Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 0020

 

   Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн  хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

   Нэхэмжлэгч: 00 оны 00 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, эмэгтэй, 48 настай, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай 2 дугаар баг, 16 дугаар байрны 3 тоотод оршин суух Боржигон овогт ******* /РД:ИЮ-/-ийн талийгаач Б.Хишигбаяртай хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

    Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:  Дамба овогтой Цэцэгдарь миний бие 2001 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс Бааст овогтой Хишигбаяртай гэр бүл болон хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2002 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр охин Х.Ариунзаяа, 2004 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүү Х.Отгонзаяа нар төрсөн. Манай нөхөр Хөтөлийн Цемент шохой ХК-ийн дулааны станцын засварчнаар ажиллаж, би өөрөө ажилгүй байсан. 2015 оноос нөхрийн маань бие нь муудаж эхэлсэн. Нөхөр Б.Хишигбаяр маань 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр уушигны хорт хавдар өвчний улмаас нас барсан. Охин Х.Ариунзаяа, хүү Х.Отгонзаяа хоёрт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэтэл гэрлэлтийн баталгаа байхгүй байсан учир хамтын амьдралтай байснаа шүүхээр тогтоолгоод ир гэсэн. Би урьд нь өөр хүнтэй гэрлээд хамт амьдарч байгаад больсон боловч тэр хүн олдохгүй байсны улмаас гэрлэлтээ цуцлуулж чадаагүй байсан юм. Иймд талийгаач Б.Хишигбаяртай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

     Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

    Нэхэмжлэгч *******ийг талийгаач Б.Хишигбаяртай хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу  онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэстэй байна.

   Учир нь нэхэмжлэгч ******* нь талийгаач Б.Хишигбаяртай 2001 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хамтран амьдарч тэдний дундаас 2002 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр охин Х.Ариунзаяа, 2004 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүү Х.Отгонзаяа нар төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, талийгаач Б.Хишигбаярын нас барсны гэрчилгээний хуулбар, өмнөх гэрлэлтийг цуцлуулаагүйг нотолсон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, талийгаач Б.Хишигбаярын ах Б.Дүүрэнбаяр, Б.Баярсайхан, нэхэмжлэгч *******ийн ах Д.Төмөрхүү нарын гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

    Иймд нэхэмжлэгч *******ийн Б.Хишигбаяртай амьдарч эхэлсэн хугацааг түүний тайлбар, гэрч нарын мэдүүлэгт үндэслэн 2001 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөр тооцож, амьдарч дууссан хугацааг Б.Хишигбаярын нас барсан өдрөөр тооцож тус тус тогтоосон болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

           ТОГТООХ нь:

    1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт *******ийг талийгаач Боржигон овогт *******ай 2001 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

   2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР