Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1035

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Зулаа                 хөтлөн,

Улсын яллагч: А.Баясгалн,

Хохирогч: М.С,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б-т холбогдох эрүүгийн 1905000001321 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, 42 дугаар цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б.Б

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Баярхишиг нь 2019 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 баарны бүжгийн талбайд маргааны улмаас иргэн М.С-ийн нүүр тус газар нь маажиж нүүрэнд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 17 шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 бааранд бүжиглэж байгаад маргааны улмаас хохирогч М.С-ийн нүүрэн хэсэгт нь маажиж нүүрэнд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сард би найзуудтайгаа “+25” бааранд орсон. Тэнд бүжиглээд байж байхад энэ хүүхэн араас бөгсөөрөө түлхээд байсан. Би арагшаа эргэж хараад энэ хүүхнийг байна гэж харсан. Намайг түлхээд байсан гэсэн. Би санамсаргүйгээр бүжиглэж байгаад хүрсэн байх, харин албаар түлхээгүй. Гэтэл хэрүүл болоод зодолдсон. Тэгээд дундуур хүмүүс орж ирээд салгасан. Гэм буруутай үйлдэл хийсэн гэдгээ ойлгож байна. Маргах зүйл байхгүй..” гэх мэдүүлэг,

 

Хохирогч М.С-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 16-наас 17-ны өдөрт шилжих шөнө нөхөртэйгөө болон ажлын газрын хүмүүстэйгээ бааранд орсон. Пиво захиалчихаад бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад энэ хүүхэнтэй бөгсөөрөө түлхэлцээд хэрүүл болоод улмаар зодолдсон. Хохирлоо барагдуулмаар байна. Тухайн үед би 9000 төгрөгөөр сорвины тос авч түрхсэн. Нүүрээ маажуулсан тул ажилдаа 7 хоног явж чадаагүй. Өдрийн 80.000 төгрөгийн цалинтай. Иймд 569.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

 

Хохирогч М.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 16-ны орой найз залуу болон эгч Боргилцэцэг найз нарын хамт модны 2-н Парис нэртэй караокед ороод нэг шил архийг хувааж уугаад дараа нь 03 цаг өнгөрч байхад уг караокеноос гараад +25 нэртэй бааранд ороод хүний нэг нэг шил пиво захиалаад бүжгийн талбай дээр бүжиглэж байтал араас нэг хүүхэн бөгсөөрөө түлхсэн. Эргээд харсан чинь үл таних эмэгтэй бүжиглэж байсан. Би тоогоогүй бүжиглэж байтал дахиж араас түлхсэн. Эргээд харсан чинь нөгөө үл таних эмэгтэй гараараа миний нүүрийг самардсан тэгэхээр нь би үсдэж дараад байж байтал хүмүүс салгасан. Би ширээн дээрээ очоод ариун цэврийн өрөө орж толинд харсан чинь миний нүүрэнд хумсны сорив байсан. Баарны хамгаалагчид цагдаад дуудлага өгсөн. Миний согтолт гайгүй байсан. Би тэр хүнийг түлхээгүй эхлээд тэр хүнтэй хэрүүл маргаан хийгээгүй. Харин сүүлд намайг чамайг хараад өрөвдчихлөө харин ч багадуулчихсан байна гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

 

Гэрч М.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай найз охин С- ардаа байсан хүүхэнтэй түлхэлцээд хоорондоо маргалдаад уг хүүхэнтэй үсдэлцээд зууралдаад байхаар нь би салгаад ширээн дээр авч ирээд, манай найз охин Золжаргал гэх найзтайгаа ариун цэврийн өрөө орчихоод ирэхдээ нүүр маажсан байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь хамгаалагчид хэлээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/

 

Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...хамт явсан хүмүүс бүжгийн талбай дээр бүжиглэсэн. Би ширээн дээр сууж үлдсэн. Нэг мэдсэн чинь манай дүү нүүрээ маажуулчихсан ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/

Гэрч Н.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эхнэр Б-нарын хамт +25 баарнд 22 цаг болж байхад ороод нэг сет захиалж уугаад дараа нь бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Нэг харсан чинь манай эхнэрийг нэг эмэгтэй толгойн хойд хэсэг рүү нь цохисон. Шууд манай хүнийг үсдээд авчихсан доош нь дарж байхаар нь би болон манай найзууд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн “2019-11-17 3:30:31 цагт цаана бүжиглэж байсан хар өнгийн плажтай холбогдогч Б.Б цагаан өнгийн подволктой залуутай бүжиглэж байгаад цагаан өнгийн подволктой залуу Б.Б-ийг түлхэн налж бүжиглэх үед Б наашаа болохдоо хохирогч М.Саранцэцэгийг түлхэв.  Энэ үед хохирогч М.С албаар бөгсөөрөө холбогдогч Б.Б-ийг түлхэн дараа нь нуруу хэсэг рүү нь гараараа түлхэх үйлдэл гаргав. Энэ үед холбогдогч Б.Б эргэн харж хохирогч Саранцэцэгийг түлхэх үйлдэл гаргах хажууд байсан эрэгтэй нь голоор орж салгаж байв. ...Б.Б М.С нар өөд өөдөөсөө дайралцан хохирогч М.С эхлэн холбогдогч Б.Б-ийн баруун гараараа үснээс барьж авах ба энэ үед Б.Баярхишиг М.С-н үснээс барьж авах гэж гараараа толгой нүүр хэсэг рүү нь самардаж байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 29-35 тал/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 13922 дугаартай “...М.С-ийн биед нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 26 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт нотлогдон тогтоогджээ.   

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Б.Баярхишиг, хохирогч М.С нар нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 баарны бүжгийн талбайд үл ялих зүйлээс буюу бие биенээ түлхсэн үйлдлээс болж маргалдаж эхэлсэн, улмаар хоорондоо зодолдсон байх ба Б.Б-ийн хохирогч М.С-ийн нүүрэн хэсэгт маажсан үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол буюу баруун хацарт 2.2*0,5 см, 0,8*0,2 см, 1,0*0,3 см, зүүн доод зовхинд 1,0*0,2 см, 1,5*0,2 см, хамрын зүүн талд 1,0*0,2 см, зүүн хацарт 3,6*0,2 см, эрүүний зүүн хэсэгт 1,1*0,2 см хүрэн ягаан өнгийн зулгаралт бүхий гэмтэл учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 13922 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч М.С-ийг маажихад түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Сийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч нь хохирол, хор уршигт тооцон ажилгүй байсан хугацааны цалинд 560.000 төгрөг, сорвины тос авсан 9000 төгрөг, нийт 569.000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа ирүүлээгүй.

 

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж байна.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Б.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49 тал/, боловсролын талаарх баримт /хх-ийн 51-52 тал/ нотлох баримтуудаар шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байна. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Б-т мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэх ирүүлээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтов.

 

Шүүгдэгч Б.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.С нь хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, хяналтын камерын бичлэг бүхий Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА