 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн долдугаар хуралдаан хууль бус болсон. Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д зааснаар нэг хоногийн өмнө хурлын материалыг танилцуулж, тараана гэсэн заалтыг зөрчсөн. Нэхэмжлэгч Ц.О Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 20 минутад хүсэлт өгсөн байдаг. Хүсэлтдээ хуралдаандаа хүндэтгэлтэй харьцъя, нэг хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү, хурлын материалтай танилцаж чадсангүй, тиймээс хурлын материалтай танилцаж дууссаны дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдаанаа хийе гэж хүсэлт тавьсан боловч хүсэлтийн хариу өгөөгүй. Тэгээд өдөр нь бүх төлөөлөгчийн тоогоор аймгаас хоол захиалуулж аваачсан байдаг бөгөөд бүх төлөөлөгч хоолонд ороод Монгол ардын намын бүлгийн сүүлийн 3 төлөөлөгчийг хоолоо идэж дуусаагүй, гарч амжаагүй байхад хурлыг эхлүүлж хуралдуулсан байдаг. Ингээд ирц нь бүрдээгүй байхад буюу 13 төлөөлөгчийн ирцтэй 48.2 хувьтай хурал эхэлсэн. Мөн хурлын материалыг нэг хоногийн өмнө тараах ёстой байхад нэг хоногийн өмнө тараагаагүй байдаг учраас А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн долдугаар хурлыг хууль бус болсныг тогтоож, хурлаас гарсан шийдвэр болох нэгдүгээрт “Хуралдааны дэг батлах тухай”, хоёрдугаарт “Ажлын хэсэг байгуулах тухай”, гуравдугаарт “Шийдвэр боловсруулах комисс байгуулах тухай”, дөрөвдүгээрт “Тооллогын комисс байгуулах тухай”, тавдугаарт “Хэлэлцэх асуудлыг батлах тухай”, зургадугаарт “Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын тайланд үнэлэлт өгөх тухай”, долдугаарт “Үйл ажиллагааны хөтөлбөрт үнэлэлт өгөх тухай”, наймдугаарт “Сумын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай”, есдүгээрт “Сумын 2018 оны төсөв батлах тухай”, аравдугаарт “Үйл ажиллагааны чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, арван нэгдүгээрт “Суманд 2018-2020 онд хөгжүүлэх үйлдвэрлэлийн чиглэл батлах тухай”, арван хоёрдугаарт “2018 онд ойгоос хэрэглээний мод галын түлээ бэлтгэх хэмжээ тогтоох тухай”, арван гуравдугаарт “Суманд 2018 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, арван дөрөвдүгээрт “Орхон багт үйл ажиллагаа явуулж байгаа алтны уурхайнуудын үйл ажиллагааг зогсоох тухай”, арван тавдугаарт “Дүйцүүлэх албанд авах иргэдийн тоог батлах тухай” гэсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах саналтай байна гэв.
Хариуцагч А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Хурлаар хэлэлцэх асуудлын төсөл нь захиргааны акт болохгүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 16 цаг 40 минутад 16 төлөөлөгчтэй, буюу 59.2 хувьтайгаар хурлыг эхлүүлсэн. Хурал эхэлж ажлын хэсэг хурлын ирцийг танилцуулаад, хурал эхлэхэд ардын намын бүлгийн П.Н, Ч.О, Ч.З гэсэн 3 төлөөлөгч хуралд сууж байсан бөгөөд ирц бүртгэхэд байсан, мөн хурал эхлэхэд алга ташаад баяр хүргээд сууж байсан. Хурлын ирцийн дараа буюу дэг танилцуулж байхад Ч.З эхэлж гараад, дараа нь Ч.О, П.Н нар цуварч гараад явцгаасан. П.Н төлөөлөгчийг нэхэмжлэгч Ц.О хоёр удаа дуудаж байгаад гаргасан. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь ирц 59.2 хувьтайгаар хуралдаж дууссан хүчин төгөлдөр хурал ... нэхэмжлэгч Ц.О-д 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр буюу хурал эхлэхээс 2 хоногийн өмнө хурлын материал, зарыг хүргүүлсэн. Хурлын материалтай танилцах боломжит нөхцөлөөр хангасан ... Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, нэхэмжлэгч Ц.О нь ард түмний сонголтыг үл хүндэтгэж хуралдаа өөрөө суухгүй, суулгасан төлөөлөгч нарыг гаднаас дуудаж, удаа дараа хурлыг үймүүлж байна. Сум орон нутгийн гол асуудал, төсөвтэй холбоотой гол асуудалд удаа дараа суудаггүй, сүүлийн 4 хуралд суугаагүй. Мөн төлөөлөгч П.Н, Ч.О, Ч.З нарын хуралд сууж байсан тухайн үеийн бичлэг, гэрэл зургийг хэргийн хэргийн материалд хавсаргасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч гэдэг нь эрх ашиг нь хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй иргэн нэхэмжлэл гаргадаг. Уг хэрэгт нэхэмжлэгчийн эрх ашиг яаж хөндөгдсөн юм бэ гэдэг нь тодорхой бус, хөндөгдсөн гэдэг нь зүйл харагдахгүй байна. Нэхэмжлэгч Ц.О-д тухайн үед хурлын зарыг 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн ... үүнийг хүлээж авсан гэдэг дээр маргадаггүй.
Хоёрдугаарт тухайн хурлын зарыг төлөөлөгч П.Н, Ч.О нарт бүрэн хүргээгүй гэх тухайд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д заасан заалтыг зөрчсөн гэж үзсэн. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйл нь захиргааны актыг мэдэгдэх заалт байгаа. Гэтэл энэ төсөл нь захиргааны акт биш. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасныг зөрчсөн гэж үзээд байгаа. Нэхэмжлэгч Ц.О-гийн хувьд хурлын зарыг 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээж авсан тул нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн асуудал байхгүй. Хүлээж аваагүй гээд П.Н, Ч.О нарыг бичсэн байдаг. Гэтэл П.Н, Ч.О нарыг төлөөлж хуралд оролцоогүй, энэ хүнд эрх шилжсэн асуудал байдаггүй, ганцхан Ц.О гэдэг хүн өөрийнхөө нэрээр энэ нэхэмжлэлийг гаргасан.
Гуравдугаарт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасан. Хүчинтэйд тооцогдох нэг л заалт байгаа. Хуралд ирц бүрэн байсан гэдгийг хариуцагч талаас хангалттай нотлох баримт гаргаж өгсөн. Хурлын зарыг мэдээгүй гэж хэлээд байгаа П.Н, Ч.О нар нь хуралдаа биечлэн ирж суугаад төслийн материалтай танилцсан байдаг. Хэрэгт авагдсан бичлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр хурлын үед хэн нэгэн хоол идээд сууж байгаа зүйл байдаггүй. Харин хоол идээд сууж байсан гэх П.Н, Ч.О нар нь хэлэлцэх асуудлаа гартаа барьсан сууж байгаа бичлэг байдаг.
Тийм учраас Ц.О-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.О-с А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн долдугаар хуралдааныг хууль бус явагдсан тогтоолгож, хурлаас гарсан тогтоолыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.О-с “А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн долдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоолгож, тус хуралдаанаас гарсан “Хуралдааны дэг батлах тухай” 01, “Ажлын хэсэг байгуулах тухай” 02, “Шийдвэр боловсруулах комисс байгуулах тухай” 03, “Тооллогын комисс байгуулах тухай” 04, “Хэлэлцэх асуудал батлах тухай” 05, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын тайланд үнэлэлт өгөх тухай” 06, “Үйл ажиллагааны хөтөлбөрт үнэлэлт өгөх тухай” 07, “Сумын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” 08, “Сумын 2018 оны төсөв батлах тухай” 09, “Үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт оруулах тухай” 10, “Суманд 2018-2020 онд хөгжүүлэх үйлдвэрлэлүүдийн чиглэл батлах тухай” 11, “2018 онд ойгоос хэрэглээний мод, галын түлээ бэлтгэх хэмжээ тогтоох тухай” 12, “Сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 13, “Орхон багт үйл ажиллагаа явуулж байгаа алтны уурхайнуудын үйл ажиллагааг зогсоох тухай” 14, “Дүйцүүлэх албанд авах иргэдийн тоог батлах тухай” 15 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Шүүх нэхэмжлэгчийн өөрчлөн, тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, түүний өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
I. а/Иргэн Ц.О-н нэхэмжлэл гаргах /шаардах/ эрхийн тухайд:
Анх А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Монгол Ардын намын бүлгийн ахлагч Ц.О-с А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянаад 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” 109/ШЗ2018/0009 дүгээр шүүгчийн захирамжаар “ ... нэхэмжлэгч Ц.О нь А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд Монгол ардын намын бүлгийн ахлагч гэж нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэл гаргах эрхийг тодруулах нь зүйтэй. Тухайлбал: Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон буюу төлөөлөгчийн бүрэн эрхийг баталсан тогтоол, төлөөлөгчийн үнэмлэх болон холбогдох бусад баримтууд...”-ыг гаргуулахаар хугацаа тогтоосон байна.
Дээрх шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч Ц.О-с А аймгийн Цсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үнэмлэхийг ирүүлж, мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... дээрх хууль бус үйлдлүүд нь төлөөлөгч миний Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.3, 12.1.4, 12.1.5, 12.1.7 дахь хэсэгт заасан иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг дарга, түүний орлогч, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албадын дарга, нутаг дэвсгэрийн байгууллагын удирдлагад асуулга тавьж хариуг нь авах эрхийг зөрчиж байна ...” гэх утга бүхий нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнд хавсарган ирүүлсэн материалыг үндэслэн тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” 109/ШЗ2018/0017 дугаар шүүгчийн захирамжаар А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.О-н шүүхэд гаргасан нэхэмжлэлээр А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн болно.
б/ Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хооронд үүссэн маргааныг шүүхийн журмаар хянан шийдвэрлэх боломжтой эсэх тухайд:
Нэхэмжлэгч А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.О нь А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит долдугаар хуралдаан нь хууль зөрчиж /төлөөлөгч нарт хуралдааны зарыг хүргүүлээгүй, хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын төслийг 1 хоногийн өмнө хүргүүлээгүй, Хурлын төлөөлөгч нарын ирц хүрээгүй байхад хуралдуулсан/ хуралдсан тул хууль бус, хурлын төлөөлөгч миний иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг дарга, түүний орлогч, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албадын дарга, нутаг дэвсгэрийн байгууллагын удирдлагад асуулга тавьж хариуг нь авах эрхүүдийг зөрчлөө гэж маргажээ.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл. “Захиргааны акт”, 37.1. “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан хуралдааныг хууль зөрчиж хуралдуулсан гэх үндэслэл нь “захиргааны үйл ажиллагаа”-тай холбоотой үндэслэл байх тул захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйл. “Хуулийн нэр томьёоны тодорхойлолт”, 3.1.3. ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаас үзвэл захиргааны хэргийн шүүхэд хүн , хуулийн этгээдээс нэхэмжлэл гаргах эрхтэй байх бөгөөд “хүн” гэсэн ойлголтыг ямар нэгэн албан тушаалын байдлаар нь ялгаварлан, хязгаарлах нь тухайн ойлголтын агуулгад нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгч нь Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны улмаас сумын Хурлын төлөөлөгчийнхөө хувьд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсаныг шүүх хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
II. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн долдугаар хуралдаан нь Хурлын төлөөлөгч нарт хуралдааны зарыг бүрэн хүргээгүй, хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын төслийг төлөөлөгч нарт хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй, Хурлын нийт төлөөлөгчдийн олонхи хүрэлцэн ирээгүй байхад хуралдааныг хуралдуулсан учир хуралдаан хууль бус болсон гэж маргажээ.
а/ Хуралдааны зарыг Хурлын төлөөлөгч нарт бүрэн хүргээгүй гэх үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч нь дээрх үндэслэлээ “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Э нь тухайн хурлын зарыг төлөөлөгч /П.Н, Ч.О/ нарт бүрэн хүргээгүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-т заасныг зөрчсөн гэж” тайлбарлажээ.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны зарыг хуралдаан болохоос 2 хоногийн өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн байх бөгөөд хуралдааны зарыг мэдэгдэхдээ төлөөлөгч миний эрхийг зөрчсөн зүйл байхгүй. Харин манай намаас сонгогдсон Хурлын төлөөлөгч П.Н, Ч.О нарын эрхийг зөрчиж, тэдгээрт хуралдааны зарыг мэдэгдэлгүйгээр хуралдсан нь хууль бус юм. Би намын бүлгийн ахлагчийн хувьд намаас сонгогдсон төлөөлөгчдийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар шүүхэд хандсан гэж тайлбарлажээ.
Шүүх А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.О-н нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд уг хэргийг хянахдаа тухайн маргаан бүхий хуралдаан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд Монгол ардын намын бүлгийн ахлагч гэж гаргасан боловч намын бүлгийн ахлагчийн эрх зүйн байдлыг холбогдох хууль, тогтоомжоор зохицуулаагүй мөн дээрх албан тушаалд нэхэмжлэгчийг томилсон гэх эрх бүхий байгууллагын шийдвэрийг шүүхэд ирүүлээгүй тул Хурлын төлөөлөгчийнх нь тухайд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн байж болзошгүй гэж үзэн захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Иймд нэхэмжлэгч нь манай намын бүлгийн өөр Хурлын төлөөлөгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчлөө гэж маргах эрхгүй байна.
Тодруулбал: Нэхэмжлэгч Ц.О өөрт нь Хурлын төлөөлөгч П.Н, Ч.О нараас тэднийг шүүхэд төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах талаар итгэмжлэл олгоогүй байхад тэдний эрхийг зөрчлөө гэж маргах нь үндэслэлгүй байна.
Хурлын төлөөлөгч П.Н, Ч.О нараас нэхэмжлэгч Ц.О шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах талаар итгэмжлэл олгоогүй болохыг мөн дурдах зүйтэй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Хуралдааны зарыг Хурлын төлөөлөгч нарт бүрэн хүргээгүй гэх” үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
б/ Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын төслийг төлөөлөгч нарт хуульд хугацаанд хүргүүлээгүй гэх үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч нь дээрх үндэслэлээ “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3. “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.” гэснийг зөрчсөн гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тухайн маргаан бүхий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэгдэх холбогдох тооцоо судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төсөл зэргийг хуралдаан болохоос 2 хоногийн өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр авч танилцсан, энэ асуудал дээр миний эрхийг зөрчсөн зүйл байхгүй. Харин манай намын бүлгийн 6 төлөөлөгчид дээрх материалыг 1 хоногийн өмнө тараана гэсэн хуулийн хугацаандаа тараалгүйгээр хуралдаан болдог өдөр тараасан нь дээрх төлөөлөгч нарын эрхийг зөрчсөн үйлдэл болсон. Би намын бүлгийн ахлагчийн хувьд намаас сонгогдсон төлөөлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар шүүхэд хандсан гэжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт , нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Ц.Ч , Д.С нарын мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч нь маргаан бүхий хуралдаанаар хэлэлцэгдэх холбогдох тооцоо судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төсөл зэрэгтэй хуралдаан болохоос 2 хоногийн өмнө буюу 2017 оны 12 сарын 16-ны өдөр танилцсан болох нь тогтоогдож байх тул дээрх үндэслэлээр хариуцагчаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Харин нэр бүхий эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх 6 Хурлын төлөөлөгчдийн тухайд өөрсдийгөө төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах талаар нэхэмжлэгчид итгэмжлэл олгоогүй тул нэхэмжлэгч нь дээрх нэр бүхий төлөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн талаар шүүхэд маргах эрхгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр “Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын төслийг төлөөлөгч нарт хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй гэх” үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
в/ Хурлын нийт төлөөлөгчдийн олонхи хүрэлцэн ирээгүй байхад хуралдааныг хуралдуулсан гэх үндэслэлийн тухайд:
А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 1 дүгээр тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 27 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, хавсралтаар нэрсийг баталжээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйл. “Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх” , 20.1.1. “Хурлын хуралдааныг товлон зарлах, ...”, 23 дугаар зүйл. “Хурлын хуралдаан” 23.4. “ ... бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна.”, 23.7. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно.”, 23.9. “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна.” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудын дагуу А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж, "иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долдугаар хуралдааныг хуралдуулах тухай” 73 дугаар тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долдугаар хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар товлон зарлажээ.
А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 27 төлөөлөгчтэй байх бөгөөд Хурлын нийт төлөөлөгчдийн 14 төлөөлөгч хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдаан хүчинтэйд тооцогдохоор байна .
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс тус Хурлын төлөөлөгч П.Н, Ч.З, Ч.Онар хоолонд ороод хоолоо идэж дуусаагүй, хурлын танхимаас гарч амжаагүй байхад хурлыг эхлүүлж хуралдуулсан. Дээрх 3 төлөөлөгчийг хуралдаанд оролцсон гэж тооцохгүй, ирц бүрдээгүй байхад буюу 13 төлөөлөгчийн ирцтэй 48.2 хувьтай хурал эхэлсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж маргажээ.
Тухайн маргаан бүхий хуралдаанд оролцсон гэх 16 төлөөлөгчийн 13 төлөөлөгчийн тухайд хуралдаанд оролцсон, оролцоогүй гэж маргаагүй бөгөөд харин төлөөлөгч П.Н, Ч.З, Ч.О нарыг тухайн хуралдаанд оролцсон, оролцоогүй гэж маргаж байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.Н, Ч.З, Ч.О нар шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “ ... Би өөрийгөө тэр хуралдаанд оролцоогүй гэж үзэж байна ... хуралдаан эхлэх үед төлөөлөгч нар хооллож байсан ... хоол ид гэж хурлын танхимд оруулаад ирц бүртгэсэн байна” гэж, маргаан бүхий хуралдааны ажлын хэсэгт орж ажилласан Т.Б, Ч.О, Б.Э нар шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ гэрч Т.Б : “ ...хурлын даргыг хурал эхлүүлэх үед Ардын намын бүлгээс төлөөлөгч П.Н, Ч.О бас нэг хүн байсан гэж бодож байна ... хурал нээхэд ардын намаас П.Н төлөөлөгч байсан түүний эсрэг талд Ч.О төлөөлөгч сууж байсан ...” гэх, гэрч Ч.О : “ ... хурал нээж, гар өргөөд ирц бүртгэсний дараа төлөөлөгч Ч.З эхлээд гарсан, дараа нь төлөөлөгч Ч.О гараад явсан, ингээд хэсэг хугацааны дараа хэлэлцэх асуудлаа хурлын дарга танилцуулж байх үед төлөөлөгч П.Н дуудагдаад гараад явсан. Эдгээр гурван төлөөлөгч нар нь хурлын ирцэнд бүртгэгдсэн ...” гэх, гэрч Б.Э : “ ... хурлын төлөөлөгч нарыг хоол идэж байх үед ирц бүртгээгүй ...” гэж тус тус мэдүүлжээ.
Шүүхээс үзлэг хийж, маргаан бүхий хуралдааны үйл явцыг бичсэн камераас хуралдааны бичлэгийг хуулбарлаж авсан бөгөөд уг бичлэгт бичигдсэн хуралдааны дэгийн төслийн танилцуулж, дэгийг батлах үйл явцад Хурлын төлөөлөгч П.Н, Ч.О нар хуралдаанд сууж байсан болох нь тогтоогдсон болно.
Мөн нэхэмжлэгч нь хэрэгт бичгийн нотлох баримтаар авагдсан маргаан бүхий хуралдааны тэмдэглэлийн хуралдаан эхэлсэн цаг хугацаатай маргадаггүй бөгөөд (нэхэмжлэгчээс) хуралдаан эхэлсэн цаг хугацаанд Хурлын төлөөлөгч Ч.З хаана байсан талаар тодруулахад “ хуралдааны танхимд хоол идээд сууж байсан” гэж хариулдаг бөгөөд энэ нь хуралдаан эхлэхэд хуралдааны танхимд Хурлын төлөөлөгч Ч.З нь байсан, хуралдааны ирцэнд бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл Хурлын төлөөлөгч П.Н, Ч.З, Ч.О нар нь маргаан бүхий хуралдаан эхлэх үед хуралдааны танхимд байсан, хуралдааны ирцэнд бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна гэж үзэв.
Иймд хуралдааныг орхиж гарсан Хурлын төлөөлөгч П.Н, Ч.З, Ч.О нарыг хуралдааны ирцэнд бүртгэн хуралдааныг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9.-д заасны дагуу явуулсан нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчөөгүй байна.
Иймд мөн “Хурлын нийт төлөөлөгчдийн олонхи хүрэлцэн ирээгүй байхад хуралдааныг хуралдуулсан гэх” үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Мөн хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэхэмжлэгчийг Хурлын төлөөлөгчийнхөө эрхийг эдэлж хуралдаанд оролцох нөхцөл боломжоор хангасан байх бөгөөд нэхэмжлэгч нь тухайн хуралдаанд өөрөө оролцоогүй байх тул хариуцагчийг нэхэмжлэгчийн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан төлөөлөгчийн бүрэн эрхийг эдлүүлээгүй байна гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.О-с гаргасан “А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн долдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоолгож, тус хуралдаанаас гарсан “Хуралдааны дэг батлах тухай” 01, “Ажлын хэсэг байгуулах тухай” 02, “Шийдвэр боловсруулах комисс байгуулах тухай” 03, “Тооллогын комисс байгуулах тухай” 04, “Хэлэлцэх асуудал батлах тухай” 05, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын тайланд үнэлэлт өгөх тухай” 06, “Үйл ажиллагааны хөтөлбөрт үнэлэлт өгөх тухай” 07, “Сумын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” 08, “Сумын 2018 оны төсөв батлах тухай” 09, “Үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт оруулах тухай” 10, “Суманд 2018-2020 онд хөгжүүлэх үйлдвэрлэлүүдийн чиглэл батлах тухай” 11, “2018 онд ойгоос хэрэглээний мод, галын түлээ бэлтгэх хэмжээ тогтоох тухай” 12, “Сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 13, “Орхон багт үйл ажиллагаа явуулж байгаа алтны уурхайнуудын үйл ажиллагааг зогсоох тухай” 14, “Дүйцүүлэх албанд авах иргэдийн тоог батлах тухай” 15 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14., 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7., 23.9., 24 дүгээр зүйлийн 24.3.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.О-с А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн долдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоолгож, тус хуралдаанаас гарсан “Хуралдааны дэг батлах тухай” 01, “Ажлын хэсэг байгуулах тухай” 02, “Шийдвэр боловсруулах комисс байгуулах тухай” 03, “Тооллогын комисс байгуулах тухай” 04, “Хэлэлцэх асуудал батлах тухай” 05, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын тайланд үнэлэлт өгөх тухай” 06, “Үйл ажиллагааны хөтөлбөрт үнэлэлт өгөх тухай” 07, “Сумын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” 08, “Сумын 2018 оны төсөв батлах тухай” 09, “Үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт оруулах тухай” 10, “Суманд 2018-2020 онд хөгжүүлэх үйлдвэрлэлүүдийн чиглэл батлах тухай” 11, “2018 онд ойгоос хэрэглээний мод, галын түлээ бэлтгэх хэмжээ т огтоох тухай” 12, “Сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 13, “Орхон багт үйл ажиллагаа явуулж байгаа алтны уурхайнуудын үйл ажиллагааг зогсоох тухай” 14, “Дүйцүүлэх албанд авах иргэдийн тоог батлах тухай” 15 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ