Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 115/2021/0006/З |
Дугаар | 221/МА2021/0535 |
Огноо | 2021-10-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2021/0535
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Г.Билгүүн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 22 дугаар зүйлийн 22.1.13, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/103 дугаар албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21/02 дугаартай хүсэлт дэх Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох...” асуудлыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд болон хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл агуулгыг хуульд зааснаар тодорхойлж хянан шийдвэрлэж чадаагүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “хариуцагчийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02/103 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан тоотыг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах, нэхэмжлэгч компанийн ХV-013211, XV-014031 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд нөхөх олговор олгохгүй байгаа Дорноговь аймгийн ИТХурлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нөхөх олговор олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан.
Шүүх тухайн шаардлагуудыг нь хянаж үзээд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаартай “нэхэмжлэлийн зарим шаардлагад захиргааны хэрэг үүсгэж, үлдэх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж” захирамжаар хариуцагчийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02/103 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан тоотыг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах шаардлагуудыг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн 3 дахь заалтаар “Э” ХХК-ийн ХV-013211, XV-014031 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд нөхөх олговор олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, даалгах шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.
Шүүхийн 50 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгчийн гаргасан маргаан бүхий захиргааны актыг “...хууль бус болохыг тогтоолгох болон хүчингй болгох” шаардлагын хүрээнд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шатанд 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодруулж, маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах, нэхэмжлэгч компанийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21/02 дугаар хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах гэж тодруулсан байдаг бөгөөд урьд 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гаргаж шүүх 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан маргаан бүхий захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага дээрээ хүсэлт хүлээн авч шийдвэрлэхийг даалгах гэсэн шинэ шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг.
Ингээд 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлагууд нь маргаан бүхий 02/103 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, тус албан бичгийг хүчингүй болгуулах, мөн нэхэмжлэгчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21/02 дугаар хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах болж 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдаанаар орсон. Шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг хянан хэлэлцээд шийдвэр гаргаж шийдвэрийн үндэслэх хэсгийн нэг дэх заалтаар “... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв” 6 дахь заалтад “...Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг үндэслэн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хариуцагчийн 02/103 дугаартай албан бичиг нь хууль бус болохыг тогтоож, уг шийдвэрийн улмаас хуульд заасан нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзэж, уг захиргааны акт болох хариуцагчийн 02/103 дугаар албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч компанийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21/02 дугаартай хүсэлт дэх Ашигт малтмалын тухай хуулийн 14.5 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 14.4 дэх хэсэгт заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох” асуудлыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд болон хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэж тус тус дурдаад шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар даалгаж шийдвэрлэсэн байдаг.
Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн гаргасан “...хууль бус болохыг тогтоолгох...” шаардлагыг шийдвэрлээгүй, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх үр дагавар үүсгэж байна.
Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргаж өгсөн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг хянаж үзвэл “...нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах бус нэмэгдүүлсэн ...” үйл баримт болохыг тодорхой харж болно.
Тодруулбал, урьд гаргасан маргаан бүхий захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлага дээрээ хүсэлт хүлээн авч шийдвэрлэхийг даалгах шаардлага шинээр оруулж нэмэгдүүлсэн бөгөөд энэ тохиолдолд анхан шатны шүүх тухайн шаардлагыг хариуцагчид гардуулж түүнд хуулиар олгосон хугацааны дотор хариу тайлбар гаргах эрхийг нь эдлүүлэх хуулийн зохицуулалттай байдаг. Гэтэл шүүх тухайн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг огт хэрэгжүүлэлгүйгээр 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдааныг явуулж тухайн шаардлагад хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1.1, 20.1.2 дахь хэсгүүдэд заасан хэргийн оролцогчийн эрх, 56.1.1, 57.1, 57.2 дахь хэсгүүдэд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.
Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий захиргааны актыг гаргасан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалын байдалтай холбогдуулан тухайн захиргааны актыг хууль бус болох үндэслэлүүдийн нэг юм гэж тайлбарлаж маргадаг. Нөгөө талаар энэ үндэслэлээрээ “..харьяалах дээд шатны байгууллага байхгүй..” гэж тайлбарлан урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ авалгүй нэхэмжлэлээ шууд шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэр гаргасан.
Дээрх үндэслэлээрээ хурлын нарийн бичгийн даргаас өгсөн хариу буюу шийдвэрлэлт нь хангалтгүй гэж үзвэ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хандаж гомдлоо гарган шийдвэрлүүлэх бүрэн боломжтой хууль зүйн зохицуулалт байсаар байхад шүүх дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй мэтээр дүгнэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3 дахь хэсгийг зөрчсөн зөрчил болсон.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан шүүхэд “...2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/103 дугаар албан тоотыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21/02 дугаар хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагчаас “...Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/103 дугаар албан тоот нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт биш, захиргааны акт гэж маргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд зааснаар гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй...” гэж маргажээ.
Маргаан бүхий Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/103 дугаар албан тоот бичгээр “Э” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21/02 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэсэн байх бөгөөд 1 дэх заалтаар “Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаартай захирамжаар танай компанийг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу нөхөн олговрын талаар шийдвэр гаргасан байгууллага албан тушаалтанд хандаж гомдол, хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэхийг тодорхойлон зааж өгсөн байхад танай компанийн зүгээс шүүгчийн захирамж гарсан 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс хойш Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн байна” гэж, 2 болон 3 дахь заалтаар бусад үндэслэлээ тусгаж хүсэлтийг бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж шийдвэрлэжээ.
Маргаан бүхий “Хариу хүргүүлэх тухай” 02/103 дугаар албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулсан байна.
Учир нь нэхэмжлэгч “Э” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21/02 дугаар албан бичгээр хариуцагчид хандан, “...Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тогтоох” гэж заасныг хэрэгжүүлж холбогдох шийдвэрийг гаргуулахыг хүссэн байх бөгөөд хариуцагч Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/103 дугаар албан тоот бичгээр татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37.2-д “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”-т заасан шинжийг агуулсан тул нэхэмжлэгчээс өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн үндэслэлээр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож холбогдох захиргааны акт гаргахыг захиргааны байгууллагад даалгах нэхэмжлэлийг гаргах боломжтой байх тул “захиргааны акт биш” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
Анхан шатны шүүхээс Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/103 дугаар албан тоотыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол ... нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж зааснаар хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь хуульд нийцсэн, хариуцагчийн итгэмжлгэдсэн төлөөлөгчийн “... Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд зааснаар гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй” гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий “Хариу хүргүүлэх тухай” 02/103 дугаар албан тоот нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт биш гэх гомдол үндэслэлгүй.
Нэхэмжлэгч “Э” ХХК-иас ашигт малтмалын хайгуулын XV-013211, 014031 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн нөхөн олговорт дүйцэх талбай олгуулахыг Монгол Улсын Засгийн газарт уламжилж шийдвэрлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гурван шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байх бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолд “...нөхөх олговор авах ... асуудлаар ... тухайн шийдвэр гаргасан орон нутгийн захиргааны байгууллагад, улмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Э” ХХК нь нөхөх олговор авах асуудалтай холбоотойгоор тохиролцон тогтоох тухай хүсэлтээ хариуцагч Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасныг буруутгах боломжгүй, нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдагдаж буй нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тохиролцон тогтоох асуудлыг хариуцагч Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “Хариу хүргүүлэх тухай” 02/103 дугаар албан тоотоор татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж, 14.5-д “...хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно” гэж, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “бусдын эзэмшил газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах” гэж тус тус заасантай нийцэхгүй байх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй тохиролцож нөхөх олговрын хэмжээг тогтоох үүргийг хариуцагч хүлээсэн байхад “Хариу хүргүүлэх тухай” 02/103 дугаар албан тоотоор татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэнгүй.
Мөн түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгч “Э” ХХК-иас Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/103 дугаар албан тоотыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагыг анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа “...“Эгшиглэнт-Уул” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21/02 дугаар хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах...” шаардлагыг нэмж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна. Дээрх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч хариуцагчид 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гардуулж, хуульд заасан “...нэхэмжлэлийг хариуцагч гардан авсанаас хойш долоо хоногийн дотор хариу тайлбар болон нотлох баримтаа шүүхэд ирүүлнэ...” гэснийг тайлбарлан өгчээ.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор хариуцагчаас хариу тайлбараа 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өгсөн байх бөгөөд тус өдрийн шүүх хуралдаанд даргалагч шүүгчээс “...шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шинэ нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар гаргах хүсэлт байна уу...” гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-аас “...байхгүй...” гэх хариуг өгч, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7-д “...хуулийн 112.1.3, 112.4.1, 112.4.2-т заасан маргааны нэхэмжлэлийг хариуцагч гардан авсанаас хойш долоо хоногийн дотор хариу тайлбар болон нотлох баримтаа шүүхэд ирүүлнэ”, 112.8 “...хуулийн 112.4.3-т заасан гомдлыг хариуцагч гардан авснаас хойш 7 хоногийн дотор хариу тайлбар ирүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хариуцагчийн эрхийг эдлүүлээгүй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН