Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 76

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

               Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

              Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар багт оршин суух, 1978 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЙ78070210, Шангас овогт Сэтэнжавын Энэбишид холбогдох,

         Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Сум хөгжүүлэх санг төлөөлж тус сумын Засаг дарга Р.Төмөрчөдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 197 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2009-2010 оны өвөл, хавар тохиолдсон байгалийн гамшиг, зудын улмаас малаа хорогдуулж, малгүй болсон өрхийг малжуулах ажлын хүрээнд 3 дугаар багийн иргэн С.Энэбиш нь малжуулахын 1.700.000 төгрөгийг 2013 онд 40% буюу 680.000 төгрөг, 2014 онд 30% буюу 510.000 төгрөг, 2015 онд 30% буюу 510.000 төгрөг эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. С.Энэбишид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч 1.000.000 төгрөгийг төлж 700.000 төгрөг төлөөгүй байна. Иймд төлөөгүй 700.000 төгрөгийг 3 дугаар багийн иргэн С.Энэбишээс гаргуулж өгнө үү” гэжээ.

           Нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга Р.Төмөрчөдөр шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус сумын 3 дугаа багийн иргэн С.Энэбиш нь 700.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болно. Иймд танай байгууллагад хүргүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 172 тоот нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

             Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Сум хөгжүүлэх сан нь хариуцагч С.Энэбишээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 700.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Энэбиш нь нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 700.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч С.Энэбиш нь нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага 700.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 21.350 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож, хариуцагч С.Энэбишээс 10.675 төгрөг гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 700.000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Энэбиш биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Энэбишээс улсын тэмдэгтийн хураамж 10.675 /арван мянга зургаан зуун далан тав/ төгрөг гаргуулан төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ