Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 75

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

    зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Зүүнхангай сумын Баянгол багт оршин суух, 1969 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЕ69011101, Дашаагийн Дэлгэрсайханд холбогдох,

      Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.103.207 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн дарга, Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сум хөгжүүлэх сангийн жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл 2.000.000 төгрөгийг жилийн 3 % хүүтэй, 18 сарын хугацаатай төрийн сантай гэрээ хийж авсан билээ. Иргэн Д.Дэлгэрсайхан нь гэрээний 2.2, 2.3, 2.6, 2.11 дэх заалтуудыг зөрчсөн тул гэрээний 2.10-д заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, торгууль /алданги/ нийт 1.068.641 төгрөгийг төрийн сангийн дансанд хийхийг олон удаа шаардаж, албан мэдэгдэл өгсөн, бидний тавьсан шаардлагыг биелүүлээгүй, зээлийн хугацаа хэтэрсэн. Иймд дээрхи үндэслэл бүхий гэрээ, албан мэдэгдлийг биелүүлээгүй иргэн Дашаа овогтой Дэлгэрсайханаас 1.103.207 төгрөгийг гаргуулж төрийн сангийн 150655401 тоот дансанд хийлгэж, төрийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ. 

            Хариуцагч Д.Дэлгэрсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: “Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сангийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.

            Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сан нь хариуцагч Д.Дэлгэрсайханаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.103.207 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.         

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Дэлгэрсайхан нь нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.103.207 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Д.Дэлгэрсайхан нь нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Хариуцагч Д.Дэлгэрсайхан нь нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.103.207 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага 1.103.207 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 31.027 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож, хариуцагч Д.Дэлгэрсайханаас 15.514 төгрөг гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй байна. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.103.207 /нэг сая нэг зуун гурван мянга хоёр зуун долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Дэлгэрсайхан хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Дэлгэрсайханаас улсын тэмдэгтийн хураамж 15.514 /арван таван мянга таван зуун арван дөрөв/ төгрөг гаргуулан төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

         3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Дэлгэрсайхан сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ