Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 07

 

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн иргэн  Б.Хын нэхэмжлэлтэй,  

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох,   

           Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/29 тоот захирамжийг хүчингүй болгож, өмнө нь хариуцан гүйцэтгэж байсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын туслах, архив, няравын үүрэгт ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгч, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн 179 дүгээр тогтоолоор Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын Б/08 тоот захирамжаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд мэдээлэл, сүлжээ, хүний нөөц хариуцсан мэргэжилтнээр томилогдон, 2017 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын Б/06 тоот захирамжаар Мэдээлэл сүлжээ, хүний нөөц хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын Б/10 тоот захирамжаар “Даргын туслах, архив, нярав”-аар томилогдсон. 

Миний бие ажиллаж байх хугацаандаа өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухай бүрт нь чанартай сайн гүйцэтгэж, алдаа дутагдал, сануулга, сахилгын шийтгэл авч байгаагүй бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулалгүйгээр 2017 оны Б/29 тоот захирамж гарган намайг ажлаас чөлөөлсөн. 

Урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу миний бие гомдлоо гаргаж Төрийн албаны салбар зөвлөлөөс 2018 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр 02 тоот албан бичгээр хариу авсан. 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны Б/29 тоот захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 Улс төрийн албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр уг албан тушаалаас өөрчлөгдвөл энэ зүйлийн 6.1.14-т заасан ажилтан чөлөөлөгдөнө. Гэхдээ шинээр сонгогдсон буюу томилогдсон төрийн улс төрийн албан тушаалтан хүсвэл уг ажилтныг өөрт нь үйлчлэх орон тооны ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулж болно гэсэн хуулийн заалтыг үндэслэсэн байна. Энэ заалт нь төрийн улс төрийн албан хаагчид хамаарах бөгөөд төрийн захиргааны албан хаагч намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын туслах, архив, няравын ажлын байр нь даргын туслахаас гадна байгууллагын архив, бичиг хэрэг, няравын үүрэгт ажлыг гүйцэтгэдэг ажил юм. 

Даргын туслах, архив, няравын ажлын байр нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 57 тоот тогтоолоор баталсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтцэд байгаа ажлын байр юм. 

Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор бүтэц шинэчлэгдээгүй байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат нь захиргааны албан хаагч намайг хуулиас давсан эрх эдэлж, хууль бусаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. 

Даргын туслах, архив, няравын ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд даргын туслах, архив, няравын үүрэгт ажлыг даргын туслах, хүний нөөцийн мэргэжилтэн, нярав, гадаад харилцааны мэргэжилтэн гэх орон тоог шинээр бий болгож, уг орон тоон дээр төрийн албаны шалгалт өгөөгүй Э.Дулмааг томилон ажиллуулж байгаа болно. 

Хариуцсан ажилдаа нягт нямбай хандаж, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь гүйцэтгэж, алдаа дутагдал гаргаагүй байхад даргын туслах гэх улс төрийн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байна. 

Иймээс Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн иргэн Б.Хын нэхэмжлэлтэй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/29 тоот захирамжийг хүчингүй болгож, өмнө нь хариуцан гүйцэтгэж байсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын туслах, архив, няравын үүрэгт ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэв. 

Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Хыг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны мэдээлэл сүлжээ, хүний нөөц хариуцсан мэргэжилтнээр томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалтыг зөрчин Төрийн албаны зөвлөлд хүсэлт гаргалгүй шууд томилсон. Мөн дээрх албан тушаалаас чөлөөлж, “Даргын туслах, архив, нярав” гэсэн төрийн жинхэнэ албан тушаал биш ажилд томилсон боловч ТЗ-5-ын 3 дахь шатлалаар цалинжуулж, үр дүнгийн гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлтэй. Миний бие 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Б.Ход ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг холбогдох хуулийн дагуу өгсөн бөгөөд ажлаас чөлөөлөх захирамжаа Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалтыг үндэслэн зөв гаргасан гэж үзэж байна. Мэдэгдлийн 1 хувь надад байгаа болно. Б.Хын хүсэлт болон холбогдох хуулийг үндэслэн 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. 

Б.Х нь ажиллаж байх хугацаандаа ноцтой зөрчил гаргаж байсан. Тухайлбал 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилтнуудын хурал хийж Б.Гансүх дарга “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 57 дугаар тогтоолыг танилцуулсан тухай хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж байв. Үүний нотолгоо нь Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 29 тоот шийдвэрээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 57 дугаар тогтоол хүчингүй болсон явдал юм. 

Иймээс миний бие хуулинд заасан зөвхөн өөрт үйлчлэх “Даргын туслах”-аа өөрчилье гэж шийдсэн болно.  

Нөгөө талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 “ Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэсэн заалтыг зөрчин Б.Хын нэхэмжлэлийг хүлээж авсан байна гэж ойлгогдож байна. 

Иймээс Б.Хын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Хын хашиж байсан “даргын туслах, архив, нярав”-ын албан тушаалд тайлбар хийх нь зүйтэй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, мөн хуулийн 6.1.14-т заасны дагуу “хурлын  даргын туслах” нь улс төрийн албан тушаал. Аль ч байгууллагын хувьд архив, нярав бол төрийн үйлчилгээний албан тушаал байдаг. Тиймээс “даргын туслах, архив, нярав” нь төрийн захиргааны албан тушаал биш. 

Б.Х нь 2015 онд төрийн албаны шалгалтад орж, туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаал буюу сумын Засаг даргын Тамгын газрын албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн Б.Хыг тухайн үед аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Гансүх нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны “мэдээлэл сүлжээ, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн” гэсэн дэс түшмэлийн албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалтыг зөрчин Төрийн албаны зөвлөлд хүсэлт гаргалгүй шууд томилсон нь хууль зөрчсөн үйлдэл юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат нь өмнөх даргын туслахаар ажиллаж байсан Б.Хтой 2017 оны 6 дугаар сараас 11 дүгээр сарыг хүртэл 5 сарын хугацаанд хамт ажилласан бөгөөд Б.Хын үзэл бодол, ажилдаа хандах хандлагын талаар нилээд зүйлийг ярьдаг. Ганц жишээ хэлэхэд боловсруулагдаж байгаа албан бичгийн нууцлалын асуудал мөн хүний итгэл алдахуйц ноцтой зөрчил гаргаж байсан тухай хариуцагчийн хариу тайлбарт дэлгэрэнгүй дурдсан ба нотлох баримтыг хавтаст хэрэгт өгсөн. 

Дээрх бодит байдлуудыг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалт “улс төрийн албан тушаалтан” хуульд заасан үндэслэлээр уг албан тушаалаас өөрчлөгдвөл мөн хуулийн 6.1.14-т заасан ажилтан чөлөөлөгдөнө. 

Гэхдээ шинээр сонгогдсон буюу томилогдсон улс төрийн албан тушаалтан хүсвэл уг ажилтныг өөрт үйлчлэх орон тооны ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулж болно” гэж заасны дагуу хурлын дарга Б.Мөнхбат зөвхөн өөрт үйлчлэх ”даргын туслах”-аа өөрчилье гэж шийдсэн байдаг. Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 1 сарын өмнө мэдэгдэл өгсөн тухай нотлох баримт хавтаст хэрэгт хавсаргасан. 

Дээрх шийдвэрийг гаргахад дараах нөхцөл байдал бас нөлөөлсөн. Үүнд: 

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29 тоот шийдвэрээр хурлын даргын ажлаас чөлөөлөгдсөн Я.Эрдэнэхүүг “дотоод ажил, намын бүлэг хариуцсан мэргэжилтэн”-ээр эгүүлэн томилсон. 

2. Шүүхийн дээрх шийдвэрээр хүчингүй болсон мөн 2016.12.28-ны өдрийн Тэргүүлэгчдийн 57 дугаар тогтоолын дагуу Г.Эрдэнэтуяа нь “намын бүлэг, хороод хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалд ажиллаж байсан ба тухайн албан тушаалд Я.Эрдэнэхүүгийн өмнө нь хариуцаж байсан дотоод ажлын ихэнх чиг үүргийг хавсаргасан. Өөрөөр хэлбэл Г.Эрдэнэтуяагийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөд хүрсэн нөхцөл байдал. 

3. Г.Эрдэнэтуяа нь 2012.12.03-аас 2017.02.10-ыг хүртэл “бичиг хэрэг, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн”-ээр ажилласан ба “даргын туслах”-ын ажил үүргийг хавсарган гүйцэтгэж байсан. 2017 оны 12 дугаар сарын 27-ыг хүртэл “намын бүлэг, хороод хариуцсан мэргэжилтэн”-ээр ажилласан. Г.Эрдэнэтуяа нь төрийн албаны шалгалтад орж тэнцсэн, 2013 оны 05 дугаар сард төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн ажилтан. 

Тангаргийн хуудасны хувийг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Одоо Г.Эрдэнэтуяа нь “даргын туслах, бичиг хэрэг, нярав, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн”-ээр ажиллаж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.Х нь тус шүүхэд хандан “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/29 дүгээр захирамжийг хүчингүй болгож, өмнө нь хариуцан гүйцэтгэж байсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын туслах, архив, няравын үүрэгт ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргуулах тухай  “нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг ба энэ шаардлагуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан холбогдох нотлох баримтуудыг үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг.Нэхэмжлэлийг хэлэлцэх үндэслэл.

Нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд маргааны зүйл нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн Захиргааны хэргийн шүүхийн хянан хэлэлцэх маргаан байна гэж үзлээ. Учир нь Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамж нь захиргааны актын шинжийг бүрэн агуулсан, нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байсан байх тул Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан гэж үзэж, холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэх үндэслэлтэй гэж үзсэн болно.

Хоёр.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэл.

Нэхэмжлэгч Б.Х нь Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар даргын туслах, архив, няравын үүрэгт ажилд томилогдон ажиллаж байжээ. 

Маргаан бүхий акт болох Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/29 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтуудыг үндэслэн Б.Хыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын туслах, архив, няравын албан тушаалаас нь чөлөөлжээ. 

Нэхэмжлэгч Б.Хын ажиллаж байсан албан тушаалын ажлын байрны тодорхойлолт /хх- 69-72 дугаар тал/, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтнуудын ажил үүргийн хуваарь /хх- 19-25 дугаар тал/,  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын туслах, архив, няравын 2017 оны эхний хагас жилд хийсэн ажлын товч тайлан /хх- 32-34 дүгээр тал/, үр дүнгийн гэрээ /хх- 35-41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг үнэлэхэд түүний хийж байсан ажил үүргийн 80 хувь нь даргын туслахын, 20 хувь нь архив, няравын гүйцэтгэвэл зохих ажил үүрэгт хамаарч байгаа ба уг албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаал гэж үзэхээр байна.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т төрийн улс төрийн албан тушаалд  “ . . . сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна ”, 6.1.14-т “ улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал ” гэж тус тус заажээ. 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл шинээр сонгогдсон Хурлын дарга Бадарчийн Мөнхбатын Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Улс төрийн албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр уг албан тушаалаас өөрчлөгдвөл энэ зүйлийн 6.1.14-т заасан ажилтан чөлөөлөгдөнө . . .” гэж заасныг үндэслэн өмнөх хурлын даргын туслахаар ажиллаж байсан Б.Хыг даргын туслах, архив, няравын албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэснийг шүүх буруутгах боломжгүй байна.  

Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулж захиргааны актыг гаргахдаа Б.Ход өөрт нь биечлэн ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгч танилцуулсан болох нь хавтаст хэргийн 55 дугаар хуудсанд байгаа баримт, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хуралдаан даргалагчийн асуултанд нэхэмжлэгч Б.Хын өгсөн хариулт, хариуцагчийн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийн “... хариуцагч нь захиргааны актыг гаргахдаа хуульд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг явуулаагүй ...” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “ . . . нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.14, 6.4 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/29 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, өмнө нь хариуцан гүйцэтгэж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Хын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Х.ЭРДЭНЭТУЯА