Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1046

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

Улсын яллагч: Б.Батсайхан,

Шүүгдэгч: О.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905035341124 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1999 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Оргил худалдааны төвд ачигч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ч

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Яллагдагч О.Ч нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны гадна иргэн Б.Н-ыг сандал дээр сууж байхад түүний өмчлөлийн Самсунг А-10 /Samsung-А-10/ загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 312.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Ч-ыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч О.Ч нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны гадна иргэн Б.Н-ыг сандал дээр сууж байхад түүний өмчлөлийн Самсунг А-10 /Samsung-А-10/ загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 312.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ч-ын өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр найзтайгаа уулзчихаад жоохон архи уусан. Найзаасаа салаад “Фаламинго” баар руу чиглээд явж байхад 15 дугаар байрны гадаа нэг эгч утсаа оролдоод сууж байхаар нь буцаж явж очиод утсыг нь аваад зугтсан...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 29-ний оройн 24 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах 15 дугаар байранд Б гээд хүнтэй уулзаж бичиг баримт өгөх гээд орцны гадаа нь хүлээгээд сандал дээр суугаад Б-ний утасны дугаар руу залгаад орцны кодыг нь асуух гээд сууж байсан. Тэгтэл хажуугаар баруун гар талаас үл таних эрэгтэй урдуур алхаад явж өнгөрсөн. Удалгүй 2-3 минутын дараа тамхи татчихсан нүүрэндээ маск зүүчихсэн тэр залуу миний гарнаас Самсунг А10 маркийн гар утсыг булаагаад зугтаачихсан. Орцны жижүүрын хүний гар утаснаас гуйж байгаад цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд үзлэг хийгээд мэдүүлгээ аваад явсны дараа нь өөрийн гар утас руу тухайн оройн таксинд явж байсан хүний гар утаснаас гуйж залгахад над руу тэр эрэгтэй залгасан. Залгаад авахад нь би миний гар утсыг өгчих  эгч нь чам шиг эрэгтэй дүү нартай чамайг асуудалд оруулмааргүй байна гэсэн чинь та эгчээ тэгвэл Gmail кодоо хэлчих тэгвэл яг одоо би таны гар утсыг аваачиж өглөө гэхээр нь би юу яриад байгаа юм бэ миний дүү гэтэл утсаа тасалсан. Хар хөх өнгийн 3 канттай бэлтгэлийн өмд цамтай урдаа пасктай байсан. Тухайн үед орой байсан болохоор миний урдуур ганцхан тэр залуу эхлээд явсан, дараа наашаагаа ирэхэд нь би бас харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

 

Гэрч А.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 15 дугаар байрны 4 дүгээр орцоо шалгаад гадаа гарч ирсэн чинь 150 см орчим өндөр, махлаг шаргал буржгар үстэй эмэгтэй хүн дөнгөж сая нэг хүүхэд миний гар утсыг булаагаад зугтаачихлаа гэж байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө гар утсаар цагдаа дуудаж өгсөн...” /хх-ийн 44 тал/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч О.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Дүүхээ төвийн доод талд байрлах 15 дугаар байрны 4 дүгээр орцны үүдэнд нэг эгч гар утсаар яриад сууж байсан. Би хажуугаар нь өнгөрөөд явж байхдаа бааранд суух мөнгөгүй юм чинь гар утсыг булаая гэж бодсон. Тэгээд буцаж явахдаа гар утсыг нь гарнаас нь шүүрээд зугтаасан. Тэгээд шууд гэртээ очоод унтсан. Маргааш нь гэртээ байж байтал цагдаагийн газраас хүмүүс ирээд намайг аваад явсан. Би гар утсыг нь бүрэн бүтэн ямар ч эвдрэл гэмтэлгүй буцааж өгсөн. Анх дэлгэцний баруун дээд буланд хагарсан. Самсунг А-10 маркийн хар өнгийн гэргүй гар утас байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ахиж гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-42 тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 тал/,

 

Эд зүйл түр хураан авсан, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-25 тал/,

 

О.Ч-аас гар утсыг хураан авч, Б.Н-т хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 6-7 тал/,

 

“Дамно” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн БГ2-19-849 дугаартай хөрөнгийн үнэлгээний: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө Самсунг А10 загварын гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар ...нийт 312.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх-ийн 17-18 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч О.Ч-ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн үйлдэл нотлогдож тогтоогдсон байна.

                                                                                

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

         Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд заасан “дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч О.Ч-ын хохирогч Б.Н-ын эзэмшлийн эд зүйлс болох Самсунг А10 загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр булааж авсан үйлдэл нь “дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Мөн шүүгдэгч О.Ч дээрх үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

 

 

Иймд шүүгдэгч О.Ч-ыг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” буюу “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Ч-ын бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Н-т нийт 312.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-н 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн БГ2-19-849 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдсон байна.

       

Хохирогч Б.Н нь өөрийн эд зүйлийг биет байдлаар хүлээн авсан нь хавтаст хэргийн 7 дахь талд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч О.Ч нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч И.Д-ийн: “...Миний төрсөн хүү О.Чнь 1999 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Айлын ууган хүү болж төрсөн. 2003-2007 он хүртэл Нийслэлийн Баянгол дүүргийн 133-р цэцэрлэгт хүмүүжиж суралцаж төгссөн. 2008 онд Нийслэлийн Баянгол дүүргийн 78 дугаар дунд сургуульд элсэн суралцаж байгаад 2015 онд сургуулиас ар гэрт туслах хүнгүй болоод гарсан. Гэртээ өөрийн дүү Х-ыг өсгөж хүмүүжүүлж ирсэн. ...Архи уудаггүй. Тамхи хааяа татаж байгаа харагддаг. Эелдэг зөөлөн сэтгэлтэй. Бусдад тусч, худлаа ярьдаггүй. Биеэ даах чадвар сайн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/, 

гэрч Л.О-хын: “...Надтай хамт барилгын туслах ажилтан хийж байгаад одоо Оргил худалдааны төвд туслах ажилтан хийж байгаа. 2017 онд Биндэрьяа гэх охинтой гэрлэж дундаасаа нэг хүүтэй болсон. ...Аав ээжийнхээ үгэнд сайн ордог. Найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй хүүхэд...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/, О.Ч-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 53 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан, шүүгдэгч урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Иймд шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байдлыг тус тус харгалзан шүүгдэгч О.Ч-д хуулинд заасан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэхээр шийдвэрлэв.

 

 Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч-д тэнссэн хугацаанд зан үйлээ засах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй  гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Ч шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг зөрчсөн, эсхүл дахин гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий сиди хэргийн ач холбогдол бүхий нотлох баримт байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хавсаргах үндэслэлтэй болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.Ч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Чинбатад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Шүүгдэгч Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” буюу “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг журамлан шүүгдэгч О.Ч-д мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч-д тэнссэн хугацаанд зан үйлээ засах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, биелэлтэнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч О.Ч тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн,  санаатай гэмт үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА